ЭХЭМҮТ “Хугацаа дууссан эм авдаггүй” гэж С.Энхболдыг хаацайлав
Өнгөрсөн долоо хоногт “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол (2024.04.15-17) гурван өдөр болсон.
Сонсгол дууссаны дараа дөрөвдүгээр сарын 19-ны өдөр “Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг “29 тэрбум төгрөгийн хугацаа нь дууссан эмийг Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭХЭМҮТ-д шахсан” гэж мэдэгдсэн.
Түүний мэдэгдлийн дараа ЭХЭМҮТ-өөс “Манайх хугацаа дууссан эмийн худалдан авалт хийдэггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа манай хамт олны нэр хүндэд ийнхүү халдаж байгаад харамсч байгаагаа илэрхийлье” гэх мэдэгдэл хийв.
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд 2021 оны долдугаар сарын 9-нд ЭХЭМҮТ-ийн захирал асан Ш.Энхтөрийг “Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” хэмээн 10 жил хашсан албанаас нь буулгаж байлаа. Түүний оронд эх барих, эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа Ш.Алтантуяаг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар томилсон байдаг.
Мөн нэмж дурдахад Ш.Алтантуяа нь С.Энхболдын эхнэрийнх нь найз гэгддэг. 2022 онд АТГ-аас эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг хоёр тэрбумын авлига авч, Ш.Алтантуяаг ЭХЭМҮТ-ийн захирал болгосон гэх асуудлаар шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан.