“Бүргэдийн баяр”-ыг чимсэн МОРЬТОН БААТРУУД

0

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бүргэдийн баяр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж буй. Тус наадмын үеэр бүргэдчидийн тэмцээн болохоос гадна олон янзын арга хэмжээ болдог. Үүний нэг буюу Бүргэдийн баярыг чимсэн морьтон баатруудыг онцолж байна. 

Монголчуудын өнө эртний соёл шувуулахуй, морьт харваа цаг хугацааны эрхээр мартагдан гээгджээ. Тэгвэл энэхүү мартагдсан өв соёлоо сэргээх зорилготойгоор “Монголын шувуулахуйн холбоо”, “Монголын Үндэсний морьт харвааны холбоо”-г Б.Болдбаатар үүсгэн байгуулжээ. 

“Бүргэдийн баярт бид өдгөө 11 дэх жилдээ оролцож байна. Эхлээд морин дээрээс харвадаг үзүүлбэр үзүүлдэг байсан бол үүнийг илүү баяжуулж, морин дээрээс олз шүүрэх, сээр хугалах, тулам булаалдах зэрэг өв соёлыг үзүүлбэр хэлбэрээр зочид, жуулчдад харуулж байна” гэж тэрбээр хэллээ.  

“Монголын Үндэсний морьт харвааны холбоо”-ны дэргэд Намнаа академи үүсгэн байгуулагджээ. Хурдан морины эрчит давхиан дунд нум сум харвахыг “Намнаа” гэдэг аж. Энэ жилийн Бүргэдийн баярын дийлэнх үзүүлбэрийг Намнаа академийн дайчид бүрэн бүрэлдэхүүнээрээ үзүүлж байгаа юм. Тус академийн сургалтын талбай нь Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолбортой залгаа байрлах хээр тал ба хүүхдүүдийг морь унах, харвах зэрэгт жилийн дөрвөн улирал харгалзахгүй сургадаг байна. 

“Манай холбооны хамгийн том зорилго өвөг дээдсийнхээ өв соёл, уламжлалыг этно спортоор дамжуулан залуу үед зааж сургах, тэднийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, дүүлэн нисэх далавчийг нь ургуулахын төлөө хичээн ажилладаг” гэж Б.Болдбаатар онцоллоо. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *