“Оюу толгой” төслийн Гүнийн уурхайн барилга угсралтын компанийн ажилчид ажил хаялт зарлана гэв

0

   “Оюу толгой” төслийн Гүнийн уурхайн барилга угсралтын “Уорли Инженеринг” компанийн ажилтнууд ажил хаялт зарлах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

     “Уорли Инженеринг” компани нь Оюу толгойн далд уурхайн барилга угсралтын ажил дээр  2016 оноос ажиллаж эхэлсэн байна. Тус компани 290 ажилтантай бөгөөд одоогоор 215 ажилтан нь Оюу толгойн талбайд ажиллаж буй юм. Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга н.Жавхлантөгс “Өчигдөр “Оюу толгой” гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн түүхэн өдөр байлаа. Манай компани ч энэ бүтээн байгуулалтад, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн. 2021 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэж 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 92.4 дүгээр заалтын дагуу 14, 14 хоногоор ээлжээр ажиллаж эхэлсэн.

    Энэ нь уурхайчдад маш олон давуу тал бий болгосон. Гэвч энэ хуваариар ажиллаж эхэлснээс хойш илүү цагийн цалингийн асуудал үүссэн. Манай компанид илүү цагийн цалин олгож байгаа ч гэсэн бид үндсэн цалингаа 35.8 хувь буюу 40 хувиар бууруулан тооцуулж ирсэн. Хөдөлмөрийн гэрээнд заасан цалингаа 2022 он гарсаар Хөдөлмөрийн гэрээний дагуу цалингаа авч чадахгүй байна. 173 цаг ажиллаж байгаа хэр нь 120 цагийн цалин авч байна.

    Энэ дагуу МХЕГ-ын ахлах байцаагч шалгалт хийгээд 2022 оны тавдугаар сард албан шаардлага хүргүүлсэн. Гэвч үүнийг ажил олгогч хүлээж авалгүй шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр ажил олгогчийн буруу, мэргэжлийн хяналтын байцаагчийн зөв гэсэн шийдвэрийг 2022 оны арваннэгдүгээр сард гаргасан. Тиймээс бид ажил олгогч компанитай хамтын хэлэлцээрийг эхлүүлж, хэд хэдэн удаа хуралдсан боловч шийдэл хүрч чадсангүй. Тиймээс бид цаашид гарах гарцгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 2.25.1.4-д заалтыг үндэслэн ажил хаялт зарлахаар болж байна” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *