“НОГООН АВТОБУС“-ны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 17-ныг хүртэл хойшиллоо
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан “Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох талаар бид мэдээлсэн.
Сануулахад, өнгөрсөн сарын 24-нд товлогдсон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулаад байсан юм. Тэгвэл өнөөдөр товлогдсон урьдчилсан хэлэлцүүлэг яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу ирэх зургаадугаар сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.
Одоогийн байдлаар тус хэрэгт 24 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж буй бөгөөд тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.