Б.Энэбиш: Улсаа боддоггүй улстөржилт, Ерөнхий сайд нарын хувийн харилцааны асуудал ЭТТ ХК-ийг хүнд байдалд оруулж байсан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны Гүйцэтгэх захирал Б.Энэбиштэй ярилцлаа. Тэрээр 2008-2011 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ны Гүйцэтгэх захирал, 2010-2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын анхны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Түүний ажиллаж байх үед Монголын уул уурхайн хамгийн том бүтээн байгуулалт болох Таван толгойн нүүрсний уурхай болон Оюу Толгой төслүүд эхэлж байжээ.
-Эхний асуултаа цаг үеийн сэдвээр эхлэх үү. “Эрдэнэс Тавантолгой” компаний хувьцааны 2022 оны ногдол ашиг гээд Цагаан сарын өмнө 104 мянган төгрөг, 2023 оны ногдол ашиг гэж 256 мянган төгрөгийг хэд хоногийн өмнөөс Монгол Улсын нийт иргэдэд өгч байна. Таныг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2011, 2012 оны үед бас Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас мөнгө гаргуулж иргэдэд бэлэн мөнгө тарааж байсан. Энэ талаар таны бодлыг сонсоё?
-Иргэдэд мөнгө тарааж байгаа тэр үеийн болон өнөөдрийн үйл явдлын хооронд төстөй болон ялгаатай талууд байна. Сонгуулийн өмнө ногдол ашиг тарааж байгаа нь их танил, төстөй дүр зураг байна. Тухайн үеийн Засгийн газар 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж 2011 он болон 2012 оны эхний хагаст халамж хэлбэрээр мөнгө тараасан. Миний үед компани дөнгөж байгуулагдаж, хөрс хуулалтаа хийж байсан. Тэр үед эрх баригчид сонгуулиар амласан асар их мөнгийг олж ирэхийг даалгаж шахаад, бид нүүрсний борлуулалтын орлогоо урьдчилж аваад, түүнийгээ ирээдүйд улсад төлөх татварын урьдчилгаа төлөлт хэлбэрээр Сангийн яамтай гэрээ байгуулаад 337 тэрбум төгрөг Засгийн газарт өгч байсан. Харин одоо бол хувьцааны ногдол ашиг хэлбэрээр өгч байна. Монголын нутаг дэвсгэрт байгаа газрын баялаг, уул уурхайн өгөөж иргэдэд хүрдэг байх гол зарчмын үүднээс энэ бол зүй ёсны зүйл.
Нүүрсний үнэ сайн байгаа өнөө үед төрийн өмчит Монголын хамгийн том компани өндөр орлого олж, түүнээс 3.2 их наяд төгрөг нь цэвэр ашиг боллоо. Иргэд хувьцаанаас нь эзэмшдэг тул ногдол ашиг олголоо. Яг л болж байна. Иргэд уул уурхайн орлогоос ногдол ашиг хүртэх хэлбэрээр мөнгө авч байгаа нь уул нь газрын баялгаас хүртэлцэх явдлын сүүлийн шатны хэлбэр гэж хэлж болно. Манайхан өөрөө л ногдол ашиг хүртэж байвал тэр нь ганц ашиг хүртэж байгаа юм шиг өнгөц ойлгодог тал бий. Мэдээж ногдол ашиг авч байвал маш сайн. Гэхдээ үүнээс өмнө эхлээд орлоготой ажилласан уул уурхайн компани (ер нь бүх компани) улсад татвараа төлнө. Татвар улсын төсвийн орлогод шууд төвлөрнө. Төрийн өмчийн компани тул олсон бүх орлого нь шууд Засгийн газарт, улсын төсөвд бас очно. Хүмүүсийн цалин, тэтгэмж, халамж энэ мөнгөнөөс тавигддаг. Нийтийн хэрэгцээний төслүүд буюу зам, гүүр гэх мэт төслүүд энэ орлогоос санхүүжигдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 9.3 их наядын орлого олж, хэдэн их наяд төгрөгийн татвар төсөвт төлсөн байсан. Тэгэхээр Монголын иргэд “Эрдэнэс Тавантолгой” компаниас шууд болон дамаар асар их өгөөж хүртэж байгаа нь ойлгомжтой. Уул уурхайн салбарын экспорт улсын жилийн нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг. Үүнд нүүрсний эзлэх хувь дийлэнх бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” голлох буюу 50 хувиас илүү байна. “Эрдэнэс Тавантолгой” бас орон нутагт зам тавьж, нийгмийн үйл ажиллагаанд ихээхэн хандив өргөдөг. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК Улаанбаатарын хорт утааг багасгах ажлыг санхүүжүүлдэг, төмөр замууд барих болон газрын тосны хоолой барих санхүүжилтийг гаргадаг. Хажуугаар нь өөрийнхөө олон сая ам.долларын өртөгтөй ус хангамжийн төсөл болон угаах баяжуулах үйлдвэрээ барина. Ковидын онцгой үед айл өрхийн цахилгаан, дулааны өртөгийг тэглэх мөнгийг гаргалцсан. “Эрдэнэс Тавантолгой”-гүй юм ер нь байна уу. “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ арилжаалж гадаад валют овоо олж ирэхээр ам.долларын ханш тогтворжиж, улсын валютын нөөц нэмэгдэнэ. Аливаа юманд муу нэр зүүхээс илүүтэйгээр сайн эерэг талаас нь бас харж байх хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” шиг байгуулагдаад л шууд мөнгө олж ирж ашиг өгч эхэлсэн төсөл Монголын түүхэнд ер нь байна уу? Байхгүй шүү дээ. Ойролцоо жишээ яривал, “Эрдэнэт үйлдвэр” (адилхан ил уурхай) байгуулагдаад 15 орчим жил болж байж улсад дөнгөж татвар төлж эхэлсэн байдаг юм билээ. “Эрдэнэт үйлдвэр” байгуулсан өртөг ОХУ-д төлөх 11 тэрбумын их өрд багтан бүртгэгдэж байгаад сүүлд 30 жилийн дараа 250 сая ам.доллараар тэглэгдэж байсан. Сүүлийн 10 жилд санхүүжилт нь бэлэн төслүүд хэрэгжих гэж удаж хэдэн жил болж байгаа билээ. Хэдийгээр нүүрсний ил уурхайн ажил боловч дэлхийн хэмжээний төсөл тул эхлэлийн үед нь миний удирдсан хамт олон маш их ажил хийж, бэрхшээл, шахалт олныг туулж байж Тавантолгой төслийг амжилттай эхлүүлсэн юм. Улсын эдийн засгийн үндэс болсон энэ их баялаг мөнгийг бий болгоход оролцож байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажиллагсад, ялангуяа засаг, захирал өөрчлөгдөх бүрд халаа сэлгээний хямралд өртөж байсан анхны ажиллагсад бол талархууштай сайн үйлс хийхэд оролцож байгаа хүмүүс шүү.
-Хувьцаа, хувьцааны түүхийн талаар ярилцья. Монгол Улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаатай гээд ногдол ашгийн мөнгө одоо авч байна. Нэгэнт хувьцаа эзэмшигч юм бол хувьцаагаа зарж борлуулж болохгүй, компанийн үйл ажиллагаанд оролцож санал өгч болдоггүй байж болох уу. Та энэ асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?
-Түүх гэвэл, 2008 оны сонгуулийн өмнө нэг намын дарга нөхөр ялахын тулд иргэдэд 1 сая төгрөгтөй тэнцэх хувьцаа өгнө гэсэн чинь нөгөө нам нь тэгвэл манай нам 1.5 сая төгрөг иргэддээ өгнө гээд амлаад эхэлсэн юм. Уг нь өөрийн улсын иргэддээ хувьцаа, халамжийн мөнгө өгч болохгүй юм байхгүй л дээ. Буурай хөгжилтөй орон бүү хэл өндөр хөгжилтөй оронд иймэрхүү байдлаар эсвэл арай өөр хэлбэрээр тухайлбал, “нийтийн тээврийн үнийг тэд болгож бууруулна”, “даатгалын төлбөрийг тэглэнэ”, “оюутны болон бусад зээлийн өрийг хүчингүй болгоно” гэх мэт олон хэлбэрээр сонгуулийн популист амлалт болгох үзэгдэл байдаг. Иргэд Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшдэг, ногдол ашиг авдаг гэж байгаа нь аятайхан сонсогдох боловч хууль, бизнесийн талаасаа ихээхэн зөрчилтөй зүйл. Нэгэнт компанийн хувьцаа эзэмшигч бол санал өгөх эрхтэй байх хэрэгтэй, компанийн үйл ажиллагаанд оролцох болон гол нь өөрийнхөө хувьцааг зарж борлуулахаас эхлээд эдийн засгийн үүднээс захиран зарцуулах эрхтэй байх ёстой. Компанийн эрхзүйгээр уул нь ийм байх ёстой. Гэтэл энэ эрх нь анх олгосон 2011 оноос эхлээд хаагдмал, зөрчилтөй байсан. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигч бүх хүн компанийн үйл ажиллагаанд санал өгнө, оролцоно гэвэл бэрхшээлтэй, бөөн хэрүүл тэмцэл болж хувирах бүтэхгүй зүйл л дээ. Би хувьдаа зарах борлуулах эрхийг нь өгнө гэвэл 1990 оны үеийн хувьчлалын цэнхэр, ягаан тасалбар шиг юм болно гэж болгоомжилдог. Үүнийг засах арга замууд бий. Компанийн болон хувьцаатай холбоотой хуулиуддаа саналын эрхгүй, зөвхөн ногдол ашиг авч болох төрлийн тун тодорхой өөрчлөлт, нэмэлт оруулах нь зүйтэй. Компанийн хуульд давуу эрхийн хувьцааны зохицуулалт байгаа гэж магадгүй. Үүнээс өөр төрлийн илүү дэлгэрэнгүй, тодорхой зохицуулалт хэрэгтэй. А, Б эсхүл В класс төрлийн хувьцаа ч гэдэг юм уу, ийм зохицуулалттай байна гэдэг байдлаар. Зөвхөн ногдол ашгийн хуваарилсан мөнгө авдаг байх хэмжээнд бол ногдол ашиг авах эрхийн бичиг төдий байхаар хялбарчилж болно. Сонгодог утгаар Хүний хөгжлийн сан байна уу, Баялагийн сан байна уу түүгээрээ дамжуулж авдаг байж болно. Ямар ч байсан энэ нийт иргэдийн хувьцаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн компанийн эзэмшлийн бүтцийг тодорхойгүй болгож бантагнуулдаг. Одоо ч хэвээрээ байгаа бололтой. Компанийн хувь эзэмшлийн бүтэц гэдэг бол компани байгуулах, компани эзэмшилтийн үндэс бөгөөд тов тодорхой байх ёстой зүйл. Энэ зөрчилтөй бол эзэмшлийн зөрчил маргаан гардаг. Яг энэ байдал 2011-2012 онд Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжаалах (IPO хийх) явдлыг хойшлуулах эрхзүйн нэг гол шалтгаан болж байсан. Улсын Их Хурал, Засгийн газраас нэгж хувьцааны үнэлгээг 933 төгрөг байна гээд заасан нь компанийн үнэлгээг урьдчилж тогтоосон гээд бүр нэрмээс будлиан болсон. Компанийн үнэлгээ зах зээлийн журмаар тогтдог, гэтэл танай парламент, засгийн газар будлиуллаа гэж тэр үед хамтран ажиллаж байсан хөрөнгө оруулалтын банкууд хэлж байсан. Германы “Deutsche Bank”, АНУ-ын “Goldman Sachs”, Францын “BNP Paribas” гээд олон улсын хамгийн том хөрөнгө оруулалтын банкуудтай IPO хийхээр нэг жил гаруй хамтран ажиллаж бэлтгэж байсан юм. Нүүрсний үнэ олон улсын зах зээлд унаж эхлэх хандлагатай байна, мөн дээрх зөрчилтөй зүйлүүдээ арилгаж тодорхой болгоод нүүрсний үнэ сэргэж эхлэх үе хүртэл IPO-гоо түр хойшлуулья гээд 2012 онд хойшлуулж байсан. Сүүлд миний сонссоноор манайх нэг охин компани байгуулаад 2019 оны үед Хонгонгийн хөрөнгийн биржид IPO хийх гэж дахин оролдсон байх. Болоогүй шалтгаануудын нэг нь миний дээр дурдсан зүйлүүдтэй бас холбоотой болов уу.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн 13 жилийн түүхийг эргээд харахад энэ компани Монгол Улсын экспортын орлогын гол хэсгийг бүрдүүлж, эдийн засгийг нуруундаа үүрч ирсэн байна. Нөгөө талдаа, уул уурхай тойрсон улстөржилт, хэрүүл маргааны гол сэдэв байж иржээ. Тэр дунд 2011 онд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанитай байгуулсан гэрээний асуудал үргэлж яригдаж ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны захирлаар ажиллаж, энэ төслийг эхлүүлсэн хүний хувьд Чалкогийн гэрээ байгуулагдсан тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн хөшигний ард өрнөсөн үйл явцын талаар хамгийн сайн ярих хүн нь та болов уу. Зүүн Цанхийг эхлүүлсэн тэр түүхийг эргэн сөхвөл?
-Тавантолгойн нүүрсний орд бол их зохиолчийн алдартай шүлгийн маягаар хэлбэл “эцэг өвгөдөөс үлдээсэн газар нутагт өнөөгийн Монголчуудын үр өгөөжийг нь хүртэж байгаа байгалийн баялаг” юм. Социализмын үед илрүүлж, 1980-аад онд ордын жижиг хэсэгт нь орон нутгийн уурхай ажиллаж байсан. Тэр жижиг уурхай 1990-ээд онд хувьчлагдсан. 1997 оны Ашигт малтмалын хуулийн дараа дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох “BHP” энэ том коксжих нүүрсний ордын ашиглалтын лиценцийг эзэмшиж байгаад орхиод гарсан. Үүний Монголын хувийн хэвшлүүд эзэмшиж байгаад 2007 онд ордын 94 хувийг улсад буцаан өгсөний дотор Зүүн, Баруун Цанхийн хэсэг багтдаг. 2008 онд хоёр том намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж Оюу толгой, Тавантолгойн төслийг эхлүүлэх түүхэн шийдвэр гаргасан. Энэ үед миний бие Эрдэнэс Монгол компанийн захирлаар ажиллаж эхэлсэн. Миний геологи, уул уурхайн зохих мэдлэг, туршлага олж авсан хийгээд төрийн албанд хууль эрхзүйн чиглэлээр 10 гаруй жил ажилласан байдал энэ том төслүүдийг хариуцаж ажиллах шалгуур болсон байх. 2008-2009 онд Эрдэнэс Монгол компани Оюу толгой төсөл дээр бүтэн ажилласан. Үр дүнд нь гэрээ байгуулагдаж Оюу толгой эхэлсэн. 2010 оны зун Тавантолгой ордын Цанхийн зүүн хэсэг дээр хөрс хуулалт эхлүүлсэн. 2010 оны сүүлээр шинээр байгуулагдсан охин компани болох Эрдэнэс Тавантолгой ХК-д ордын ашиглалтын зөвшөөрлийг эхлүүлсэн ажилтайгаа шилжүүлсэн. Эндээс Эрдэнэс Тавантолгойн сайн, муу хэлэгдээд байдаг түүх эхэлнэ. БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанитай байгуулсан гэрээ бол Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсний борлуулалтын анхны гэрээ. Монгол-Хятад хоёр улсын хоорондын уул уурхайн хамгийн том гэрээ болсон. Яагаад гэрээ байгуулах болсон бэ гэвэл үндсэн 3 шалтгаантай.
Нэгдүгээрт, засгийн эрх барьж байсан намууд сонгуулийн амлалтаа хууль тогтоомж болгон хэлбэржүүлж тэрхүү популист амлалтыг биелүүлэх их хэмжээний санхүүжилтийг олж ирэхийг төрийн өмчит компанид үүрэгдсэн. Монголын хүн бүрд сар болгон өгөх 21.000 төгрөг, ахмад настанд өгөх 500.000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх 1 сая төгрөг гээд халамжид хэрэглэх их мөнгөний дийлэнх хэсгийг олж ирэхийг Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэс Монгол компанид даалгасан. Бүтээгдэхүүний (нүүрсний) урьдчилгаа борлуулалт маягаар олж ирэх хэлбэрийг нь нь хүртэл УИХ, Засгийн газрын шийдвэрт тусгасан байдаг юм. Нийлүүлэх нүүрсний борлуулалтын их хэмжээний орлогоо урьдчилж авах нөхцөл байдлаар олон компанитай яриа хэлэлцээ хийснээс өмнөд хөршийн төрийн өмчит хамгийн том компаниудын нэг болох “Chinalco” (Чалко)-той 6 сар орчим хэлэлцэж байж гэрээ хийсэн. Хамгийн товчоор хэлбэл өөрсдийн өсөн нэмэгдэж байгаа чадавхийн хэмжээнд нүүрсээ сар, улирал тутам ийм төлөвлөгөөгөөр нийлүүлнэ гээд Чалкогоос эхлээд 2011 онд 250 сая, дараа нь 2012 онд 100 сая ам.долларыг авч дийлэнхийг нь Засагт өгч байсан.
Хоёрдахь үндсэн шалтгаан гэвэл, олон улсын хөрөнгийн биржид IPO хийхэд компанийн бүтээгдэхүүн нь зах зээлд гарсан, цаашид нүүрсээ зарах нь баталгаатай байх хэрэгтэй байдаг. Ингэвэл компанийн үнэлгээ өсөж, ирээдүй нь харагддаг. Ийм учраас манай нүүрсний үндсэн зах зээл болох Хятадын том компанитай борлуулалтын гэрээ хийсэн юм.
Гуравдугаарт, үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байсан компанид эргэлтийн хөрөнгө шаардлагатай байсан.
-Дээрх асуултаа үргэлжлүүлье. Яг юунаас болоод энэ Чалкотой байгуулсан гэрээ ингэж олон жил яригдаж, УИХ-ын нүүрсний сонсгол дээр хүртэл сэдэв болж сөхөж яригдав аа. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?
-Чалкотой байгуулсан гэрээгээр ойрын 2-2.5 жилд гаргах бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэж тохирч, худалдан авагч талаас маш бага хүүтэй (жилийн 3 хувь) мөнгө авсан. Энэ мөнгө юунд зарцуулагдсан талаар би дээр ярьсан. 2011 оны долдугаар сараас эхэлсэн нүүрсний экспорт намайг ажлаа өгөх үе хүртэл буюу 2012 оны 11 сар хүртэл нэг жил 3 сарын хугацаанд ямарч асуудалгүй, тасралтгүй олборлолтоо хийж, харилцан тохиролцсон сар, улирлын графикаар нүүрсээ экспортлож, авсан мөнгөнийхөө бараг 50 хувьд дөхсөн буюу 165 сая орчим ам.долларыг нүүрсээрээ эргүүлэн төлж хаасан байсан. Ингээд би ажлаа өгсөн. Бүх юм гацсан, бас гацаасан. Ард нийтээрээ аваад идчихсэн, нүүрсээ тогтмол гаргаж төлөх ёстой мөнгийг төлөлгүй ажлаа зогсоож улсаа хорлосон тэнэглэл 2013-2014 онд болсон юм. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ эхэлж байсан зүйл бий. Үнэ унаж байсан ч 2013 онд нүүрсээ нийлүүлээд яваад байх бүрэн боломжтой байсан. Үнийн судалгаанаас харахад тухайн үед уурхай зогсоогүй бол нийт авсан 350 сая долларын бараг 90 хувийг 2013 онд өлхөн хаачих байсан юм. Жил шахуу гацааж, нүүрсний үнийг бүр унасан үед 2014 онд нэг эхэлмэр аядсан боловч гэрээгээ зөрчиж нүүрсний нийлүүлтээ зогсоосон учраас хүүний торгуульд давхар орсон юм билээ. Тэгээд юу болсон бэ гэхээр гэрээ буруу хийсэн байсан, нүүрсний үнэ 70 ам.доллараас буухаар хийсэн байсан гэж бухсан. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ угаасаа л зах зээлийн жамаар өгсөж уруудаж байдгийг хүмүүс одоо гадарладаг болсон байх. Газрын тосны үнэ, зэс, алтны үнэ төд болж өгслөө, уруудлаа гэдэг шиг. Гэрээнд зах зээлийн үнийн хэлбэлзлийн индексийн өөрчлөлт орууллаа гээд бүр дордуулж нүүрсний үнэ 2014 онд бүр 25 ам.доллар болсон. Харин 2015 онд миний хуучин багт ажиллаж байсан хоёр залуу түр хугацаагаар Гүйцэтгэх захирлаар дараалан үүрэг гүйцэтгэж байх үед ажлаа хугацаандаа эхлүүлж зүгшрүүлсэнээр 2016 оны хавар Чалкод төлөх мөнгө хаагдсан байх. Ийм л юм болсон юм. Үүний гол шалтгаан нь нөгөө л улсаа боддоггүй улстөржилт, сонгуулиар гарсан нам нь өмнөх эрх баригч намаа харлуулдаг, эхлүүлсэн ажлыг нь гацаадаг, Ерөнхий сайд нарын хувийн харилцааны асуудал, ажлаа мэддэггүй байдал, буруугаа бусдад тохдог өөдгүй зан байсан юм. Нүүрсний үнэ, гэрээний нөхцөл, тэр үеийн нөхцөл байдал гээд олон зүйл ярьж болох боловч ингээд товчлоё.
