Мөрдөгч, прокурорын мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газраас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 5.1.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын албан хаагчдыг чадавхжуулах, хүний нөөцийг бэхжүүлэх стратеги боловсруулж, хэрэгжүүлнэ”, мөн хөтөлбөрийн 5.4.2 дахь хэсэгт “Авлигын гэмт хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр прокурорыг мэргэшүүлж, бүтэц, орон тоог олон улсын жишигт нийцүүлнэ” гэж заасны дагуу “Мөрдөгч, прокурорыг авлигын гэмт хэрэг мөрдөх, хянан шийдвэрлэх чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.
Сургалтад зарим аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид оролцож, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөнгө угаах гэмт хэргийг илрүүлсэн сайн туршлага, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхэд анхаарах асуудал, практикт тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, арилжааны банкан дахь дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар хэрэг илрүүлэх, эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт илгээх, ирүүлсэн хариу болон үр дүнг ашиглах нь зэрэг мэдээлэл, мөрдөн байцаалтын тактикийн талаар ярилцав.
Энэ удаагийн сургалтыг Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдах албан тушаалтнууд олон улсын сайн туршлагад тулгуурлан явуулснаараа онцлог ач холбогдолтой боллоо.