Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 88 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 88 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.8 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 427 дуудлага хүлээн авчээ.
Тус алба “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа”-г хийх хүрээнд ОХУ, Сингапур, Финланд, Украин, Солонгос, Латви Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Эрүүгийн процессын хууль, Цагдаагийн тухай хууль, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, мөрдөгч, мөрдөгчийн эрх, үүрэг, мөрдөгчийн шууд удирдлага, шүүхийн өмнөх мөрдөн байцаах байгууллагууд, мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгох асуудал зэргийг Монгол Улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах ажлыг гүйцэтгэж байна.