Алтанбулаг-Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх асуудлыг хэлэлцэв
Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн хурал энэ сарын 18-19-нд Сэлэнгэ аймагт болов.
Хамтарсан хурлыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов нар тэргүүлэн оролцсон байна. Боомтын сэргэлтийн хүрээнд хоёр хөрштэй хиллэдэг гол боомтуудын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулахыг зорьж буй. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэн 10 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд улирлын чанартай ажиллуулахаар болсон. Тэгвэл Алтанбулаг-Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх асуудлыг өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын талтай хэлэлцэв.
Буриадын талаас Алтанбулаг-Хиагт автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгох шаардлага хэр байгаа талаарх судалгааг хийж, ирэх наймдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг тавьсан юм. Манай талаас Замын-Үүд-Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгосонтой адил зэрэгцүүлэн ажиллуулах нь зүйтэй гэсэн саналыг Оросын талд тавьсан аж. Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлснээр зорчих тээврийн хэрэгслийн өртөг зардал буурахаас гадна төмөр замын ачаалал багасах юм.
Ташрамд дурдахад, Дархан-Алтанбулаг автозамын боомт, Налайх-Замын-Үүд боомт руу дөрвөн эгнээ, хоёр урсгалтай авто зам барих бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн нь гурван улсын эдийн засгийг коридорт чухал нөлөө үзүүлэх аж.