Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон ч боловсруулах түүхий эдгүй сул зогсох нь…
Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орно. Үйлдвэрийн механик угсралтын ажлууд 2026 онд дуусаж, тохируулга туршилтыг 3-6 сарын турш хийсний дараа үйлдвэрийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй.
Түүх сөхвөл 2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг шийдвэрлүүлэхээр зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард байгуулсан. Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байсан юм. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна. Тиймээс маш бага ашиглалттай байгаа уг зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх саналыг Энэтхэгийн талд тавьж, 2023 оны наймдугаар сарын 17-нд дэд зээлийн гэрээнүүд байгуулж, эргэн төлөлтийг хойшлуулсан. Дэд зээлийн гэрээ нь зээлийн үндсэн төлбөрийг 64.5 сая ам.доллар байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж, EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн санхүүжилт болох 789.0 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин долоон жилээр сунгаад байгаа.
Уг үйлдвэрийг 2027 онд ашиглалтанд ороход газрын тосоор дотоодоосоо хангах учиртай. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин тамсаг” компанийн олборлосон түүхий газрын тосыг шинээр ашиглалтанд орох үйлдвэртээ боловсруулах юм. Одоогоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд олборлосон нийт газрын тосны 24 хувийг авч байна.
Гэтэл өчигдрийн /2024.04.02/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүнээс Монгол улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх АБГББХ-ны 2022.05.24-ний өдрийн Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилт”-ийг хэлэлцэх үеэр шинээр ашиглалтанд орох Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон ч түүхий эдгүй, сул зогсох эрсдэл үүсч байгааг ажлын хэсгийнхэн хөндлөө. Тодруулбал,
“Петрочайна Дачин тамсаг” компани 2012 онд жилдээ 1,5 сая түүхий газрын тос олборлоно гэж орд ашиглалтын төлөвлөгөө батлуулсан байдаг. Үүн дээр үндэслэн шинээр баригдаж буй Газрын тосны үйлдвэр ТЭЗҮ-ээ хийгээд жилдээ 1,5 сая тонн газрын тосыг боловсруулж, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл “Петрочайна Дачин тамсаг” 2015 онд хамгийн ихдээ 1,1 сая тонн газрын тос олборлосноос бусдаар жил бүр олборлолтынх нь хэмжээ буурч байгаа юм байна.
АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал: “Сүүлийн жилүүдэд Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор олборлолтын хэмжээ нь тогтмол буурч байгаа. Дөрвөн үндсэн гол шалтгаан байна. Нэгдүгээрт манай улсын төрийн байгууллагаас Бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ нэмэлт өөрчлөлтийг хий гэдэг шаардлага тавьж байгаа. Тухайлбал Татварын ерөнхий газраас актууд тавьж байна. Өнөөдрийн байдлаар 436 тэрбум төгрөгийн акт тавигдсан байна. Мөн НДЕГ-аас тавьсан 4,7 тэрбум төгрөгийн акт байсан. Үүнийг хүчээр биелүүлүүлсэн. ҮАГ-аас 66,5 тэрбум төгрөгийн акт тавигдсан байгаа. Мөн Дорнод аймгийн Аудитын газраас актууд тавигдсан байна. Хоёрдугаарт АМНАТ-ын асуудал. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд АМНАТ нь Монгол улсад орох бүтээгдэхүүнд орсон гэж байгаа. Гэтэл 2014 оны газрын тосны тухай хуулийн дагуу АМНАТ-ыг ногдуул гэдэг заалттай. Үүнийг Петрочайна компанийн удирдлагууд зөвшөөрөхгүй байна. Гуравдугаарт орон нутгийн болон ТББ-уудын эсэргүүцэл. Тухайлбал 2022 оны 7-р сард газрын тосны үнэ 100$-оос дээш байхад өдөртөө 2000 тонн түүхий тос олборлож, экспортлож байсан. Тэгэхэд Монгол улсад Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нэг өдөрт л 1 тэрбум төгрөг орж ирдэг байсан. Нэг ТББ 9 хоног зам хаахад л Монгол улс 9 тэрбум төгрөг алдаж байсан. Ийм гол шалтгаанууд байгаа. 2023 онд 630 мянган тонн газрын тос олборлох төлөвлөгөөтэй байсан. Үүний хөрөнгө оруулалтыг бид 200 сая$ гэж төлөвлөгөө төсвийг нь батлаж өгсөн. Гэтэл 48 сая$-ын гүйцэтгэлтэй л гарсан. Тэгээд 583 мянган тонн тос олборлосон. Энэ байдлаараа цааш явбал 2027 онд Газрын тосны үйлдвэр ашиглалтанд ороход жилд 300 мянган тонн газрын тос л нийлүүлэхээр байна.”
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “АБГББХ-ны тогтоолын хэрэгжилт “0” хувьтай байна. Жилд 300 мянган тонн газрын тосс олборлох юм бол шинээр ашиглалтанд орох Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээний ердөө 5 хувийг л хангах юм байна. Ийм л дүр зурагтай байна. Ийм хөрөнгө оруулалт Монгол улсад цаашид хэрэгтэй юмуу даа.”
Татварын Ерөнхий Газрын дарга Ч.Чимэдсүрэн: “Петрочайна Дачин тамсаг” ХХК-д нийт 4 удаагийн татварын хяналт шалгалт хийгдсэн. 2011 онд 350,13 тэрбум төгрөгийн акт тавигдсан. Энэ актыг Татварын маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгочихсон. Түүнээс хойш 2013-2017 онд татварын хяналт шалгалт хийгээд 312 тэрбум төгрөгийн татварын акт тогтоосон. 2018 онд 87 тэрбум төгрөгийн акт, 2019 онд 46,2 тэрбум нийтдээ 450 орчим тэрбум төгрөгийн акт тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. Дансыг нь хааж, битүүмжилсэн ч 2023 онд Засгийн газрын шийдвэрээр нээсэн.”
УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан: “12 төрлийн химийн бодис зөвшөөрөлгүй ашигласан байна. 4000мкуб тосоор бохирдсон шороог ил задгай хаясан гэнэ. Зөвшөөрөлгүй худаг гаргасан, ус ашиглалтын төлбөр төлдөггүй гэнэ. Хууль хэрэгжүүлдэг юм уу энэ байгууллага.”
“Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэж үг бий. Энэ үгийн биелэл Газрын тос боловсруулах үйлдвэр дээр гарах нь. Тамсагийн сав газар газрын тосны олборлолт хийж байгаа урд хөршийн энэ компани 450 орчим тэрбум төгрөгийн татварын акт тогтоолгочихсон. Түүнийгээ төлдөггүй. Байгаль орчин бохирдуулж байна. Хууль хэрэгжүүлдэггүй, татварын маргаан үүсгэдэг, төлөвлөгөөндөө хүрч ажилладаггүй энэ компанийн үйл ажиллагаанаас болж 2027 онд Монгол улс Газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ тууз хайчлахаас хэтрэхгүй байх эрсдэл үүсчээ.