“Mongol Made” ноосон бүтээгдэхүүнээр олон улсад гарна
Үндэсний үйлдвэрлэгч “Mongol Made” дотоодын савангийн хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэж, 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилготойгоор 3 жилийн өмнө анх үүсгэн байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар ахуйн хэрэглээ, ариутгал, арьс арчилгаа, органик хүнсний чиглэлд нийт 60 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
Гар аргын саван үйлдвэрлэлээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Mongol Made” нэгдэл 2022 оны 11 сард Монголын анхны савангийн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж, ингэснээр дотоодын савангийн тендерүүдийн болзлыг хангахуйц түвшинд хүрчээ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Батлан хамгаалах салбарын савангийн хэрэглээг тус нэгдэл ханган ажиллаж байна.
2023 оны 11 сард сэтгэл шингэсэн сайн хүнсийг малчны хотноос Улаанбаатарын харилцагчдад хүргэх зорилгоор “Mongol Gourmet” охин компаниа үүсгэн байгуулж, таван хошуу малын сүүн бүтээгдэхүүн, байгалийн зэрлэг жимсний чанамлууд гэсэн 10 орчим бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан харилцагчдадаа хүргэж байна.
Дотоодын савангийн хэрэгцээний тавин хувийг хангах зорилгынхоо талд нь буюу хорь гаруй хувийг тус хамт олон өнөөдрийн байдлаар ханган ажиллаж байна. Монгол савангийн эрэлт нэмэгдэхийн хэрээр өөх тосны хаягдал буурч Эмээлт дэх тос боловсруулах үйлдвэр дээрх өөх тосны үнэлгээ улам бүр өссөөр байна. Өөх тосны хаягдал буурахтай зэрэгцэн хөрсний бохирдол мөн мэдэгдэхүйц буурч байгааг судлаачид хэлж байна.
Өөх тос, таван хошуу малын сүү сааль, ноос зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэхэд тэд дараагийн 5 жилийн стратегиа чиглүүлсэн ба энэ оны эхний хагаст ноосон бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлэх гэж байна.
Монгол ноолуур дэлхийд танигдсан тул гурав дахин бага үнэтэй ноолуураас үл дутах чанартай ноосон бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд гарах нь зүйтэй гэж “Mongol Made” нэгдлийн Үүсгэн байгуулагчид болох Б.Пунсалмаа, Б.Солонго нар үзжээ.
Дэлхийн тансаг зэрэглэлийн Гуччи, Прада, Диор зэрэг брэндүүдийн дизайныг урладаг Францын MESSIEURS агентлаг монгол бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гарахад хамтран ажиллахаар болжээ.
“Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болон “Mongol Made” нэгдлийн ноосны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Mongol Wool” компанийн нээлтийн ёслол ирэх сард болно.