Л.НАНЖИД: ОСЛЫН УЛМААС ГАРЫНХАА МЭДРЭЛИЙГ АЛДСАН ӨВЧТӨНДӨӨ АНХ УДАА ХИЙМЭЛ ҮЕ СУУЛГААД, “БАЯРЛАЛАА ЭМЧ ЭЭ” ГЭЭД ДАЛЛААД ГАРАХЫГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙЛАА

0

Үхэл амьдралын мөнхийн тэмцэл өрнөж, минут, секундтэй  уралдан ажилладаг газар бол ГССҮТ.  Эмч, ажилчид эмнэлгээ шар байшин гэлцдэг. Энэ л шар байшингийн хаалгаар ухаангүй эсвэл гэмтэлдээ шаналан орилж орж ирэх иргэдийн цуваа тасардаггүй.  Гэхдээ тэд алтан гартай эмч нарынхаа ачаар хөл дээрээ босож, “Баярлалаа эмч ээ” гээд гардаг юм. Бид энэ удаа тус эмнэлгийн Гар сарвууны гэмтэл согогийн мэс засалч их эмч Л.Нанжидтай Монголд анх удаа нэвтрүүлсэн тохойн үе, атгаал ясны дутмагшлыг нийлмэл хиймэл үеэр солих мэс заслын талаар болон мэргэжлийнх нь талаар ярилцлаа.

          Түүний аав эмч болох мөрөөдөлтэй байжээ. Харин Л.Нанжид эмч аавынхаа хийж чадаагүйг хийхийн тулд тэрбээр хүүхэд ахуй наснаасаа эмч болохыг хүсэж, мөрөөдөж эхэлсэн гэнэ. Мөн түүний өвөө эмнэлгийн хүртээмж хүрэлцээгүй байх үед гурван сумын эмчээр давхар ажилладаг байжээ. Л.Нанжид эмч  Анагаахын хоёрдугаар курсийн оюутан байхдаа Гэмтлийн эмнэлгийн хаалгаар алхаж ороод хэдийнээ 20 гаруй жилийг ардаа үджээ. Эмч байх хугацаандаа гадны оронд үнэтэй хийгддэг хагалгааг Монголдоо  үнэ төлбөргүй хийхийг хүсдэг. Мөн бусад орны иргэд манай улсыг зорьж ирэн эмчлүүлдэг болгохыг хүсдэг талаараа тэр ярьж байлаа. Л.Нанжид эмч сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд л гурван шинэ төрлийн хагалгааг баг хамт олонтойгоо хамтран нэвтрүүлжээ. Ингээд түүний ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТОХОЙН ҮЕ, АТГААЛ ЯСНЫ ДУТМАГШЛЫГ НИЙЛМЭЛ ХИЙМЭЛ ҮЕЭР СОЛИХ МЭС ЗАСЛЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

-Сайн байна уу, эмч ээ. Эх орондоо шинэ төрлийн хагалгаа нэвтрүүлсэн танай баг хамт олонд баяр хүргэе.

         -Баярлалаа. Энэхүү мэс заслыг нэвтрүүлэхэд тусалж дэмжсэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв ийн захиргаа болон “Мөнгөн гөлтгөнө” компанийн хамт олонд баярлалаа. Хамгийн гол нь үргэлж нэгдэж, гар нийлж чаддаг Гар сарвууны гэмтэл согогийн тасгийн хамт олондоо баярлалаа. Мөн баяр хүргэе.

-Тохойн үе, атгаал ясны дутмагшлыг нийлмэл хиймэл үеэр солих мэс заслын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

                – Манай ГССҮТ эмч нараа үргэлж дотоодын болон гаднын сургалт, судалгаанд хамруулж байдаг. Үүний үр шим нь эхнээсээ гараад, үр дүнгээ өгөөд явж байна. Миний хувьд гадны сургалтад явах бүрдээ “Энэ хагалгааг Монголдоо хийвэл иргэдийнхээ мөнгө,  цаг хугацааг хэмнэх юм байна” гэж бодож, судалдаг.  Энэ хагалгааг хамгийн ойрын газар багадаа 30-40 сая төгрөгөөр хийдэг. Гэтэл манай дээр үнэ төлбөргүй хийж байна.

-Тухайн өвчтаний бэртлийн талаар цухас  ярьж өгч болох уу?

                Өвчтөний хувьд авто осолд ороод, машины хаалганы завсар гараад хавчуулсан байсан. Анх осолд ороод ирэхэд нь бутарсан ясыг нь түүж авч, эмчилгээ хийсэн. Үнэндээ гарыг буцаж хадахгүй боломжгүй байсан учир энэ хагалгааг хийхээр болсон юм. Тэгээд  зургаан сар биеийг нь ажиглаж байгаад, өнгөрсөн тав дахь өдөр 10 см хиймэл үе суулгасан. Бид БНХАУ-руу тухайн хүнийхээ гарын зураг, шинжилгээг явуулаад яг өөрт тохирсон үеийг авчирсан.  Хагалгааны маргааш өвчтөн маань гараа бүрэн мэдэрдэг болоод, хоёр гараараа  нүүрээ угаах, цай уух зэрэг бүх үйлдлийг хийдэг болсон. Тэгээд өвчтэй байсан гараараа “Баярлалаа эмч ээ” гээд даллаад гарлаа. Эмч хүний хувьд үүнээс илүү жаргалтай мөч байхгүй байх.  Дараагийн хагалгаагаа 14 хоногийн дараа хийхээр бэлтгэж байна.

