Үүрэг нуурт цөмөрсөн машиныг татан гаргажээ
Увс аймгийн Сагил сумын “Үүрэг” нуурын мөс цөмөрч ачааны автомашин суусан тухай дуудлага өчигдөр 21:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Увс аймгийн Сагил сумын Үүрэг багийн “Үүрэг нуурын шар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/-т “Үүрэг” нуурын мөс цөмөрснөөс ачааны автомашин суусан тухай дуудлага өчигдөр буюу гуравдугаар сарын 03-ны 21:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, “Бонго Пронтер” загварын ачааны автомашиныг татан гаргажээ.
Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 автомашиныг татан гаргаж, 14 иргэний амь насыг авран хамгаалжээ.