Т.Батцогт сүүлээ хавчаад дутаав!
УИХ-ын сонгуульд нэр дэвших горилогчдынхоо саналыг улс төрийн намууд авсан. Тэгвэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Т.Батцогт Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн нь жирийн гишүүд, дэмжигчдийнхээ дургүйцлийг түрүүлээд байгаа аж. Уг нь, нийслэлийн АН-ын даргын хувьд Т.Батцогт УИХ-ын сонгуульд нийслэлийн тойргуудаас өрсөлдсөн намын нөхөддөө дэмжлэг үзүүлэн ажиллах ёстой гол хүн. Атал намынхаа бодлогоос урваж, хувь хүний шуналдаа дийлдэж байгаа нь том улс төр тохирохгүй хүн гэдгээ харуулж буй үйлдэл. Эсрэгээрээ нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар хувийн эрх ашгаасаа илүү намын эрх ашгаа нэгдүгээрт тавьж, намдаа ялалт авчрахаар зүтгэж байгаа.
Үнэндээ, ийм увайгүй хүнээр нийслэлийн намаа мануулсан нь АН-ын буруу. Нөгөөтэйгүүр нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатараас айсандаа гарман дээр морио орхиод сүүлээ хавчаад дутаасан ч байж мэднэ. Т.Батцогт улс төрд Х.Баттулгын “утсан хүүхэлдэй” гэж харагддаг, хардагддаг. Түүний магадгүй Х.Баттулга УИХ-д нэр дэвшихийг шахсан байх болох талтай. Эсвэл үнэхээр л нийслэлийн АН-ыг удирдаж чадахгүй жулдаж буйгаа өөрөө ухаарсан байж болох. Ямар ч байсан замын дундаас нийслэлийн АН-ыг орхих байсан юм бол анхнаасаа чаддаг, мэддэг хүнд нь зай тавьж өгөх ёстой байсан гэж зарим гишүүд, дэмжигчид нь Т.Батцогтыг буруутгаж сууна.