С.Наранцогт: Баялгийн өгөөжөө иргэдэд тэгш хүртээх 20 жилийн өмнөх агуулга энэ цаг үед биеллээ олж байна
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг урьж ярилцлаа.
– Юуны өмнө нэг зүйлийг сонирхож асуумаар байна. Таныг сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа нэлээн гарсан. Тэгэх ч болов уу гэж бодож байлаа?
– Нэр дэвших бодол байсан. Гэхдээ би нэр дэвшье гэж хэлээд болчихдог зүйл биш л дээ. Хамгийн эхэнд тухайн ондоо багтааж ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Түүнчлэн Баялгийн сангийн хуулийг батлуулахаас эхлээд эхлүүлсэн ажил их байлаа. Намын удирдлагуудын зүгээс ч бүгд УИХ-д нэр дэвшинэ гээд явчихаар хэн ажил хийх вэ. Ялангуяа таны хувьд төрийн ажил хийх ёстой хүн, тэр нь улс оронд илүү хэрэгтэй байна гэсэн саналыг хэлсэн. Миний хувьд ч заавал нэр дэвшинэ гэж зүтгээгүй. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэгчлэн тогтолцооны том өөрчлөлтийг эхлүүлсэн ажлуудаа урагшлуулах, гүйцээх гэдэг сонголт л үлдлээ.
Ер нь ч өдий хүртэл төр засгийн томилгоогоор ажиллаж ирсэн дээ. Энд ч мөн “Эрдэнэс Монгол” компанийн захирал болно гэж ерөөсөө бодож яваагүй. Улсын Их Хурал, Засгийн газрын дэмжлэгийн хүчинд Баялгийн сангийн хуулиа батлуулсандаа сэтгэл хангалуун байна.
Үндэсний баялгийн сангийн хууль батлагдах нэг хэрэг. Ний нуугүй хэлэхэд, үндсэн агуулга, мөн чанарыг нь цөөн хүн ойлгож байгаа. “Амь” оруулж ажил болгоход хийх зүйл нэлээн бий. Түүнчлэн хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай зэрэг бусад хууль журамд орсон өөрчлөлтийг мушгин гуйвуулах байдлаар ашиг сонирхлоо янз бүрээр илэрхийлж байгаа хүмүүс ч байна. Үнэнийг хэлэхэд Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхгүй байх сонирхол хэсэг бүлэг хүмүүст бий. Тиймээс хуулийг яг үндсэн зарчим агуулгаар нь хэрэгжүүлэх, үр дүнг нь бодитой бий болгоход шаардлагатай тодорхой ажлууд амжуулахыг зорьж байна.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНД ЖИЛИЙН ӨМНӨ ЯРЬСАН АЖЛЫН 90 ХУВЬ НЬ БИЕЛСЭН ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН
– Нэг жилийн өмнө яг өдийд Та “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлын албанд ирээд удаагүй байхдаа манай сонинд ТӨК-ийн замын зурагаа тодорхойлж, цаашид баримтлах концепцийн талаараа дэлгэрэнгүй ярьж байсан. Нэлээн ч олон зүйл “амлаж” байжээ. Одоо эргээд харахад аль хүртэл нь явав, бодож төлөвлөснөө хийж чадав уу?
– Би ажлаа аваад ерөнхий концепц тодорхойлсон том хэмжээний анхны ярилцлагаа танай “Зууны мэдээ” сонинд, танд өгсөн. Хүмүүс миний тэр ярилцлагад анализ хийхэд жилийн өмнө ярьж байсан ажлууд 90 гаруй хувьтай биелсэн байна гэж хэлсэн. Тухайн үед дандаа ирээдүй цаг дээр, нэг ёсондоо биелэх эсэх нь тодорхойгүй төсөөллөөр, “Эрдэнэс Монгол” нэгдэл ийм тогтолцоо, зарчмаар ажиллавал амжилт гаргана гэдэг төсөөллөө цаасан дээр буулгаад ярьж байсан шүү дээ. Хүн ярьсан ажлаа хийдэг байх ёстой, дүгнэж цэгнэж тайлагнах ёстой учраас таны энэ удаагийн ярилцлагын саналд татгалзах шалтгаан алга. Асуултад бодитой үр дүн, түүнийг нотлох тоо баримттай хариулахад бэлэн байна.
Энгийн жишээн дээр харьцуулж яръя л даа. Гоё газар очиж сайхан амьдарна гэж төсөөлөөд онгоцоор очно гэж бодьё. Гэтэл тэр онгоц нь эвдэрчихсэн, тарж бутарсан, очих гээд байгаа гоё газар нь хаана байгаа, хэзээ хүрэх нь тодорхойгүй байсан гэхүү дээ. Харин одоо бол онгоцоо сайхан засварлаж бэлэн болгоод очих цэг, замын зураг, зарцуулах түлш шатахуун, хүрэх хугацаагаа тодорхой болгочихлоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Монгол” нэгдэл онгоцоо засаад багаа бүрдүүлээд очих газар луугаа хөөрчихсөн. Цаг агаарын урсгалаас эхлээд гадаад дотоод эрсдэл, нөлөө байж таарна. Тэдгээрийг хэрхэн туулах төлөвлөгөө нь бас бэлэн байна. Харин улс төр, геополитикийн нөхцөл байдал нөлөөлөх эсэхийг мэдэхгүй ч, үндсэн концепц, гол зарчмаа эвдэхгүй явах юм бол зорьсон газраа хүрэх бололцоо бий гэдэгт бид бат итгэлтэй байгаа.
– Таныг ажил авангуутаа зарим компани, төслийн нэгжүүдээс эхлээд 10 гаруй ААН-ийг татан буулгах буюу нэгтгээд, заримынх нь ТУЗ-ийг татан буулгаад ёстой гал дундуур туучлаа гэх хүмүүс байсан. Үндэслэл, үр дүн хэр байсан бэ?
– Өмнө нь “Эрдэнэс Монгол”-ын манлайлал үзүүлэх тогтолцоо дутагдаж байсан талууд бий. Ерөөсөө “Эрдэнэс Монгол” төр засгийн бодлогыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхэд манлайлан оролцох тогтолцоог бүрдүүлж чадахгүй бол үйл ажиллагаа явуулах хэрэггүй. Харин стратеги төлөвлөгөөгөө тодорхойлж, тогтолцоогоо бүрдүүлснээр бид хаашаа явах, ямар үүрэг, оролцоотойгоос эхлээд бүх зүйл ойлгомжтой болгож байна. Цаашаа зөв чиглэлээр явж чадвал монголчууд нийтээрээ хожино. Буруу тийш эргэвэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх томоохон нөлөө үгүй болно. Тиймээс яг энэ цаг мөчид өөрчлөлт бий болох хөрс, тогтолцоо бүрдсэн, хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжих, монгол хүн бүр хожих томоохон түлхэц болох боломж бүрдлээ.
Заавал ТУЗ-ийн гишүүнтэй байх шаардлагагүй байхад үр ашиггүй ажилладаг, төрийн байгууллагын төлөөлөл гээд тал тал тийшээ харчихсан баахан хүмүүс цалин урамшуулал аваад сууж байгаа гэсэн шүүмжлэл их гардаг. Үндсэндээ 10 гаруй компанийн ТУЗ-ийн 269 гишүүнийг 66 болгосон л доо. Хараат бус гишүүдийн тоо өмнө нь 30 хувь байсныг 49 болгож нэмэгдүүлээд мэргэжлийн, ур чадвартай, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлэхийг хичээж байна. Ингэснээр хөндлөнгийн, хараат бус төлөөллийн дуу хоолой нэмэгдэж хяналт сайжирснаар илүү нээлттэй сайн шийдвэр гаргах ач холбогдолтой. Ийм л бодлого зарчмаар ажиллаж байна.
БАЯЛГАА ИРГЭДЭД ТЭГШ, ШУДАРГА ХУВААРИЛАХ ТОГТОЛЦООНД “ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛ ЧУХАЛ ҮҮРЭГ, ОРОЛЦООТОЙ
– Сүүлийн 25-26 жил яригдсан, нам болгон авторлаж, үе үеийн Засгийн газар дамжиж зүсээ хувиргаж явсаар ирсэн Үндэсний баялгийн сангийн хууль энэ цаг үед батлагдлаа. Гол хэрэгжүүлэгч, ачааг нь үүрэх байгууллага бол Таны удирдаж буй “Эрдэнэс Монгол” нэгдэл шүү дээ?
– Бид ашигт малтмал дээрээ тулгуурлаж хөгжих ёстой. Ашигт малтмалын том стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж улс орны хөгжил ард иргэдийнхээ амьдралд зориулна гэдэг үндэслэлээр “Эрдэнэс Монгол” компанийг анх байгуулсан байдаг. Энэ бодлогыг тодорхойлсноос хойш 20 жил өнгөрсөн ч үндсэн зорилгоо биелүүлж чадалгүй явж ирсэн гэж дүгнэдэг. Яагаад гэдэг дээр анализ дүгнэлт хийсний үндсэн дээр дорвитой өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн.
Ер нь хөгжлийн үндсэн асуудлыг авч үзвэл манай улстай төстэй хөгжиж буй орнууд үндсэн хоёр замаар явсан байна. Зарим нь улам авлигажиж ядуураад, улмаар нийгмийн тогтворгүй байдал үүсч иргэний дайны байдалд орох хэмжээнд хүрсэн. Нөгөө хэсэг нь мэдлэг боловсролтой хүний нөөц хязгаарлагдмал ч газар нутаг, байгалийн баялагтаа тулгуурлаж ард иргэдээ ядуурлаас гаргаж, хөгжих зам руугаа орсон байна. Тэгвэл бид энэ хоёр замын алинаар нь, хаашаа явах вэ гэдэг зааг дээр ирсэн.
Монгол Улс нэг хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Асар том газар нутагтай. Ер нь бол бидний бодит байдал “Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг дүр зураг утгаараа бий болсон. Үүнийг шийдвэрлэх гарц бол “Баялагтаа эзэн Монгол” бодлогыг зөв хэрэгжүүлэх. Товчхондоо, байгалийн баялгаа үр ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулаад түүнийгээ ард түмэндээ зөв хуваарилж ядуурлаас гарах, тулгамдсан асуудлуудаа шийдэх замаар хөгжлийнхөө замд орох ёстой.
Гэтэл өнөөдрийнх шиг баялгийн эзэмшил төвлөрсөн, эсвэл гадныханд ямар ч үр ашиг багатай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг, жаахан мөнгө олохоороо бэлнээр тарааж өгөөд дуусгачихдаг хэвээрээ байх уу. Эсвэл баялгаа үнэ цэнэд хүргэж үр ашгаар нь улс орон, ард иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үү гэдэг сонголт байна. Үүний ганцхан жишээ бол гэр хороолол. Эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж өгөөгүйгээс агаар, хөрсний бохирдол бий болж улмаар хүн амын дунд маш их өвчлөл бий болж байна. Хүн ам нэгдүгээрт эрүүл байх ёстой. Дараа нь үр хүүхдээ боловсролтой болгох шаардлагатай. Эхний ээлжинд гэр хороолол, эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдвэрлэсний дараа Монгол Улс огт өөр түвшинд очиж хөгжлийн асуудал ярьдаг болно. Гагцхүү энэ гурван асуудлыг байгалийн баялагтаа тулгуурлаж л шийдэх ёстой гэдэг агуулгаар Үндэсний баялгийн сангийн үндсэн концепц батлагдсан. Өөрчлөлтийг хэрэгжүүлэх, манлайлахад “Эрдэнэс Монгол” маш чухал үүрэгтэй. Иргэдэд очих орлогыг бий болгоход үндсэн хуримтлалыг нэгдлийн компаниудаас төвлөрүүлнэ. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол”-ын засаглал, үйл ажиллагааны үр ашиг маш чухлаас гадна энэ компани яагаад оршин тогтнох ёстойг харуулж байгаа юм. Харин зорилгоо биелүүлж, үр дүнгээ үзэхийн тулд сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлж, ирээдүйд хаашаа явах, бизнесийн өсөлтөө бий болгох, дэлхийн чиг хандлагад хэрхэн нийцэх вэ гэдгээ маш сайн тодорхойлж 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж батлууллаа.Тэр дундаа Үндэсний баялгийн сангийн хуулиар бол манай нэгдлийн олж буй орлого хаана хэнд хүртэх, юунд зарцуулагдах гэдэг эрх зүйн үндсийг давхар бий болгож өгсөн нь бидний 20 жилийн өмнөх баялгийн өгөөжөө ард түмэнд тэгш хүртээх агуулга энэ цаг үед ирж байна гэж хэлж болно.
Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаад хамгийн эхэнд 10 мянган айлыг орон сууцжуулах ипотекийн зээлийн эх үүсвэрт шаардлагатай хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглах шийдвэр Засгийн газраас гарч, “Эрдэнэс Монгол” нэгдлээс 500 тэрбум төгрөгийг хуримтлалын санд төвлөрүүлсэн. Нийгмийн олон асуудал тэр дотроо хот, хөдөө гэж ялгалгүй бүх айл өрх орон сууцтай болж, үр хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлээд, хүн амаа эрүүлжүүлээд авчихсан байхад бид огт өөр зүйл ярьдаг болно. Түүнчлэн төр, хувийн ялгаагүй уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа ил тод болж далд эдийн засаг байхгүй болох ёстой. Төрийн өмчит компаниудын хулгай их ярьсан, үүнийг цэгцлээд явж байна. Гэтэл хувийн хэвшилд ч эдгээр яригддаг асуудлууд байна. Үнэнийг хэлэхэд уул уурхайн хувийн компаниудын үйл ажиллагаа ил тод биш, эрдэс баялгийг үнэгүйдүүлсэн далд эдийн засаг бий болсон байна. Энэ нь Монголын баялгийг үнэ цэнгүй болгож байна. Энэ асуудлыг давхар шийдвэрлэх хууль эрхзүй бий болсон учраас хүмүүс хөрөнгө оруулалтыг хаасан гэх буруу мессэж явуулж байна. Төрийн өмчит буюу “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд дотор ч энэ бодлогыг эсэргүүцэгчид бий. Тэд өмнөх шигээ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг хүсэж байна шүү дээ. Нэгдсэн бодлогоор явах сонирхолгүй хэсэг байгааг ч үгүйсгэх аргагүй.
– Энэ хуулийг сонгууль угтаж маш түргэн шуурхай баталлаа. 5-6 хуудас цаасаар баялгийн хуваарилалтаа шийдчихлээ гэх шүүмжлэл ч харагдлаа?
-Хуулийг хурдан хугацаанд батлуулахад Монгол Улсын Ерөнхий сайдын манлайлал их чухал байлаа. Мөн хуулийн үзэл баримтлалыг зөв байна гэж үзэж Улсын Их Хурлын дарга болон гишүүд шуурхай ажиллалаа.
Баялгийн сангийн үндсэн зарчим,тогтолцоог тодорхойлсон товчхон хууль болсон. Энэ нь ч нэг талдаа зөв. Хэт дэлгэрэнгүй олон зохицуулалт оруулаад ирэхээр концепцийн маргаан өрнөж үндсэн зарчим алдагдах эрсдэлтэй. Ер нь хууль батлагдах нэг хэрэг. “Амь” оруулах, хэрэгжүүлэх их чухал. Хууль хэрэгжих хүртэл Засгийн газраас холбогдох дүрэм журмыг гаргах зэргээр нэлээн тодорхой ажил хийх шаардлагатай. Төрийн институциудыг ч чадавхжуулах хэрэгцээ бий.
– Та сая одоо ч гэсэн нэгдлийн бодлогыг эсэргүүцдэг компани байгаа гэж хэллээ. Харьяанд байгаа 30 гаруй компаниа зангидахгүй бол “шүдгүй арслан” шиг нэгдэл нэрнээс цаашгүй болно гэсэн шүүмжлэл ч өрнөдөг?
– Нэгдсэн зохион байгуулалт тал дээр асуудалгүй. Бид нэгдлийн харьяанд байгаа компаниудынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Харин нэгдсэн стратеги, засаглал, үйл ажиллагааны тогтолцоог бий болгож түүнийгээ манлайлан удирдах буюу бизнес төлөвлөгөөг нь төр засгийн бодлогод нийцүүлж уялдуулах механизмыг тодорхой болгож удирдана. Компанийн үйл ажиллагааг үр ашигтай болгож байж Үндэсний баялгийн сангийн орлого төвлөрч улс орны хөгжил болоод ард иргэдийн амьдралд шууд хувь нэмэр оруулна. Ийм л зарчим хэрэгжинэ, цаашид улам сайжруулна. Таны асууснаар үнэхээр нэгдсэн бодлогоор явах дургүй, төр засгийн шийдвэрийг буруу гэж үзэж байгаа бол хатуухан хэлэхэд эртхэн асуудлаа шийдвэрлэсэн дээр. Ер нь бол хэн захирал дарга байх нь сонин биш. Хэн байхаас үл хамаарч улс орны хөгжил ирээдүй хойчид шууд нөлөө үзүүлэх, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгож эрдэнэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлж үр ашгийг нь төр засаг иргэддээ тэгш шударга хуваарилдаг тогтолцоо бол “Эрдэнэс Монгол” нэгдэл. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Түүнчлэн жижиг дунд худалдаа, үйлчилгээ, банк санхүү, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа явуулж бизнес болон байгалиас заяасан баялгийг олборлож байгаа компаниудын хооронд асар том ялгаа бий. Энэ ялгааг ойлгож уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани нийгмийн асар өндөр хариуцлагатай байх ёстой. Байгаль орчин экологийн өндөр стандарт мөрддөг, тогтвортой уул уурхай олон улсын зарчмыг бүрэн хэрэгжүүлдэг байх ёстой. Баялгийг ухаж аваад хамаг баялгийг нь үнэгүйдүүлж далд эдийн засаг маягаар ашиглачихаад орхиод явдаг байдлаа болих цаг ирсэн.
ХУВИЙН ХЭВШИЛ АШИГ ОЛЖ БУЙ БАЙГАЛИЙН БАЯЛГААС АРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ ЗАРЧИМ РУУ ШИЛЖИХ ЁСТОЙ
– Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаад богино хугацаанд 10 мянган айлыг байранд оруулах 500 тэрбум төгрөгийг нэгдэл гаргаж өглөө. Өнгөрсөн оны татвар, төсөв бүрдүүлэлт ч нэлээн өссөн байна лээ. Санхүүгийн хувьд бие даасан хэмжээнд хүрсэн гэсэн үг үү?