-Эрдэнэс Тавантолгой ХК 2020 билүү 2021 онд Чалкотой гэрээгээ дахин хэдэн жилээр сунгаж, бас 300 сая долларын урьдчилгаа мөнгө авсан гэж нүүрсний сонсгол дээр мэдээлэгдэж байсан. Та энэ талаар мэдэх үү?
-Энэ талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлтэй байна. Таны хэлснээр сонсгол дээр тийм зүйл сонссон. 2021 онд Чалкотой дахин гэрээ байгуулаад 300 сая ам.долларын нүүрсний урьдчилсан төлбөр авсан. Авсан мөнгөө 2023 онд нийлүүлсэн нүүрсээрээ барагдуулж бүрэн дууслаа гэж байсан. Нүүрсний үнэ сайн байгаад ажлаа гацаахгүй хийвэл ийм байдаг юм. Түрүүнд би хэлсэндээ, 2011 оны зун Чалкотой гэрээ байгуулж авсан мөнгийг 2014 он гэхэд төлөх бүрэн боломж байсан юмаа гэж.
Бидэнд Эрдэнэт үйлдвэр байсан тулдаа 1990-ээд оныг давсан шиг өнөөдөр ДНБ 6000 доллар хүрэхэд Тавантолгой, Оюу толгой хамгийн том нөлөө үзүүлсэн.
-Баруун Цанхийг эхлүүлсэн түүхийг эргэн сөхвөл 2012 оны аравдугаар сард шинэ уурхайн нээж хайчилсан тууз атгаж зогссон таны зураг одоо ч хэвлэлийн хуудсанд байдаг. Сонирхолтой нь, тухайн үед Баруун Цанхийг нам гүмхэн байдлаар даруухан эхлүүлж, тууз хайчилсан байдаг. Баруун уурхайн нээлтэд оролцсон та болон бусад хүмүүсийн зураг өнөөдөр хэвлэлийн хуудсанд түүх болон үлджээ. Уг нь, компани, улс төрийн аль ч өнцгөөс харсан энэ бол улс төрийн том тайз, шоу болох учиртай төсөл шүү дээ. Баруун Цанхийн уурхай яагаад ийм даруухан эхэлсэн юм бэ?
-Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэг бол зүүн хэсэгтэйгээ адил шахуу нөөцтөй, нүүрсний давхаргууд нь үргэлжилж байдаг зэргэлдээ талбай. Зүүн Цанхийн хэсэг дээр уурхай ажиллаж нүүрсээ гаргаж байсан. Харин Баруун Цанхийн хэсэг дээр Хятад, Орос, АНУ, Япон, Өмнөд Солонгосын том компаниудтай хамтарч төмөр зам, автозам, угаах үйлдвэр зэрэгтээ хөрөнгө оруулалт гаргуулан бэлэн мөнгөний урьдчилгаа, рояалти авах том санаатай хэлэлцээ Засгийн газрын түвшинд явагдаж байгаад бүтээгүй. Тийм учраас Баруун Цанхийн талбайд Эрдэнэс Тавантолгойд нүүрс олборлож эхлэхийг зөвшөөрдөггүй байсан. Уул нь зүүн хэсэгтээ уурхай нээгээд нүүрсний урьдчилсан борлуулалт хийгээд засагт их мөнгө олж өгсөн юм чинь одоо Цанхийн баруун хэсэг дээрээ бас хөрсөө хуулаад ажиллаж эхлэж байя, компанид мөнгө хэрэгтэй байна гэхээр болгоомжлоод зөвшөөрөөгүй. Тэгсэн бол Эрдэнэс Тавантолгой бага хэмжээний олборлолт хийж санхүүгийн хувьд аятайхан болох байсан. Ингээд Засгийн газрын түвшиний хэлэлцээ нь зогсож, сонгууль өнгөрсөн үед Баруун Цанхийн ТЭЗҮ-гээ батлуулсан байсан тул миний бие гүйцэтгэх захирлын хувьд бие даан уурхайн хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн нь тэр. Өөрөөр хэлбэл, өмнө нь ТУЗ-ийн гишүүддээ ойлгуулж байж компани дотооддоо шийдвэр гаргасан гэсэн үг. Ийм учиртай болоод даруухан эхэлж байсан түүхтэй. Ийнхүү компани зүүн хэсэг дээрээ олборлолт хийж уурхай ажиллуулж эхэлж байсан туршлагатай тул өөрсдөө Цанхийн баруун уурхайг эхэлсэн. Техник тоног төхөөрөмжөө базааж, ажилтнуудаа хуваарилж эхэлж байх үедээ 2012 оны намар би ажлаасаа чөлөөлөгдсөн. Дараа нь ажил бас л гацсан. Зургаан сар орчим гацаасан. Тэгээд миний дараагийн нөхөр дахин нээлт хийж өөр компаниар гэрээт олборлогч хийлгэж 2013 оны хавраас ажиллуулсан байсан. Бэлэн байсан зарим машин төхөөрөмжийг ашиглалтгүй орхиж хэрэггүй шаардлага хангахгүй машинууд авсан гэж өмнөхөө буруутгаж байсан хөгийн зүйл байдаг юм. Түүх болсон өнгөрсөн зүйл ярьж байгаа учраас дандаа өнгөрсөн цаг дээр ярилаа. Одоо харин Эрдэнэс Тавантолгой талбайн нэг хэсэгтээ өөрсдөө олборлолт хийх гэж байгаа бололтой дуулдаж байсан. Өөрсдөө олборлолт хийвэл зардал арай бага байдаг.
-Баруун Цанхийг нээсний дараа та ажлаа өгсөн. Тэрний дараа хууль, хяналтын байгууллагатай холбоотой асуудал эхэлж, та нэг ёсондоо “гэмт хэрэг хийгээд эх орноосоо дүрвэсэн хүн” болж хувирсан. Чухам энэ бүхний ард юу болсон талаар ярих боломжтой юу?
-Намайг 2012 оны намар ажлаа өгсөнөөс хойш гоочилж эхэлсэн. Миний удирдсан хамт олон Монголын түүхэнд тохиосон хоёр том ордыг эхлүүлэх ажилд оролцож, ялангуяа Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нүсэр ажил эхлүүлэн жигдрүүлж өгсөн байдаг. Эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж чадахгүй “Сайн юманд садаа мундахгүй” гэдэг үнэн үгний биелэл тэнд болсон юмдаа. Нөгөө орд нь 2011 онд эдийн засгийн эргэлтэд аль хэдийн орчихоод, ажиллаад их хэмжээний орлого олж ирээд байхад “эдийн засгийн эргэлтэд оруулнаа..” гэж яриад яваад байдаг молхи хэллэг 2018-2019 хүртэл улстөрчдөөс голдуу гарч байсан нь инээдтэй санагддаг байсан. Таны асуулттай төстөй асуултыг нүүрсний сонсгол удирдаж байсан Б.Энхбаяр гишүүн асуугаад би хариулсан. Миний бие хууль зөрчсөн, буруу хийсэн зүйл байхгүй бөгөөд тэр үед Монголд үүссэн ‘шударга бусын хонгил’-оор эхний ээлжинд чирүүлэхгүйн тулд гэр бүлээрээ хэдэн жил гадаадад амьдарсан. Харин Монголын уул уурхайн том төслүүдийг эхлүүлснийхээ төлөө хэлмэгдэж, золиос болсон юмаа гэж хэлсэн. Тэр хариултаа энд давтая.
-Бид өнгөрснийг багагүй дурслаа. Мөн саяхан болж өнгөрсөн нүүрсний сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр өнгөрсөн хугацаанд хуралдсан олон асуудал ил боллоо. Та ч гэсэн анхны захирлын хувиар гэрчээр оролцож, тайлбар өглөө шүү дээ. Түр хорооны дүгнэлтийг үндэслэн УИХ-ын тогтоол гарч, гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Мэдээж энэ бол нэг үр дүн. Таны хувьд нүүрсний сонсголын үр дүнг хэрхэн харж байна вэ.
-УИХ-ын Нүүрсний сонсгол сайн болсон. Тавантолгой ордын үйл ажиллагаа хэрхэн эхэлж, дунд нь яаж завхарч, одоо ямар байгаа зэрэг бүгд яригдсан, хүмүүс мэдээлэл авсан. Бусад орнуудын парламент дээр болдог тэр жишгийн хүрээнд болсон гэж бодож байна. Би залуу байхдаа гадаадын парламентын тийм сонсголууд дээр дадлагжигчийн хувиар сууж сонирхож байсан. Сая болсон шиг тийм л болдог юм билээ. Магадгүй манайх арай өргөн хүрээтэй, олон хоног болсон байх.
-Хамгийн гол нь, цаашид энэ компани дээр дахиж ийм асуудал үүсгэхгүйн тулд өнөөгийн эрх баригчид юуг анхаарч, өөрчлөх шаардлагатай байна вэ гэдэг дээр мэргэжлийн хүний хувьд танд ямар бодол, шийдэл төрж байна вэ?
-Энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой Монголын эдийн засагт хэр их үүрэг гүйцэтгэж байгааг нь ярихгүй мөртлөө дандаа муу зүйлүүдийн талаар яриад байдаг. Тийм ойлголт төрүүлээд байдаг. Аливаа юм хоёр талтай, бас олон ч талтай байдаг. Тал талаас нь ярьж байх нь зүйтэй болов уу. Тавантолгой дээр үүссэн асуудлууд дандаа улс төрөөс, улстөрчид оролцож нөлөөлдгөөс болсон, шалтгаалсан байдаг. Төрийн өмчит компани тул Засгийн газар буюу хувь эзэмшигчийнхээ шийдвэрийг дагаж биелүүлэх л байх. Харин тэр шийдвэр нь оновчтой, компанийн чадавхи, бодит байдалд нийцсэн баймаар байна. Хэдэн доллар олж ирэнгүүт нь хуу хамаад зүсэн зүйлийн юманд зарцуулна. Эсвэл тухайн үеийн чадавхиас нь илүү мөнгө олж ир гэж үүрэгдэнэ. Гүйцэтгэх удирлагыг илүү хараат бус ажиллуулах хэрэгтэй байна. Улирал, магадгүй сар бүр хөндлөнгийн шалгалт аудит хийж, гаргасан бүх шийдвэр, ажлыг нь хянаад явах боломжтой.
Миний үед төлөвлөөд эхэлж байсан 20-40 сая тонн нүүрс олборлох хоёр уурхай, төмөр зам, нүүрс угаах баяжуулах үйлдвэрийн төслүүд маш их хэл ам, хэрүүл тэмцэл дагуулж байж одоо 10 жилийн дараа дөнгөж болох дөхөж байх шиг байна. Нүүрсний үнэ гайгүй байгаа дээр эдгээрээ хурдан амжилттай дуусгачихвал цаашдаа тэгээд л орлого, ашиг. Тавантолгой бол Монголын эдийн засагт асар их, Оюу Толгой, Эрдэнэтээс илүү нөлөө үзүүлээд эхэлсэн байгаа. Цаашдаа ихээхэн нэмэгдэнэ. Хүмүүс олон арван жил үр шимийг нь хүртэнэ. Одоо компани хувьцаагаа зарна, олон улсын хөрөнгийн биржид IPO хийнэ гээд хэрэггүй биз ээ. Одоогийн байгаа байдлаараа IPO хийхэд түвэгтэй олон асуудал үүсдэг юм билээ. Миний дээр дурдсан тухайн үед IPO хойшилж байсан шалтгаануудаас гадна төрийн өмчит компани тул парламент, Засгийн газрын гаргасан шийдвэрүүдээс болж компанийн ТУЗ дээр шийдвэр гаргахад сонирхолын зөрчилд орох, улс төржилт, дотоодын хэл амнаас болоод гадны хувьцаа эзэмшигчдийн зүгээс олон улсын шүүхэд дуудагдаад салахгүй байж мэдэх гэх мэт эрсдэлүүд үүсч болно. Орлогоо монгол өөрсдөө хүртэж байсан нь дээр. Харин юмыг яаж мэдэх вэ, эдийн засгийн онцгой хэрэгцээ гарах, хэцүү хямрал бэрхшээл тохиовол хувьцаанаасаа зарж мөнгө олж болох юмдаа.
-Монголын уул уурхайн салбар өнөөдөр 100 насыг зоогложээ. Яг түүх сөхвөл 100-аас хол өндөр настай юм билээ. Гэхдээ 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж, 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” Зүүн Цанхид олборлолт явуулж эхэлснээр дэлхийн жишигт нийцсэн Монголын уул уурхайн шинэ түүхийн хуудас эхэлсэн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Нэг ёсондоо бид жинхэнээсээ уул уурхай хийж эхлээд ердөө 10 гаруй жил болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу. Мэдээж өнгөрсөн хугацаанд алдсан, оносон зүйлс ч олон байлаа. Гэхдээ өнөөдөр эргээд харахад Монголыг тэжээж байгаа энэ хоёр төслийг эхлүүлэхэд гол үүрэг оролцоотой байсан хүмүүсийн нэг нь яах аргагүй та. Тэгвэл эргээд харахад Монголын уул уурхай 10 жилийн өмнөхөөсөө хэр хол алхаж чадав аа?
-Урагшилж байна аа. Тавантолгой төсөл Монголын эдийн засагт ямар их нөлөө үзүүлдэг болж байгаа тухай бид хоёр нэлээд ярилцлаа. Цаашдаа ч нэмэгдэнэ. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орлоо. Улам их зэс, алт гаргана. Хилийн боомтуудын нэвтрэх чадвар нэмэгдэж байна. Дэд бүтэц, төмөр замгүй бол нүүрсний уурхай гуравны, дөрөвний нэг нь л гэсэн үг. Бөөн юм болж байж төмөр замаа хилээр холбох юм шиг байна. Гол нь хурдан хийх, гацаалгүй хийх нь чухал. Дэд бүтэц сайжрах хэрээр бусад дунд зэргийн нүүрсний болон ашигт малтмалын бусад ордууд эргэлтэд орно. Манай улс 1990-ээд оны үеийг Эрдэнэт байсан тулдаа давсан. Одоо Таван толгой, Оюу толгой 2008-2012 онд эхлэсэн тулдаа манай эдийн засаг өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 6000 ам.долларын хэмжээнд хүрч байна. 2006-2012 оны үеийн геологи хайгуул, уул уурхайн огцом хөгжлийн үед дээшилсэн иргэдийн амьдрал одоо болтол энэ зэрэгтэй яваад байна. Одоо идэвхтэй байж Францын талтай гэрээгээ хурдан байгуулж ураны төслөө эхлүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. Өмнөх үе нь янз бүрээр хэлэгдэн байж хийх ёстой зүйлүүдээ хийсэн байна. Одоо өнөөгийн ажил хариуцаж байгаа үеийнхэн энэ үед хэтэрхий ухарч яриад байлгүй ажлаа хийх хэрэгтэй байна. Дэд бүтэц гэснээс, цахилгаан дулааны үнэ нэмнэ энэ тэр гэж иргэдээ дарамтлаад байлгүй нүүрсний болон нар, салхины цахилгаан станцуудаа барих хэрэгтэй байна. Аль миний үед манай багийнхан Таван толгойн цахилгаан станц барих талаар Германы алдарт “Siemens” групптэй ТЭЗҮ хийж эхлүүлэх гээд олон удаа ярилцаж байсан. 12 жил өнгөрчээ. Одоо уул уурхайгаас олж байгаа орлоготой, мөнгөтөй болж байна. Хийе гэвэл төсөвт татвараар цугласан мөнгө ч байгаа. Өмнөх 20-оод жилд мөнгөгүйн зовлон, хөндлөнгийн гацаалтад орж байжээ. Ингээд байж болохгүй бөгөөд эрчим хүчгүй бол амьдалгүй, хөгжил яриад бүр хэрэггүй тул тендэр энэ тэрээ болиод шууд хийх хэрэгтэй байна.
-Оюутолгой, Тавантолгой төслүүд эхэлсэн үе буюу монголчууд бүгдээрээ шахуу уул уурхайг сонирхох болсноос хойших цаг хугацааг тооцвол уул уурхайн салбарт бий болсон ололт, алдаа юу байв аа?
-Ололтын талаар би дээр хэлсэн. Алдаа гэвэл улс төрийн, бодлогын тогтворгүй байдал, зан төлөвийн хувьд бидний тэвчээргүй, хэлсэндээ хүрдэггүй байдал гол алдаа. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хэт их маргалдаж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж явуулсан, бүр хууль хүчнийхэн улстөрчидтэй нийлж бизнесийг нь булааж байсан гэдэг биз дээ. Хайгуулын зөвшөөрлийн ажиллагааг 2013 онд зогсоосон явдал хортой зүйл болсон. Нэг намын эрх барьж байх үед эхэлсэн ажлыг нөгөө нь зогсоож улс орноо хохироож баймааргүй байна. Бүх нийтээрээ уул уурхайн талаар буруу ойлголт авах дөхсөн. Ашигт малтмал, уул уурхайн төслийн явц, хэрэгжилтийн талаар “Tenger TV”-ээр тайлбарлаж гаргаад байгаа шиг товчхон хөөрхөн зохиомжтой нэвтрүүлгүүд ч мэдлэг, зөв ойлголтод тустай.
-Монголын уул уурхай гадаадын хөрөнгө оруулалтын эрэлд дахин гарч, дараагийн том төслүүдийг нээхийг эрмэлзэж байна. Засгийн газрын хувьд критикал минералийн чиглэл хамтран ажиллахыг урьж, олон улс руу мессеж өгч эхэлсэн. Таны хувьд Монголын уул уурхайд дараагийн ямар боломж харагдаж байна вэ?
-Юуны өмнө геологийн хайгуулын ажлыг эрчимжүүлмээр байна. Монголын нутаг дэвсгэр бол бага, дутуу судлагдсан газар. Юмаа хайж байж л олно, шинээр олж нээнэ биз дээ. Хөрөнгө оруулалтын орчноо, ялангуяа татварын зохицуулалтаа ерөнхий биш, их тодорхой болгох хэрэгтэй байна. Дандаа татварын маргаанд орж, арбитардаж байдаг. Хувийн бодлын хувьд “Тавантолгой, Оюу толгой төслүүд гацалгүй төлөвлөснөөрөө яваад, алтны ордууд, зэс болон нүүрсний дунд зэргийн хэдэн орд, ураны төслөө амжилттай ажиллуулбал манайх хэр баргийн хямралд барьц алдахгүй’ гэж Үндэсний шуудан сонин болон “Mining Journal” сэтгүүлд 10 жилийн өмнө ярьсан байснаа саяхан сөхөж харсан. Би ингэж л боддог.
-Ярилцсанд баярлалаа.