Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна

0

Монгол Улс анхныхаа геопаркийг ЮНЕСКО-д бүртгүүлэх цаг хугацаа ойртжээ. Засгийн газраас эмхлэн байгуулсан Геопаркийн үндэсний хороо Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумдын заагт орших Шар цавыг ЮНЕСКО-гийн“Дэлхийн геопарк”-ийн жагсаалтад бүртгүүэхээр эрчимтэй ажиллаж байна.

ЮНЕСКО-ийн дэлхийн геопарк нь олон улсын ач холбогдолтой, онцгой, ховор, гоо үзэсгэлэнтэй хэд хэдэн геологийн өвөөс бүрдсэн, хадгалан хамгаалах, боловсрол, тогтвортой хөгжлийн иж бүрэн үзэл баримтлал бүхий газар нутаг юм. ЮНЕСКО-ийн дэлхийн геопарк нь геологийн өвийг хадгалан хамгаалахын сацуу геологийн аялал жуулчлалаар дамжуулан шинэ аж ахуйн нэгжүүд, ажлын байрыг бий болгох замаар орон нутгийн иргэдэд орлогын шинэ эх үүсвэртэй болох боломжийг олгодог.

УУХҮЯ-ны сайд Б.Уянга:

Монгол оронд байгалийн олон сайхан сонирхолтой тогтоц бий. Тэдгээрээс эхний ээлжинд Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумдын заагт орших Шар цав хэмээх үлэг гүрвэлийн олдвор, ул мөр ихтэй газрыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна.

Шар цавд Улсын төсвөөс хөрөнгө гаргаад Өмнөговь аймгийн ЗДТГ-аас ч дэмжээд, сургалтын байр зэргийг барьчихсан байгаа. Геопаркийг хөгжүүлэх хүрээнд Японы геологийн албатай ярьж байгаад таван залуу геологичийг Японы гео паркуудаар туршлага судлуулсан. Мөн гео паркийн менежментийн чиглэлээр нэг залуу геологичийг Туркт бэлдээд байна.

Хятадын туршлагаас харахад, байгалийн үзэсгэлэнт газруудаа ЮНЕСКО-д геопарк мөн гээд бүртгүүлчихээр нэг талаасаа үнэгүй сурталчилгаа болдог. Шар цавыг ЮНЕСКО-д бүртгэлтэй геопарк гээд зарлачихвал жуулчид ирнэ, тэр чинээгээр аялал жуулчлал хөгжинө, нутаг оронд ажлын байр бий болно. Эерэг бүх нөлөө нь орон нутагтаа үлдэнэ.

Хятадад төв рүүгээ шилжих хөдөлгөөн их байсан бол геопаркууд хөгжсөнөөр энэ урсгал багассан эерэг нөлөө хүртэл гарсан байдаг. Шар цаваас гадна геопарк болгож хөгжүүлэх боломжит газрууд манайд маш их байгаа. Ганцхан жишээ авахад Хөвсгөлийн Ханх сумын нутаг дахь Соёны нуруу гэхэд хараад ханашгүй үзэсгэлэнтэй. Тэнд байгалийн сайхныг харахаас гадна яагаад ийм шовх шовх нуруунууд үүссэн юм бол, хэзээ ийм тогтоц үүссэн, хаагуур нь уулын алхалт хийж болох вэ зэргээр хийх юмтай аялбал хэчнээн сайхан.

“Mining insight” сэтгүүл, 2024 оны I сар

ЮНЕСКО Геопаркуудын дэлхийн сүлжээндээ бүртгэхийн тулд улс орнуудад тухайн санал болгож буй газар нь 1. Хангалттай хэмжээний талбайтай байх, 2. Сургалт мэдээллийн төвтэй байх, 3. Үндэсний хууль тогтоомжийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хууль, эрх зүйн орчинтой байх, 4. Доороосоо дээшээ чиглэсэн менежментийн бүтэцтэй байх, 5. Үндэсний хууль тогтоомжийн дагуу хамгаалагдсан газар нутагтай байх, 6. Геологийн биет зүйлсийг худалдахыг хориглодог байх, 7. Олны анхаарал татахуйц таних тэмдэг, сурталчилгааны материалтай байх, 8. Геопаркийн зорилгуудыг биелүүлэхэд чиглэсэн менежментийн төлөвлөгөөтэй байх гэсэн найман үндсэн шалгуурыг тавьдаг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *