Цагдаагийн алба хаагчид иргэний амь аварчээ
СХД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “Н”-ыг шатаж буй гэрээс нь тус дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид гаргаж амь насыг нь аварчээ.
Цагдаагийн дэслэгч Ц.Содбилэг, цагдаагийн ахлагч О.Одбаяр нар нь хэлтэс дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхдаа цонхоор айлын хашаанаас их хэмжээний утаа гарч байхыг харжээ. Тус газарт очиход айлын гэр шатаж байсан байна. Алба хаагчдыг очиход гал түймрийн дуудлага мэдээллийг онцгой байдлын газарт өгөөгүй байжээ.
СХД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хоёр алба хаагч шатаж буй гэрт хүн байгааг мэдэж, нэн даруй яаралтай арга хэмжээ авч тус иргэний амь насыг авран хамгаалжээ.
Иймд иргэд та бүхэн ахуйн хэрэгцээндээ зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх, халалтаас урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй байж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.