Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцсэн холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 37 дугаар тогтоол батлагдлаа
УИХ-ын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцсэн холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 37 дугаар тогтоол батлагдлаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасан чиг үүргийн дагуу Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг 2023 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Комисст ирсэн гомдол, мэдээлэл болон Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн нийт 7 бүлгийн хүрээнд боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулахаар 54 саналын хамт 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн.
УИХ-ын 37 дугаар тогтоолд “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдвэрлэх асуудал” гэсэн 7 асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа.
1.ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙН ТАЛААР:
А.байгаль орчны салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн өөрчлөх саналыг боловсруулж, агаар, орчны бохирдлын асуудлыг үндэсний хэмжээнд хариуцах бүтцийг тодорхойлж, салбар хоорондын уялдаа холбоог ханган үр дүнтэй ажиллах тогтвортой тогтолцоог бүрдүүлэх;
Б.агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулах бодлогыг урт, дунд, богино хугацааны зорилтод нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх, тандалт, хяналт шинжилгээний сорьцын мэдээллийн сан бүрдүүлж, дотоод орчны чанарт тавигдах суурь үзүүлэлт бүхий шаардлага, стандартыг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод орчны чанарын лабораторийн хэмжилтийн дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох харилцааг зохицуулах;
В.хөрсний болон усны бохирдлыг бууруулах, хог хаягдлын төлөвлөгөөг батлах, усны менежментийн төлөвлөгөөг шинэчлэх, хөрсийг нөхөн сэргээх, ногоон бүс байгуулах, ургамал мод тарих зэрэг арга, технологийг хэрэглээнд нэвтрүүлэх, ариун цэврийн байгууламж (нүхэн жорлон)-ийг стандартад нийцсэн эко ариун цэврийн байгууламжаар солих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хяналт тавих;
Г.орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд тогтмол, хүртээмжтэйгээр хүргэх, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулах.
2.БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР:
А.бүх шатны боловсролын сургалтын байгууллага, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд төр, иргэний хамтарсан хөндлөнгийн хараат бус хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;
Б.хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн эрхийг хангах хүрээнд тэднийг дэмжих төв ажиллуулж, тохирох орчныг бүрдүүлэх, тусгай сургалтын хэрэглэгдэхүүн бий болгох, эцэг, эхийн оролцоог хангаж, багшийн туслахаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгох хуулиар тогтоосон арга хэрэгслийг үр дүнтэй хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын цогц арга хэмжээ авах;
В.хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, стандарт, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
3.ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР:
А.улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа зэрэг хүүхдүүдийн бүртгэлийг хийж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хяналт тавих механизмыг сайжруулах, эдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн санг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгайлсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх;
Б.хүүхдийн асрамж халамжийн төвөөс гарч байгаа өнчин хүүхдийг ажлын байр, орон байртай болоход бодитой дэмжлэг үзүүлэх, тэдгээр хүүхдийг их, дээд сургуульд суралцахад боловсролын зээлийн санхүүжилтээр үнэ төлбөргүй суралцуулах, суралцагчийн тэтгэлгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
В.аймаг, дүүрэг бүрд байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд зориулсан нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, боловсрол олгох, өдөр өнжүүлэх хөгжлийн төв болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төв байгуулах, холбогдох санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх.
4.ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААН ДАХЬ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР:
А.гэр бүлийн боловсрол олгох, зорилтот гэр бүлийг дэмжих, нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүчирхийлэл, ахуйн хүрээний сөрөг зан үйлээс хамгаалах асуудлыг тусгасан гэр бүлд чиглэсэн салбар дундын цогц бодлого батлах, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх;
Б.өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан урьдчилан сэргийлэх, хамгаалах, тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн тусгайлсан төсөв, санхүүжилтийг шийдвэрлэх;
В.ахмад настан, хүүхэд, байнгын хэвтрийн өвчтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах үйлчилгээг даатгалын зарчмаар санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
Г.шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөхгүй байгаа болон хуулиар хүлээсэн хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргийг биелүүлэх зохицуулалтыг хууль тогтоомжоор тодорхойлох, энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад хүлээлгэх хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нөхөн төлөгдөх нөхцөлтэй “Хүүхдийн тэтгэлгийн сан” байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
5.ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН АСУУДЛААР:
А.төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлах, ашгийн бус байгууллага байгуулж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хэрэгжүүлэх үзэл баримтлалын үүднээс Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах;
Б.хүний эрх хамгаалагч, шүгэл үлээгчийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан механизмыг бий болгох, байгаль хамгаалагчийн ажлын байрны үнэлгээг хийж, албан үүргээ гүйцэтгэх баталгааг бүрдүүлэх.
6.ХОРИХ ЯЛ ЭДЛЭЭД СУЛЛАГДСАН ХҮМҮҮСИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, СОЁЛЫН ЭРХИЙН АСУУДЛААР:
А.хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийг нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх механизмыг олон улсын туршлагад нийцүүлэн бий болгох, ингэхдээ төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх бодлого баримтлах;
Б.хорих ял шийтгүүлсэн хүнийг нийгэмшүүлэх, суллагдахад бэлтгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын зорилгыг хангах ажлын бодит үр нөлөөг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;
В.хорих ангийн тоог бууруулах урт хугацааны зорилгын үүднээс хорих ангийг дагнасан сургалт, үйлдвэрлэлийн хэлбэрээр зохион байгуулах бодлого гаргаж, хэрэгжүүлэх;
Г.хорихоос суллагдахад бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх.
7.ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ УЛС ТӨРИЙН ОРОЛЦООНЫ ТАЛААР:
А.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 33 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих бүтцийг тогтоон хуульчлах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүргээ биелүүлээгүй хүн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлагыг Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулиудад нарийвчлан тусгах, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох;
Б.бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг, төлбөр, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох;
В.хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах, бие даан шийдвэр гаргах, сонголт хийх хэвшил, дадал төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Насан туршийн суралцахуйн төвийг түшиглэн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
Г.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд чуулганы танхим, хуралдааны мэдээлэл хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, онцлог хэрэгцээнд нийцсэн байх, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнд шаардлагатай хувийн туслах, дохионы хэлмэрч, туслах технологиор хангах зохицуулалт тусгах;
Д.Монгол Улсын цахим хөгжлийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанар, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа, хөрөнгө оруулалтын арга хэмжээг тусган хэрэгжүүлэх.
8.ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
А.шүүхийн шийтгэх тогтоолд заасан нийт хугацаанд хорих ангид ял эдэлж байхдаа өөр гэмт хэрэгт шалгагдаж, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцохгүй байгаа нь хүний халдашгүй, чөлөөтэй байх Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байж болзошгүй тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэсэн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох.
9.ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР:
А.Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг Дэд хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмж (2016), “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо Монгол Улсад хийсэн айлчлал: ажиглалт болон оролцогч улсад хандсан тайлан, зөвлөмжүүд” (2017), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн Монгол Улсад 2022 онд хийсэн айлчлалын тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн 2023 оны 54 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталж Монгол Улсад ирүүлсэн Зөвлөмжид нийцүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг зохицуулсан холбогдох зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулан, боловсронгуй болгох;
Б.Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 22 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийж Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эрүү шүүлтийн эсрэг хороонд уламжлах асуудлыг холбогдох журмын дагуу судлан шийдвэрлэх.
2.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон гишүүний зөвлөмж, шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, хэрэгжүүлээгүй төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.
5.Энэ тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.