-“Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагаа, бие даасан байдалд Засгийн газар онцгой анхаарч, бид ч хичээн ажилласнаар 2023 он өөрчлөлт шинэчлэлтийн жил болж өнгөрлөө. Нэгдлийн менежмент үйл ажиллагаа сайжирч гадаад зах зээл нөлөөлсөн ч түүхэн амжилтыг бид бүтээсэн. Тоон үзүүлэлт харвал түүхэндээ хамгийн өндөр борлуулалттай, хамгийн их ашиг, орлоготой байлаа. Улсын төсөвт хамгийн их татвар хураамжийг төвлөрүүлж, иргэдэд хоёр удаа ногдол ашиг тараалаа. Зөвхөн нэгдэл 4.5 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр 500 тэрбум буюу Монголын бүх иргэний дансанд 100 гаруй мянган төгрөг хуримтлал бий болж байгаа гэсэн үг. Эдгээр нь бидний үйл ажиллагааны шууд үр дүн. Энэхүү түүхэн амжилтын цаана хамаг л хүнд хүчир ажлыг хийж байгаа уурхайчдад, инженер техникийн ажилтнууддаа баярлах ёстой. Үүнээс гадна аль ч түвшиндээ хулгай хийхгүй байх үнэнчээр ажиллах үзэл бодол, үйл ажиллагааны нэгдэл бий болж байж үр дүнд хүрнэ. Уурхайчдын хөлсөө дуслуулж бүтээсэн баялгийг дээд түвшиндээ хэдэн дарга нь хулгайлдаг, хуваагаад идэж уудаг, авлига болгодог байж болохгүй.
Нэгдлийн бас нэг том ололт бол аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд зургаан парк байгуулах стратеги батлагдаж, ерөнхий төлөвлөлт хийгдэж байна. Үндсэн зургаан стратегийн ордынхоо баялгийг боловсруулах түвшинд ашиглаж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгоно. Монголын баялаг маш хямд гадагшаа гарч, боловсруулсных нь дараа эргүүлээд 2-3 дахин өндөр үнээр худалдаж авах биш өөрсдөө ашигт малтмалаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болгох ёстой. Түүнчлэн, дараа шатны боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувийн хэвшлийнхэнд хямд найдвартай аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлүүлж тэдэнд үнэ цэн бий болгох боломж олгоно. Энэ бүхний эхлэл тавигдлаа. Гараанаас гарчихсан төлөвлөлт хийгдэж байгаа. Байгалийн баялгийн үндсэн түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүд манай стратеги төлөвлөгөөнд орсон зургаан аж үйлдвэрийн парк дээр бий болно. Дагалдах 30 гаруй үйлдвэр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдана.
-Баялгийн санд хуримтлал үүсгэх стратегийн ордуудын хэд нь төрийн мэдэлд байгаа вэ. Хувийн хэвшилд байгаа стратегийн ач холбогдол бүхий ордуудад ямар нэг зохицуулалт хийх үү?
– Стратегийн 16 ордоос долоо нь “Эрдэнэс Монгол”-д бусад нь хувийн хэвшлийн мэдэлд бий. Мөн стратегийн орд байх ёстой, ёсгүй гэх маргаан байдаг. Яг бодит байдал дээр дийлэнх татвар хураамжийг төрийн мэдэлд байгаа стратегийн ордуудаас бүрдүүлдэг. Төр долоон стратегийн ордыг ашиглаж байгаа ч энэ нь үндсэндээ нүүрс, зэсийн ордууд байна. Тогтоогдсон нүүрсний 22 хувь, зэсийн 17 хувийг эзэмшдэг хэрнээ тухайн нүүрсний компаниудаас татвар төвлөрүүлж байгаа нь нийлээд 60-67 хувь. Өөрөөр хэлбэл, төр маш цөөхөн орд эзэмшээд хамгийн их ачааг нь үүрдэг. Төрийн компаниудын үйл ажиллагаа ил тод болж ачааны хүндийг үүрч ард иргэдэд хүртээмжтэй ажиллаж байгааг харуулж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК хоёр удаа ногдол ашиг тараалаа. Мөн иргэдийнхээ дансанд мөнгө хуримтлууллаа. Гэтэл тогтоогдсон нөөцийн дийлэнх буюу 80 хувийг эзэмшиж байгаа хувийн уурхайн үр ашиг хүртээмжийн тухай асуудал яригдахаас аргагүй. Мэдээж улсын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлж байгаа нь үнэн ч төрийн компанитай харьцуулахад нэлээн том зөрүү гарна. Тиймээс хувийн хэвшлийн асуудал яригдахаас аргагүй байгаа юм. Яваандаа нийгэмд том хэмжээний шүүмжлэл өрнөх магадлалтай. Гэтэл хувийн хэвшлийг дээрэмдлээ, хөрөнгө оруулалтыг хаалаа гээд мушгиад байгаа юм. Уул уурхайн салбарт хувийн хэвшил бүгдээрээ мундаг ажиллаж байгаа гэхэд хэцүү. Харин ч бүр далд эдийн засаг хөгжөөд байна уу гэх хандлага бий болж байна.
Төрийн зөв, тэнцвэртэй оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. “Зөв, тэнцвэртэй” гэж тодотгож хэлж байгаа нь хувийн хэвшлийг дээрэмдэнэ, хөрөнгө оруулалтыг үгүйсгэнэ гэдэг зүйл огт биш. Үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх ёстой. Ингэж байж байгалийн баялгийн үнэ цэн улам бүр нэмэгдэнэ. Уул уурхай бол хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулах юм уу жижиг дунд бизнес, үйлдвэрлэл эрхэлж байгаа салбараас тэс өөр гэдгийг ойлгож хүлээж аваад өөрчлөгдөх цаг болсон. Аль юм болгон улс орноо бодох биш өөрсдийнхөө явцуу эрх ашгийн төлөө мушгин гуйвуулах вэ дэ. Байгалийн баялаг хэн нэгний хувийн өмч биш. Монголын ард түмэнд бурхнаас заяасан учраас нийт ард түмэнд тэгш, шударга хүртээдэг. Эзэмшил, үйл ажиллагаа нь олон түмэнд нээлттэй болсноор хөрөнгө оруулалтыг татдаг орчин бий болж байж авлига, ядуурлаас сална. Энэ бүхнийг цэгцлэх агуулга Ашигт малтмалын хуульд орсон дагалдах өөрчлөлтөд тодорхой хэмжээгээр тусгалаа олсон.
– Яг энэ хэсэгт дахин тодруулж асуумаар байна. Хувийн хэвшлийн эзэмшиж байгаа стратегийн ордууд ард түмэнд ашгаасаа хүртээнэ гэж ойлгож болох уу?
– Стратегийн орд тус бүр дээр тогтоол шийдвэр нь гарсан байгаа. Үндсэн зарчим бол төрд тодорхой хувиа эзэмшүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тэндээс “Эрдэнэс Монгол” компани юм уу, төр нэг ч төгрөг авахгүй. Үйл ажиллагаа нь төр, ард түмний нүдэн дээр ил тод, нээлттэй болох ёстой. Харин олсон ашгаасаа хуримтлалын сангаар дамжуулж ард иргэдийн өмнө тулгамдаад байгаа орон сууц, эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулна, үүнээс төр нэг ч төгрөг хурааж авахгүй. Нэг хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд нэгдүгээрт ордог Монгол Улсын иргэд өнөөдөр ядуу зүдүү, утаа, хөрсний бохирдол дунд түгжирч амьдрахгүй ёсгүй. Үүнийг шийдвэрлэх гарц бол баялгаа зөв ашиглаж зөв хуваарилах л асуудал.
УРАНЫ ХЭЛЭЛЦЭЭНД ЗАРЧМЫН ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА
-Таныг нэгдлийг удирдаж байх цаг үед шийдлээ хүлээж байгаа нэг чухал төсөл бол ураны олборлолт. Нэг хэсэг яриа хэлэлцээ идэвхтэй хийгдэж байгаад зогсчихов уу гэмээр чимээгүй болчихлоо. Ямар шатандаа явна вэ?
-Уран бол энгийн ашигт малтмал биш цацраг идэвхтэй, стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэдгээрээ нөхцөл шаардана. Хөрөнгө оруулалтын гэрээг ч санхүүгийн үр ашгаас гадна хойшид үүсч болох бусад нөхцлүүдийг тооцоолж байж маш нухацтай хийх ёстой. Хэлэлцээнд энэ зарчмыг хатуу баримталж байгаа. Дээр нь ногоон, аюулгүй, тогтвортой уул уурхайн зарчмууд бүрэн хэрэгжих ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр ажиллаж байгаа “Зөөвч овоо“ төсөл бол Оюу толгойн дараа орох гуравдагч хөршийн хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ. Эхний гэрээ маш их шүүмжлэлтэй, одоо ч асуудал дагуулсаар байна. Одоо хүртэл аль аль талдаа нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа хөрөнгө оруулалтын заалтууд байгаа. Дэлхийд дөрөвдүгээрт орох зэсийн орд хэрнээ татварын маргаанаас эхлээд улс өрөнд орж буй олон асуудал явж байна. Тиймээс энэ түүхээ дахин давтахгүйн тулд бид хатуу байр суурьтай байгаа. Гэхдээ урантай холбоотой гэрээ хэлэлцээр хэвийн үргэлжилж байна.
– “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах болон нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлаас эхлээд уул уурхайн томоохон төслүүд урагшлах уу?
– Бид уул уурхайн том төслүүдээ олон жил ярилаа. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд том төслүүд хэрэгжих механизмгүй. ТЭЗҮ, төслийн судалгаа үнэлгээ, бэлэн байдлыг хангах, сонгон шалгаруулах механизм сул байсан. Хэрэгжүүлэх механизм тодорхойгүй, аж үйлдвэрийн гинжин хэлхээг үүсгэж цогцоор нь шийдвэрлэх төлөвлөлт хийгдээгүй явж ирсэн байна. Баялагтаа эзэн болохын тулд аль хүртэл яаж боловсруулж ямар бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг нь тодорхойгүй. Энэ бүхнийг хэрэгжүүлэх санхүүжилтийн механизм чадавх дутагдаж байсныг шийдвэрлэсэн. Цаасан дээр ч бараг буугаагүй, толгой дотор л яригдаж байсан төслүүд нэг үеэ бодоход хэрэгжих бүрэн боломжтой болж байна. Тиймээс ирэх дөрвөн жилд нэлээд олон том төсөл гараанаас гарах суурь нь тавигдаж механизм нь бүрдлээ гэж хэлж болно. Асгатын мөнгөний орд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн хорголж зэрэг төслүүдээ өөрсдөө санхүүжүүлэх боломжтой болсноос гадна стратегийн хувьд чухал ач холбогдолтой төслүүдээ нэн түрүүнд хөдөлгөх ажлыг эхлүүлж ТЭЗҮ-ээс эхлээд нэлээн цэгцэлж байна. Харин Оюу Толгой, уран шиг дотоодоосоо санхүүжүүлэх боломжгүй томоохон төслүүд дээр бол хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээ хийх шаардлагатай.
– Салбарт сүүлийн үед хөндөгдөж байгаа бас нэг чухал зүйл нь газрын ховор элемент. Магадгүй манай улсад шинэ тутамдаа орох газрын ховор элементийн хайгуул, хөрөнгө оруулалтыг ямар байдлаар шийдвэрлэх вэ?
– Монгол Улсын Ерөнхий сайд Солонгост айлчлахдаа газрын ховор элементийн асуудлаар хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд Солонгостоо дөрөвдүгээрт ордог батерей үйлдвэрлэгч компани манайхтай хамтран ажиллах санал тавьсан. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн үндсэн бизнес нүүрс, зэс байгаа ч ирээдүйн чиг хандлагыг орхиж болохгүй. Монголд олборлох боломжтой нөөц илрэл гарсан ховор элемент металлаар гадны хөрөнгө оруулагчдыг татах стратегитай байна. Судлагдаагүй салбар учраас геологи, хайгуулд хөрөнгө гаргах шаардлагатай, эргээд тэр нь эрсдэлтэй учраас гадны хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллахаас аргагүй. Монгол Улсад цахилгаан машин, өндөр технологийн бүтээгдэхүүний гол түүхий эд болсон литийн ирээдүй байгаа. Ер нь бол газрын ховор элемент чухал металлын нөөц баялгаа нэмэгдүүлэх, геологи хайгуулын чиглэлээр эрсдэл даах чадвартай хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллаж байж ирээдүйн үнэ цэн, үр ашгийг бий болгох юм.
ХАРИУЦСАН АЛБА БҮРТЭЭ МАШ БОДИТОЙ, БОДЛОГО, ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН 100 АЖЛЫГ ЧӨЛӨӨТЭЙ НЭРЛЭЖ ЧАДНА
– Өнгөрсөн хугацаанд, таны ажлыг хөндлөнгөөс ажиглаж байхад оч үсэрвэл гал болох хэмжээний үйл явдал цөөнгүй гарлаа. Таныг албан тушаалаа өгөх гэж байгаа ч гэж хэвлэлээр бичиж байсан. Ер нь ажлын зарчмаасаа ухрах, ажлаа өгье гэж бодох тохиолдол гарав уу?
-Өнгөрсөн хугацаанд миний хийсэн олон зөв өөрчлөлтөд дургүйцсэн хүмүүс нэлээдгүй байна. Би бас ажил хийдэггүй, ашиг сонирхол гаргадаг хүмүүсийг тэвчдэггүй хатуу ханддаг зантай. Төрийн өмчийн компаниудад миний зарчимд нийцдэггүй хүмүүс олон байх юм.
Одоо бол Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанд хувийн хэвшлээс дургүйцэж байгаа хүн олон бий. Бүр тодорхой хэлбэл, эрдэс баялгийн үр өгөөжийг нийтээрээ хүртэх зарчмын эсрэг буюу цөөхүүлээ сайхан амьдарч, бусад нь ядуу байх сонирхол байна. Тэдгээр хүмүүс Үндэсний баялгийн сангийн хуулийн концепцийг гаргасан Засгийн газар ажлыг нь гардан хэрэгжүүлэх хүмүүст дургүйцэж байгаа. Дургүйцлээ ил, далдаар илэрхийлсээр байна.
Би бол ажлын хатуу зарчимтай. Төрийн ажил хийж байгаа хүн ашиг сонирхлоос ангид байх ёстой. Үүрэгт ажлаа сайн хий гэдэг шаардлагыг хатуу тавьдаг нь үнэн. Үүнд дургүйлхэж хулгай хийх боломжгүй болгох гэж байна гэж уурлаж бухимдаж байгаа хүмүүс бий. Хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр хувь хүн тал руу янз бүрээр дайрч давшиллаа. Гэхдээ надад сонин биш л дээ. Намайг мөнгө төлж гүтгэж харлуулаад буулгаж авъя, өргөдлийг нь өгүүлье гэж байгаа бол бүтэхгүй.
Төр засгийн зүгээс одоо болно гэх хүртэл хийх ёстой ажлаа хийнэ. Хийх хэрэгжүүлэх ажлаасаа, зарчмаасаа ухрахгүй, няцахгүй. Харин төр өөр ажилд томилох үүрэг өгвөл явна. Түүнээс хэн нэгний хулгай хийх боломжоо алдахгүйн тулд эрх ашгаа гүйцэлдүүлэхийг хүлээн зөвшөөрч няцаж шантраад, нэр төрөө бодоод больж болохгүй л дээ. Өдий хүртэл ажлаа ингэж л хийж ирсэн. Очсон, хариуцсан алба бүртээ хийсэн ажилтай, хэлэх үгтэй, гишгэсэн мөртэй яваа. Аль ч газар очсон “Чи юу хийсэн бэ” гэхэд нэг, хоёр, гурав гээд наад зах нь маш бодитой 100 ажлыг чөлөөтэй хэлж чадна. Тэр нь зүгээр нэг тоо гүйцээх биш голцуу бодлогын, тогтолцооны хэмжээнд өөрчлөлт шинэчлэлт хийсэн зүйлс бий л дээ. Ер нь хараад байхад хүмүүс өөрчлөлт шинэчлэлтэд дуртай биш юм байна. Тиймээс ажил цалгардуулдаг, ашиг сонирхол гаргадаг, арга саам хайдаг хүмүүс надад их дургүй байдаг юм байна. Ажлын төлөө хүмүүс ч бий. Тэр тусмаа төрийн алба бол муу нэртэй, асар их дарамт, ачаалалтай. Хэдий тийм ч үр хүүхэд, улс орон, олон нийтийн ирээдүйн төлөө ажиллах ёстой. Тийм ч үүрэгтэй гэж тангараг өргөдөг. Энэ дагуу ажлаа хийж байгаа, бодож санасан өөрчлөлт, гол ажлуудынхаа ихэнх хувийг хийж чадлаа. Цаашид жигдрүүлэх, “амь” оруулах шаардлага бий.
-Тэгвэл таны дараагийн нүүдэл юу байх вэ?
-Ний нуугүй хэлэхэд тэтгэврийн нас болонгуут гавьяаны амралтдаа гарна гэж бодож байна. Олон жил өндөр ачаалалтай ажиллаж байна. Тэр хүртэл төрийн ажлаа сайн, нэр төртэй хийнэ. Өдий насанд одоо хувийн бизнес хийх арга байхгүй болсон. Өнгөрсөн хугацаанд Монголын төр надад төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийх, зөв өөрчлөлт шинэчлэлт хийж хэмжээний мэдлэг, туршлага бий болгож өглөө. Үүнийгээ Монгол Улсын хөгжил, сайн сайхан ирээдүйн төлөө чадахаараа зориулна. Бид үр хүүхэд ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээх ёстой. Үүний тулд салбар тус бүрд өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй.
Анх “Эрдэнэс Монгол”-д ирэхдээ тийм ч сэтгэл хангалуун байгаагүй ч энэ салбараас их зүйлийг ойлгож суралцсан үнэ цэнтэй цаг хугацаа өнгөрч байна. Хамгийн гол нь хийх ёстой өөрчлөлт шинэчлэлтээ олж хараад эхлүүлсэн. Гол зарчмын өөрчлөлтөө хийж чадсан гэж бодож байгаа.
Сүрнээгийн УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 110 (7354)