АН-аас хүсэх нь: “Путины тавдугаар армийг” цэвэрлэх ёстой!
УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн намууд маргааш зарлана. ҮХНӨ-ийн дагуу парламентын гишүүдийн тоог 126 болгосон. Үүний 78 нь тойрогт өрсөлдөж, 48 нь жагсаалтад бичигдэнэ. Гол өрсөлдөөн МАН, АН-ын дунд болно. Тиймээс МАН, АН-ын жагсаалтын эхний 15-нд бичигдсэн улстөрч ногоон гэрлээр парламентын гишүүн болно гэсэн үг.
Нэр дэвшигчдийг МАН Бага хурлаараа, АН ҮБХ-ны хурлаараа тодруулна. Гэхдээ юу үнэн гэвэл, нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах багийнхан бүхнийг шийднэ гэсэн үг. Намын удирдлагууд наанаа нэр дэвшигчдийн таван өөр хувилбартай сууж байгаа нь тодорхой. Эцсийн хувилбараа энгэртээ хийгээд хав дарж суугаа биз.
Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн тойргоос илүү жагсаалт дээр явагдаж байна. Жагсаалтад хэнийг бичих нь улс төрийн намуудын удирдлагын толгойны өвчин болсон нь үнэн.
Тэр тусмаа найман жилийн гудамжинд лааз өшиглөсөн АН хэнийг нэр дэвшүүлэхээс ялах, ялагдах нь шалтгаана. Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай. АН-ын үнэт зүйл болж хүний эрх, эрх чөлөө. Зах зээлийн эдийн засгийг дэмждэг баруун төвийн үзэл баримтлалтай намын дэмжигчид нь голдуу хүний эрх эрх чөлөөний үзэлтэй, боловсролтой хүмүүс байдаг.
Тэр утгаараа АН-аас нэр дэвшигчдэд тавих асуулт байна: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, бизнесийн эрх чөлөөг дэмжих үү?! Монголын ардчиллын манаач бас манлайлагч байж чадах уу?! гэж. Учир нь Ардчилсан нам ардчиллыг тугаа, хүний эрх, эрх чөлөөг эрхэм зорилгоо болгож ирсэн нам. Атал Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөний эсрэг үг, үйлдлээрээ “манлайлж” ирсэн хүмүүс Ардчилсан нам цөөнгүй бий. Тиймээс УИХ-ын сонгуулийн сонголтын өмнө АН үнэхээр баруун төвийн нам байж чадах уу гэдэг нь асуултын тэмдэг болоод байна.
2016, 2020 оны сонгуульд АН дараалан өвдөх шороодсон. Үүний гол буруутан нь Женко.Баттулга. Тэрбээр өнгөрсөн найман жил АН-ын лидер болгонд нэр хоч зүүж, намаа харлуулж, хагалсан хүн. АН-ыг хүчгүй, сул байлгах нь түүнд хэрэгтэй, оросуудад ашигтай байхыг үгүйсгэхгүй. ОХУ-ын Элчин сайд асан И.Азизов АН-ын эсрэг мэдэгдэл гарган, сүрдүүлж байсан тохиолдол бий.
Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Тавантолгойн төслийг гацааж, М.Энхсайханыг шоронд хийсэн нь Оросоос өгсөн даалгавар гэж харагддаг, хардагддаг. Учир нь, Женко.БаттулгаМонголын төмөр замыг 14 жил гацааснаар Оросын нүүрс Хятадын зах зээлийг атгасан. Орос-Хятад хоёр нарийн царигтай төмөр замаар холбогдоод удаж байна. Атал Монгол Улс Женко.Баттулгын төрийн нууцад авч байгаад барьсан хоёрын хоёр мухар төмөр замыг яаж Хятадын төмөр замын сүлжээтэй холбох вэ гээд хуйхаа маажаад сууж байна.
Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа цаазын ялыг сэргээхийг санаархаж байсан удаатай. Мөн Монгол Улсыг Шанхайн ломбардад тавих шахсан бий. Гэх мэтчилэн Монголын ардчиллын заналт дайсан болсон “Путины тавдугаар арми”-ийг нэр дэвшүүлэх юм бол АН үнэнч дэмжиг, фанатуудаа алдана.
Хэрэвзээ,Женко.Баттулга Монголын төрд “барьц”-тай болох аваас цаашдаа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “толгойны том өвчин” болно, гарцаагүй. Тэр тусмаа АН-ын дараагийн үеийнхэнд, Э.Одбаяр, Б.Баатархүү нарын залуусын хамгийн том асуудал нь Путины тавдугаар армийнхан байж мэднэ шүү!