5.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэргийг шалгаж байна

0

Орон сууц урьдчилж захиалаад залилуулж, байр нь ашиглалтад орохгүй олон зуун сая төгрөгөөрөө хохирч үлддэг байдал газар авч байна. Дээрээс нь байр ашиглалтад ортол түрээсийн байраар амьдардаг нь нэмж дарамт болдог. Хамгийн сүүлийн жишээг дурдахад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтойбүрд” ХХК  576 айлын орон сууцны барилга барина гэж 2022 онд захиалга авсан байна. Өнөөдрийг хүртэл байр нь ашиглалтад ороогүй. Ухсан нүхнээс өөр зүйл байхгүй гэдгийг захиалагчид хэлж байгаа юм.

Уг байранд захиалга өгсөн 3000 гаруй иргэд 2-3 тэрбум төгрөгөөрөө хохирчээ. Эдгээр иргэдийн төлөөлөл болж 13 хүн өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Иргэд байрны мөнгөө 20-100 хувь төлсөн аж.

Орон сууц урьдчилж захиалахдаа юун дээр анхаарах шаардлагатай талаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Цагдаагийн хошууч Ч.Дөлгөөнөөс тодруулахад “2024 оны эхний таван сарын байдлаар 714 хохирогчтой, 5.1 тэрбум төгрөгийн хохиролтой, 14 хэргийг шалгаж байна. Тухайн орон сууцны захиалга авч байгаа компани, хувь хүн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн бус газарт орон сууц барьдаг. Ингэхдээ нэг давхар суурийн давхрыг барьсан байхдаа иргэдээс захиалга авч эхэлдэг. Иргэдийн захиалга хийсэн мөнгөөр орон сууцаа үргэлжлүүлэн барих юм байна гэж ойлгогддог. Иргэд үүнд итгэдэг. Хохирсныхоо дараа барилгын ажил нь эхэлсэн байсан. Барилга барих тоног төхөөрөмж бүх зүйл нь байсан гэдэг. Иргэд орон сууц урьдчилж захиалахдаа эхлээд тухайн компанийн туршлагыг харах ёстой. Үүнийг “Open data” серверээс харж болно. Уг серверт тухайн компани өмнө нь хаана, хэзээ, хэчнээн айлын орон сууц барилга байгууламж барьж байсан, хууль шүүхийн байгууллагат шалгагдаж байгаа зэрэг нь гараад ирнэ. Газар зохион байгуулалтын газар очоод БЗД-ийн энэ газарт барилга, орон сууц барих гэж байгаа юм байна. Энэ газар нь тухайн компанийн газар мөн үү, зөвшөөрөл байна уу гээд судлаад үзэх хэрэгтэй. Мөн борлуулалт хариуцсан хүмүүс нь гэрээн дээрээ том том туршлагатай компанийн нэр бичээд, өөрсдөө гарын үсэг зурчхаад өөр данс тавьсан байдаг нь залилах гэмт хэргийн нэг үйлдэл юм. Тиймээс тухайн компанийн орон сууц худалдах гэрээн дээр тэр компанийн харилцах данс биш бол мөнгөө шилжүүлэхгүй байх хэрэгтэй” гэлээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *