О.Амгаланбаатар: Надаар пост бичүүлдэг улс төр гэж юу байх вэ. Гэхдээ залуус дэмжиж байгаа хүндээ саналаа өгөх ёстой
Өчигдөр урлаг соёлын алдартнууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа илэрхийлж, өөрсдийн үзэл бодлоо цахим хуудсан дээрээ нийтэлсэн байдаг. Тэгвэл жүжигчин О.Амгаланбаатар ч мөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан ижил утгатай байж болохуйц нийтлэлийг бичсэн нь олны дургүйцлийг хүргэсэн. Үүнд тэрбээр дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал,
“Өчигдөр цахим орчноор ижил утгатай, зохион байгуулалттай пост явж байхаар нь түүнийг нь элэглээд өөрийн хаяг дээрээ пост бичтэл хүмүүс сөрөг сэтгэгдэл их үлдээсэн байна. Угтаа бол хэн нэгнийг дэмжиж бичсэн зүйл биш. Ёгтолсон агуулгатай нийтлэл байхад хүмүүс ямар их уурлаж, бухимдаж байна аа. Надаар пост бичүүлдэг улс төр гэж юу байх вэ дээ.
Гэхдээ ам нээвэл уушги нээ гэдэг. Залуучуудыг улс төр ярилаа гээд муулдаг. Миний хувьд ийм асуудалд оролцдоггүй. Гэхдээ улс төрийн идэвхтэй байх, оролцоотой байх нь буруу зүйл биш биз дээ. Өөрсдөө үзэл бодлоо илэрхийлж, саналаа хэлж, өөрийнхөө дэмжиж байгаа хүндээ саналаа өгдөг байхгүй бол сонгогдсоных нь дараа уурлаад байна гэдэг нь утгагүй зүйл гэж бодож байна. Бас дээр нь шинэ залуус гарч ирж байна.
Н.Амаржин л гэхэд их том юм яриад байгаа ч гарч ирчхээд ажлаа хийхгүй бол би шууд зодно. Тиймээс ямар хүн гаргамаар байна тэр хүндээ залуус саналаа өгөх ёстой. Би энэ сонгуулиар хэн нэгнийг дагаж явахгүй, харин ийм хүмүүсийг сонгож болохгүй юм гэдэг дээр үзэл бодлоо илэрхийлнэ. Ерөнхий сайдыг дэмжээд байгаа юм байхгүй шүү” гэжээ.