-Өнгөрсөн нэгдүгээр сард мөрний үе солих хагалгаа мөн шинээр нэвтрүүлсэн байсан. Тэр талаар яриа дэлгээч?

        –Манай Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн. Ингээд хоёр жилийн хугацаанд шинээр гурван хагалгаа хийж эхэлсэн баяртай мэдээтэй байна.

Манай тасагт дээд мөчний хугарал, мултрал, дээд мөчний үе солих мэс засал, мөчдийн судас шөрмөсний гэмтлийн мэс засал, тасарсан мөч залгах, яс зөөлөн эдийн дутмагшлыг нөхөн сэргээх бичил мэс заслаас гадна төрөлхийн болон олдмол согог засах мэс заслын тусламж  зэрэг эмчилгээ хийгдэж байгаа. Өдөрт дунджаар төлөвлөгөөт болон яаралтай 20 орчим хагалгааг хийнэ.

Хиймэл үе суулгуулсан тохиолдолд юуг анхаарах вэ?

                -Хагалгаанд орсны дараа амьдралын чанар дээшилдэг. Гэвч биеийн хүчний ажил хийх,  хүнд юм өргөх зэргээр ачаалал өгч болохгүй.  Бид өөрсдөө анх удаа нэвтрүүлж байгаа учир үр дүнг хараагүй байна. Харин гаднын орны судалгааг харахад 20-25 жилийн хугацаанд асуудал үүсэхгүй гэдэг нь нотлогдсон. Гэхдээ хувь хүний гам барилтаас энэ хугацаа хамаарна.

-Та эмч тэр тусмаа гар сарвууны тасгийн эмч болохоор шийдсэн юм бэ. Хүүхэд ахуй насны мөрөөдөл байв уу?

                -Өвөө минь эмч байлаа. Аав минь эмч болох мөрөөдөлтэй байсан ч чадаагүй юм. Тэгээд хүүхэд байхад “Миний хүү эмч болох юм бол сайхан даа, сурлага сайтай юм чинь боломж байна” гэдэг байлаа. Тэгээд л эмчийн мэргэжлийг сонирхож эхэлсэн. 

-Эрүүл салбарт ажиллаад хэчнээн жил болж байгаа вэ?

          -Хоёрдугаар курсийн оюутан байхдаа дадлага хийхээр эмнэлэгээ ирж байлаа.  Анх жижүүрт хоносон өдрөө одоо ч тод санаж байна. Хичээлээ 16:00 цагт тарж ирээд, өглөөний 07:00 цаг хүртэл жижүүр хийсэн юм. Тэгэхэд цаг яаж өнгөрсөн нь мэдэгдэхүй бужигнасаар өнгөрч байсан. Тэр өдөр л мэргэжилдээ илүү дурлаж, “За би гэмтлийн эмч болох ёстой юм байна” гэж бодож эхэлсэн. Тэгээд сургуулиа төгстөл дадлага хийгээд, төгсөөд резидент эмчээр ажилласан. Үүнээс хойш  18 жил болсон байна. Манай эмнэлэг эмч нараа бүх талын мэдлэгтэй болгохын тулд тасаг тойруулж, мэргэшүүлдэг юм. Миний хувьд доод гэмтлийн тасагт зургаан жил ажилласан. Үүнээс хойш энэ тасагтаа ажиллаж байна.  

-Эмч байхын хамгийн сайхан нь юу вэ?

                -Эрүүл мэндийн салбар цалин багатай, ийм тийм гээд зарим хүн муулж л байдаг.  Гэхдээ эмч хүний жаргал их. Өнөөдөр би гурван өвчтөнөө эрүүл болгоод, эмнэлгээс гаргалаа. Тэгэхдээ “Баярлалаа” гээд захидал өгөөд, инээгээд явлаа.  Ухаангүй орж ирсэн өвчтөнөө инээгээд үдэх шиг жаргал хаана байна.

-Танай тасагт ихэнхдээ ямар шалтгааны улмаас бэртсэн хүмүүс ирж байна вэ?

                -Хүйтний улиралд халтирч унахдаа гараа тулж унасан. Зуны улиралд авто осол, ахуйн гэмтэл элбэг байдаг. Мөн цахилгаан багаж, мод таслагчийг хамгаалалтгүй ашиглаж байгаад хуруу, гараа тастаад, бэртээгээд ирдэг. Бид уг нь хэвлэл мэдээллээр дамжуулан тогтмол сэрэмжлүүлэг хүргэдэг. Гэвч энэ бүхэн бэртэл хэзээ ч дуусдаггүй нь харамсалтай.  

-Цаашдаа ямар төрлийн хагалгааг эх орондоо нэвтрүүлэх бодолтой байгаа вэ?

                -Аль болох олон зүйлийг нь хиймээр байна. Ахмад үеийн зааж, зөвлөж ирсэн багш нараасаа сурсан зүйлээ залуу эмч нарт сургамаар байна.  Хүний амь насыг хариуцаж байгаа бидэнд алдах эрх байхгүй.  

-Ярилцсанд баярлалаа.  Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

                -Баярлалаа.       

   ГССҮТ-ийн 2023 оны статистик мэдээллээс үзвэл, Яаралтай тусламжийн тасагт 168 мянга орчим хүн үйлчлүүлсний 34 хувь буюу 57.626 нь гар сарвуу дээд мөчний гэмтлийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 3948 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3575 нь мэс засал эмчилгээ хийлгэжээ.  Тиймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.

Эх сурвалж: ergelt.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *