Төмөр замын албан тушаалтнууд ажилчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг гэв
Монголын Төмөр замчдын ҮЭХ-ноос УБТЗ-тай хамтын маргаан үүсгэх, цаашлаад ажил хаялт зарлах тухай болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
МТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баяр:
-Энэ оны нэгдүгээр сараас эхлэн ЗТХЯ, Ерөнхий сайдад санал шаардлагаа удаа дараа хүргэсэн. Гэвч шаардлагад хариу өгсөнгүй. Засаг төр, яамд шаардлагын хариуг өгөхдөө маш хойрго болжээ. Энэ нь зайлшгүй хуулийн үр дагавраас асуудлаа тавих зүйл рүү биднийг хөтөлж байна. Өнөөдөр бид ажил олгогчдодоо Хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэхээр боллоо. Ингэснээр хуулийн хүрээнд албан ёсоор ажил хаялт зарлах эрх үүсэж байна. Иймээс төмөр замчдын зүгээс ажил хаяхад бэлэн гэдгээ төрд мэдэгдэж байна.
Дараах шалтгаануудаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хуулиар олгогдсон эрхийн дагуу хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх болсныг мэдэгдэж байна.
Ажил олгогчийн зүгээс Хамтын гэрээний цалин хөлсний системийг шинэчлэх мөн Хөдөлмөрийн хуулийн нэгдүгээр бүлгийн 6 болон 7 дугаар зүйлүүдээс нэмж тусгах, “УБТЗ” болон Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны Хамтын гэрээний 6.4 заалтаас “тасралтгүй” гэсэн үгийн хасахыг шаардаж байна. Мөн хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхлыг бий болгохгүй байх, ажлын байрны аливаа төрлийн дарамт, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгах нэмэлт зүйл заалтыг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгах, шаардлагатай. Ажлын байрны бэлгийн дарамт энд тэндгүй гарч байгаа ба таслан зогсоохгүй байна. Дээд албан тушаалтан доод шатны ажилчдадаа бэлгийн дарамт үзүүлж шөнө, орой дуудах, бэлэг эрхтнийхээ зургийг явуулах, хувцас солих өрөөнд хяналтын камер байршуулах зэрэг энэхүү ноцтой асуудлуудыг шийдвэрлэх хариуцлага тооцох ёстой.
Улаанбаатар төмөр зам ХНН 16 мянган ажилтантай. Үүний 99 хувь нь Монголын Төмөр замчдын ҮЭХ-ны гишүүн юм. УБТЗ-ын ажилчдын дундаж цалин 2020 оны байдлаар 1,700,000 байсан одоо харин 1,850,000 сая орчим төгрөг гэж сонссон. Ажил хаяна гэдэг цалингаас болдог зүйл биш. Ажил хаях үндсэн эрх нь хүний эрхийн, хөдөлмөрийн харилцааны асуудал юм.
Мөн С.Батдөл гэдэг хүний асуудалтай холбогдуулаад тодорхой нэр бүхий хүмүүст ажлын хариуцлага тооцох хэрэгтэй. “УБТЗ” ХНН-ийн Монголын талын тэргүүн нь хувь нийлүүлэгчийн бүрэн эрхт төлөөлөгч байхын зэрэгцээ шийдвэр гаргах түвшний, хариуцлагаас бултах боломжгүй төрийн төлөөлөл байж, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Гэтэл эд хөрөнгө шамшигдуулсан, албан тушаалтны нөлөөгөө ашигласан гэмт хэргүүд ч гарч болзошгүй байгааг шалгуулах шаарладагатай байна гэв.