ЖОЛООЧ: Нүүрсээ ачуулах гэж ОО байхгүй газарт 2-3 хоног дугаарлаж, кабиндаа амьдарч байна

0

Өнөөдөр “Боомтын сэргэлт-Автотээвэр 2024” чуулган болов. Тус чуулганаар нүүрс тээврийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, тээврийн жишиг тариф болон эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус чуулганд нүүрс тээврийн жолоочид, ЗТХЯ, Баян зам тээвэрчдийн холбоо, ХЭҮК-ын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр нүүрс тээврийн жолоочдын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Нүүрс тээврийн жолооч С.Нэмэхбаяр “Одоогийн байдлаар жолоочдын нэг сарын цалин 600 мянган төгрөг болчихсон. Нэг ээлжийн буюу гарааны үнэ 200 мянган төгрөгийн үнэлгээтэй байна. Сардаа нийт гурван удаа нүүрсээ тээвэрлэнэ. Нэг удаадаа нүүрс ачиж, буулгахад 2-3 хоног болно. Хүүхэд хуурч байгаа юм шиг нүүрсээ аччихаад буулгалгүй 10 хонодог. Яг хуваарийн дагуу ачаад, буулгаад зохицуулж болно шүү дээ.  Жорлон ч байхгүй газар дугаарлаж, амьдрах гээд ажиллаад л байна шүү дээ. Жолоочид автомашиныхаа кабинд л амьдарна.

Өмнө нь 1 тонн ачааны үнэлгээ 100 юаниас буудаггүй байлаа. Нэг сардаа тав, зургаан сая төгрөгийн цалин авдаг байв. Гэхдээ тэр цалингаасаа түлш, хүнс авна, татвараа төлнө. Үлдсэнийг нь гэр бүлийнхэндээ зарцуулдаг байв. Хувийн машинтай жолоочид бол маш хэцүү байдаг. Авто зам ашигласны төлбөрт 500 мянган төгрөг, түлшний мөнгө, нийгмийн даатгал, татвараа төлнө. Төр бол ашгаа бодохоос биш жолоочдын эрх ашгийг бодох ч үгүй. Би 14 жилийн турш нүүрс тээвэрлэж байгаа ч одоо бол шантарч байна” гэв.

“Баянзам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Сүүлийн тав, зургаан жилийн  турш нүүрс тээврийн нөхцөл байдал хүндэрч, мухардалд орчхоод байна. Тийм учраас энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Одоогоор нүүрс тээвэрлэлт эрс багассан. Энэ салбарт худалдан авагч нар буюу гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд давуу эрхтэй болчихсон. Дотоодын нүүрс тээврийн компаниуд энэ салбараас шахагдаж байна. Үндэсний компаниуд нийтдээ 300 тэрбум гаруй төгрөгийн банкны зээлтэй гэх судалгаа бий. Гэтэл эхнээсээ төлбөрийн чадваргүй болж, байшин, машинаа хураалгаад эхэлчихсэн.  Дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн бол эсрэгээрээ Таван толгойн ордын бүх ажилчид буюу жолоочдын цалин эрс буурсан. Цар тахлын үед эдийн засгийг тогтоож үлдсэн тээврийн салбар одоо яагаад уруудаад байна вэ.  

Нүүрс тээврийн салбарт янз бүрийн эрх ашгийн төлөөх олон төлөөллүүд бий болсон. Тиймээс энэхүү чуулганаар тогтсон дээд зөвлөлттэй болох, төртэй хэн харьцахаа тодорхойлох болно. Ковидын үед нэг ээлжийн нүүрс тээвэр 40 сая төгрөг байсан. Гэтэл одоо 400 мянган төгрөг буюу 100 дахин буурчихсан. Одоогоор тээвэрчид нүүрсээ хилээр гаргаад, буцаж ирээд түлшээ худалдаж аваад, ашиг 0 төгрөг. Яг энэ системээр ажиллахыг тулгаад гурван сар болж байна. Тээвэрт явахгүй гэхээр дарамталдаг. Уул уурхайн салбар тээврийн тусгай тарифгүй байгаа учир гадаадын худалдан авагч нар аманд орсон үнээ хэлдэг. Ашиггүй тээвэр санал болгочхоод тээвэрт явахгүй гэхээр өөрсдийнхөө маш олон ачааны машинаар тээврээ явуулчихдаг. Ингэхээр үндэсний компаниудын тээвэрчид ажилгүй болчхож байгаа юм.

Нийт машины 15 хувь нь л дотоодын компаниудынх үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай. Улсын бүртгэлд гадаадын хөрөнгө оруулалттай  компаниуд цөөхөн бүртгэгдсэн байдаг. Гэтэл нэг толгой компанитай тэрийгээ үржүүлээд олон монгол хүний нэр дээрх охин компаниуд зөндөө бий. Энэ асуудлыг тогтоох аргачлалыг гаргаж ирэхгүй бол зөвхөн улсын бүртгэлийн бүртгэлийг хараад С зөвшөөрөл олгодог байж болохгүй. Хэн гэдэг хөрөнгө оруулагчаас санхүүжилт авч олон тооны шаланз авчхаад зээлтэй жижиг дотоодын компаниудаа шахаж гаргаад байгаа юм бэ. Тиймээс санхүүгийн эх үүсвэр, толгой компанийг нь тогтоож, шударга өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Олон улсын жишигт санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаа нотолдог.  

-С зөвшөөрлийг ямар шалгуураар олгодог вэ?

-“С” зөвшөөрөл бол БНХАУ, Монгол Улс хоорондын хэлэлцээрийн дагуух хилээр нэвтрэх зөвшөөрлийн цаас юм. Гэтэл өнөөдөр 25 мянган машинаас 8 мянган машин нь “С” зөвшөөрөлтэй. Энэ нь тэнцвэргүй байдал үүсгэчихсэн. Засгийн газрын 362-р тогтоолоор “Эрдэнэс Таван толгой” ХХК “С” зөвшөөрлийг олгодог болсон. Тэгэхээр худалдан авах ажиллагааны хуулиар компаниуд тендер зарлахдаа маш доод үнийн дүнтэй тендер зарлачихна. Тухайн тендерт компаниуд доод үнээр өрсөлдөж байгаа юм. Жишээлбэл Эрдэнэс Таван Толгой-оос 55 мянгаар нүүрсээ тээвэрлэхэд болно гэж заахад манай компаниуд ажилтай үлдэхийн тулд 3000 төгрөг болтол буулгаж байна. С зөвшөөрлийг цэвэрлэх гэж оролдохдоо мэргэжлийн байгууллагуудын санал хүсэлтийг оролцуулахгүй шийдэл гэж нэрийдээд нэг тогтоолд хавсаргачихсан. Олборлогч, худалдаалагч, уурхай С зөвшөөрөл олгоно гэх заалт оруулчихсан. Тэгэхээр бүхэлд нь С зөвшөөрлийг л өгөх ёсгүй. Тэгэхээр Эрдэнэс Таван Толгой биржээр нүүрсээ худалдаалахдаа зөв хуваарилалт хийх шаардлагатай байна.  

Нүүрс тээвэрчид одоо ч жагссаар байна. Учир нь худалдан авах болон худалдан авагчийн гэрээг шилэн болгохыг шаардаад байгаа юм. Тэр гэрээнд жишиг тарифыг мөрдүүлэх заалт оруулах шаардлагатай. Одоо бол нэг дарга нь Wechat-аар өнөөдөр нэг гарааны нүүрсний үнэ 150 мянга, маргааш 100 мянган төгрөгөөр тээвэрлэнэ гээд л байж байдаг. Ийм байж болохгүй. Жолоочид жагсаад ч нэмэргүй болчихлоо шүү дээ.

-Жолоочдын цалин дунджаар хэд байдаг вэ?

-Таван толгойн бүлэг ордод 40 мянган жолооч бий. Бидний хэлдгээр цалинтай жолооч буюу компанид харьяалагддаг жолоочдын дундаж цалин 900 мянгаас нэг сая болчихсон. Өмнө бол ээлжийн нэмэгдэл гэж авдаг байсан. Гэтэл тэр нэмэгдлийг олгох чадвартай компаниуд алга. Харин худалдан авагч компани цалингаа өгөөд явж байгаа. Учир нь өөрсдийнхөө хямд худалдаж авсан нүүрсээ, машинаараа тээвэрлэдэг. Тэнд байгаа жолоочдын эрх ашиг гэхээр зүйл байхгүй. Гэртээ харьж чаддаггүй, сард гурван удаа л нүүрсээ ачуулж байна. Нүүрсээ ачуулж, буулгахын тулд 2-3 хоног дугаарладаг. Тэд гэртээ очих гэхээр цалингаа хот хоорондын тээврийн зардалд өгчих гээд байна шүү дээ. Тэнд 21 аймгаас ирсэн хүмүүс ажилладаг. 4-5 жолооч нийлээд гэр түрээслээд хамгийн хямдхан хүнс авах эсвэл бэлэн гоймонгоор хооллож аргацааж амьдарч байна.  Ерөөсөө л ажиллаж байгаагийн хэрээр цалин нь буурдаг нөхцөл байдалтай.

Нүүрс тээврийн жолооч Ц.Уранчимэг “Би найман жилийн турш нүүрс тээвэрлэж байна. Нүүрс тээврийн салбарт зөв бодлого одоогоор алга байна. Би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, давхар чиргүүлтэй шаланз авсан. Зээлтэй учраас 2-3 сар гэртээ очдоггүй. Гэтэл одоо ажилгүй болоод хоёр сар болж байна. Нэг ээлжээр нүүрс тээвэрлэхдээ хэд хоногоор дугаарлана. Хятад эзэнтэй компаниуд маш олон машинууд оруулаад ирчихсэн. Монгол хувийн компаниудыг аргагүй, хэцүү байдалд оруулж байна. Тэнд амьдрах, ажиллах нөхцөл хүнд, авто зам нь яг л “даавуу” шиг нимгэн, чанаргүй. Гэтэл бид нэг ээлжинд зам ашиглалтын татварт 500 мянган төгрөг төлдөг. Бидэнд боломжийн тээврийн үнэ, ажил санал болговол ажиллах орчин хамаагүй гэж бодогдтол хэцүү байдалд оруулж байна” гэлээ. 

Чуулганаар хэлэлцсэн асуудал болон оролцогчдын санал хүсэлтийг нэгтгэх, уул уурхай, экспорт тээврийн дээд зөвлөлийг байгуулах, гишүүдийг сонгох, чуулганаас гарсан шийдвэр, шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх аж.

Эх сурвалж: gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *