1000 гаруй хүн хүсэлт ирүүлснээс 714 иргэний лавлагааг олгоод байна
Улсын дээд шүүхээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийн лавлагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1-д заасны дагуу олгож байна.
“Иргэдийн банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх” лавлагааг Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 37 Тамгын газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Үндэсний ба Олон улсын арилжааны Арбитр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн сангаас хайлт хийлгэн авч, нэгтгэн олгож байна.
Шүүхийн Тамгын газруудын алба хаагчид лавлагаа мэдээллийг хурдан шуурхай гаргах дотоод зохион байгуулалтад орж, ажиллаж байна.
2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1000 гаруй иргэний хүсэлт хүлээн авснаас 714 иргэний лавлагааг олгоод байна.
Иргэн та өөрийн лавлагаагаа гарсан эсэхээ 51261815 дугаарт залгаж мэдэх боломжтой бөгөөд лавлагаа авахдаа өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг бүрэн тодорхойлох хууль ёсны бичиг баримттай төлөөлөгчөө явуулна уу.
Жич: Лавлагаа олгох хугацаа 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болох бөгөөд хүсэлт ирүүлсэн өдрөөс лавлагааг шүүж бэлэн болгох хүртэл ажлын 2-3 өдөр шаардагдаж байна. Иймээс Улсын дээд шүүхээс лавлагаа авах хүсэлтэй иргэд дээрх хугацааг тооцоолж, хүсэлтээ яаралтай ирүүлнэ үү.