Их мастер Б.Мөнгөнтуул “Сагаалха-2024”-д долоон жилийн дараа дахин түрүүлэв
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь их мастер цолтон байжээ. Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Т.Мөнхзул шалгарчээ.
Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байлаа.
Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн их мастер С.Билгүүн тав, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан дөрөвдүгээр байр эзэлжээ.