“Нэйшнл жеографик”-аас зарласан дэлхийн заавал очиж үзэх топ 20 газарт “Чингис хаан”-ы музей оржээ
Монгол Улсад орчин цагийн музей байгуулсны 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Манай улсад XX зууны эхэнд шинжлэх ухааны төв болох Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд анх музей байгуулсан түүхтэй. Тодруулбал, хүрээлэнд ажиллаж байсан судлаачид 1921-1923 онд музей байгуулахад шаардах бэлтгэл ажлыг ханган, улмаар 1924 оны гуравдугаар сарын 23-нд баталсан Судар бичгийн хүрээлэнгийн зорилтот хөтөлбөрт музейг оруулснаар Монгол Улсад анх музей байгуулжээ.
Ойн хүрээнд “Монголын музей 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Соёлын яам, “Чингис хаан”-ы Үндэсний музей, Соёл, урлаг судлалын хүрээлэн өнөөдөр “Чингис хаан”-ы Үндэсний музейд хамтран зохион байгуулав.
Хурлаар Монголын музейн 100 жилийг “Монголын музейн түүх-судлал”, “Музейн сан хөмрөг-өнөөдрийн түвшин” гэсэн хоёр хэсэгт авч үзэн хэлэлцлээ. Үндсэн илтгэлийг “Чингис хаан”-ы Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол Улсын музей 100 жилд- Өв соёл, соён гэгээрэл” сэдвээр тавьсан юм.
Тэрбээр илтгэлдээ, Ардын хувьсгал, хэлмэгдүүлэлт, эх орны болон Халх голын дайн, социализмын үеийн их бүтээн байгуулалт, өөрчлөлтийн гээд Монгол орны нийгэм, эдийн засгийн олон ээдрээтэй үед Монголын музей Монгол Улсын түүхэн ой санамжийг авч үлдсэн түүхтэй юм гэдгийг онцлон дурдлаа.
Нэг ёсондоо монголчууд оюун санааныхаа ой санамж, өв соёлоо музейгээр дамжуулан хадгалж авч үлдэж чадсан, соён гэгээрэл буюу ард олноо гэгээрүүлэх үүргийг Монголын музей гүйцэтгэж ирсэн юм. Тиймээс Монголын музейн 100 жилийн түүх нь монголчуудын ой санамж, оюун сэтгэлгээ, өв соёлын 100 жил юм гэдгийг судлаачид тэмдэглэж байна.
Монгол Улсын музейн түүхийн хамгийн том дэвшил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын төр, засгаас түүхэн шийдвэр гарган “Чингис хаан”-ы Үндэсний музейг байгуулсан явдал гэдгийг академич С.Чулуун онцлон дурдаж, “Энэ бол зөвхөн бүс нутагтаа бус, олон улсын түвшинд стандарт музейтэй болж чадсан юм” гэдгийг тодотгосон юм. Тэрбээр, энэ жил олон улсын “Нэйшнл жеографик” сэтгүүлээс 2024 онд дэлхийн заавал очиж үзэх ёстой топ 20 газрын нэгэнд нь Ази тивээс “Чингис хаан” музей орсон гэсэн таатай мэдээг дуулгалаа.
“Монголын музей 100 жил” хуралд нийслэл, аймаг, орон нутгийн музейн 30 гаруй төлөөлөгч оролцон, музейн хадгалалт хамгаалалт, биет үзмэр болох хадны бичвэрийг сэргээн сайжруулах, музейн сан хөмрөгийг бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлаар нээлттэй ярилцан, илтгэл хэлэлцүүллээ.
Хэнтий аймгийн музейн ахлах мэргэжилтэн Б.Өнөрбаяр, манай аймаг шинэ музейтэй болсноор музей үзэгчдийн тоо хоёр дахин нэмэгдсэн. 2023 оны долоодугаар сард ашиглалтад орсноос хойш тухайн оны 12 дугаар сар гэхэд давхардсан тоогоор 16 мянга гаруй хүн үзэж сонирхсон. Гадаад, дотоодын жуулчид мөн их ирж үздэг.
Шинэ музейтэй болсноор үзмэр, сан хөмрөг ч нэмэгдэж, ШУА-ийн археологийн хүрээлэнтэй хамтран Хэнтий аймгаас олдсон олдворуудыг сэргээн баяжуулж үзүүлэх талаар ажиллаж байна. Хоёр мянга гаруй үзмэр 300-гаар нэмэгдсэн гэв. Хэнтий аймгийн музейн хамгийн алдартай үзмэрт 1728 оны үеийн Сэцэн хааны тамга, бусад түүх, угсаатны зүй болон археологийн олдвор орж байна.
Эх сурвалж: Montsame.mn