Нийслэл гадаад зах зээлд бонд арилжаалж, “Сэлбэ” дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна

0

Сэлбэ дэд төвийн нийгмийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлт хийж, дэд орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын гадаад үнэт цаас гаргах хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн гадаад үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах талаарх ажлын явцын мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа. 

undefined

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн 6 шинэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Толгойт, Шар хад дэд төвүүдэд инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаагаас Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил 100 хувь хийгдэж дуусаад байгаа юм.  

undefined

“Сэлбэ дэд” төвийн төслийн хүрээнд 158 га талбарт гэр хорооллыг орон сууцжуулж 12,000 айлын орон сууц, инженерийн салбар шугамын бүтээн байгуулалт, нийгмийн барилга байгууламж, ажлын байр бий болгох худалдаа үйлчилгээний барилга, туслах, явган, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг бий болгох зорилготой. Энэхүү ажлыг нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгож санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Бондыг гадаад зах зээлд босгож байгаа нь хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой бөгөөд дотоодын хязгаарлагдмал нөөцөөс өндөр хүүтэй зээл авахаас илүү үр ашигтай Засаг даргын орлогч тайлбарлалаа. Нийслэл нь Засгийн газрын баталгаатайгаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бий болсон. 

Энэ хүрээнд үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсэг байгуулагдан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ажлын хэсгээс Өрийн удирлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор бусад яамдаас журмын төсөлд санал авах зэрэг ажлуудыг энэ сард багтаан зохион байгуулж, Сангийн яаманд саналаа хүргүүлсэн гэлээ.  Нийслэлийн арилжаалах бондын хэмжээг Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газраас эцэслэн тогтооно. Энэхүү  асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус  XIX хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжлээ.  

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авна 

undefined

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар /2024.04.18/ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Хан-Уул дүүргийн нутаг дэвгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спортын арга хэмжээ, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцол, талбайн хэмжээг баталсан. Уг тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосныгг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа. 

Товчхон:

  • Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороололд байрлах Шуудангийн 24-р салбар байрлаж байсан байр болон 7-р хороонд байрлах “Эрхэмжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, БЗД-ийн 7,4-р хорооны хуучин байр, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны “Ачит гар” өрхийн эмнэлгийн байр, Чингэлтэй дүүргийн 5-хороо, 6-р хорооллын 6 дугаар байрны 1 давхрын хэсэг, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны өрхийн эмнэлгийн байр болон 7-р хорооны халуун усны барилга, Чингэлтэй дүүргийн 18-р хорооны “Үйлс нэгтэн” өрхийн эмнэлгийн барилга, Тэрэлж нийтийн бие засах байр, “Суварга налайх” өрхийн эмнэлгийн төвийн хуучин барилгыг барилгыг тус тус хувьчлах 
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгын өргөтгөлийн барилга болон 4-р хороонд байрлах 50 дугаар дэлгүүрийн өргөтгөл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн өмчлөлийн 49 хувь, СХД-ийн 21-р хороо агуулахын барилга байгууламжийг тус бүр өмч хувьчлалын жагсаалтаас хасах
  • “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэх 
  • Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, Баянзүрх дүүргийн 8, 318, 320 дугаар цэцэрлэгийн барилга, байгууламж, Хан-Уул дүүргийн 145, 322, 324, 325 дугаар цэцэрлэгийн барилга нийт 22 тэрбум гаруй өртөг бүхий 8 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх 
  • “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй гүний худгийн 2 ширхэг барилга, ус түгээх 6 ширхэг барилга, нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг тус бүр акталж, нийслэлийн өмчөөс хасах 
  • 257 сая орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 2 тээврийн хэрэгсэл, 3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 32 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах эдгээр асуудлуудыг хороо, бүлгийн хурлаар хэлэлцэн, НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *