ХЭҮК: УИХ-ын ээлжит сонгуулиар гарч болзошгүй зөрчил болон анхаарах зөвлөмж

0

Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд тус тус мониторинг хийж, хэд хэдэн нийтлэг зөрчлийг илрүүлжээ. Улмаар эдгээр зөрчлүүдийг давтан гаргахгүйн тулд Улсын Их Хурлын 2024 оны сонгуулиар анхаарах асуудал болон гарч болзошгүй зөрчлийн талаар мэдэгдэл хийлээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар дараах нийтлэг зөрчлүүд гарчээ.

Санал авах байрны орчин, хүртээмж

  1. Сонгуулийн хэсгүүдэд тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй, өндөр настан зэрэг сонгогчдод зориулсан налуу зам байгаагүйн дээр хэт өндөр довжоотой, нарийн хаалгатай, барилгын Б1 давхарт эсвэл 2 давхарт байрласан байв.
  2. Санал авах байрны 29.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан, тэргэнцэртэй хүн суухад тохиромжтой нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгээгүй.
  3. Сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэн саналаа өгөх нөхцөл 51 хувьд нь хангагдаагүй байсан нь өмнөх жилүүдээс нөхцөл байдал сайжраагүй хэвээр байна.

Саналын хуудасны тооцоо

  1. Саналын хуудасны тооцоог 112 хэсгийн хорооноос 93 нь ажиглагчдад ойлгомжтойгоор нээлтийн хэсэгт танилцуулсан бол зарим хэсгийн хороо энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзах буюу огт мэдээлээгүй тохиолдол гарсан.
  2. Зарцуулаагүй үлдсэн саналын хуудсыг хүчингүй болгож баруун доод өнцгийг хайчлах ажиллагаа 9 хэсэгт ажиглагчдын нүдэн дээр явагдаагүй бөгөөд тодруулж асуухад нь хариулаагүй, бусад хэсгийн хорооны дүнг харсны дараа энэ үйлдэл хийгдэнэ, бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгөх ёстой гэх мэтээр хуульд нийцээгүй тайлбар хийжээ.

Санал авах үйл явц, саналын нууцлал

  1. Нийт хэсгийн 26.1 хувьд нь саналын нууцлал алдагдах нөхцөл үүссэн.
  2. Хэсгийн хороодын 39.4 хувьд нь хэсгийн хорооны зай талбай бага байснаас мэдээллийн технологийн даамал санал уншуулах төхөөрөмжтэй хэт ойр суух буюу саналын нууцлал алдагдах нөхцөл үүссэн.
  3. Хөдөө орон нутагт, алслагдсан хэсгүүдэд Монгол гэр болон жижиг зай талбайтай байранд санал авах хэсгийн хороог байгуулсан.

Нэр дэвшигчийн баталгаа, халдашгүй байдал

  1. Нэр бүхий нэр дэвшигчийн нэр төрд халдаж, илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар тараасан тохиолдол гарсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсэн.
  2. Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх зэрэг Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон зөрчил гаргасныг нотлох баримтаар баримтжуулан холбогдох байгууллагад гомдол, мэдээлэл гаргахад хуулийн дагуу шийдвэрлэдэггүй, зөрчлийг таслан зогсоодоггүй эсхүл хугацаа алдаж шийдвэрлэдэг зөрчил түгээмэл гардаг.
  3. СЕХ-оос нэр дэвшигчийг бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, түүний дагуу гомдол гаргаж, шийдвэрлүүлэхэд хугацаа алдаж сонгогчтой уулзах, сонгуулийн сурталчилгаа явуулах зэргээр хохирдог.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар дараах зөрчлүүд гарах магадлалтай.

  • Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөхтэй холбоотой зөрчил
  • Мандатын тооноос бага санал өгвөл санал хүчингүйд тооцох
  • Бүртгэлгүй, хуурамч цахим хуудас ашигласантай холбоотой зөрчил
  • Цахим орчинд хиймэл оюун ухаанаар нэр дэвшигчийг дуурайж, худал мэдээлэл тараах, амлалт өгөх
  • Итгэмжилсэн иргэнтэй холбоотой зөрчил
  • Санал өгөх, саналын хуудастай холбоотой зөрчил
  • Сонгогчийн саналд шууд болон шууд бусаар нөлөөлөхтэй холбоотой зөрчил
  • Цахим орчин дахь сурталчилгаатай холбоотой зөрчил
  • Нийгмийн сүлжээнд гол төлөв эмэгтэй нэр дэвшигчийн талаар худал мэдээлэл тарааж нэр төрийг гутаах, гүтгэх, хэл амаар доромжлох

Ийм учир ирэх сонгуулиар дараах асуудалд анхаарахыг зөвлөлөө.

  • Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолд төрийн бус байгууллагуудын эрх үүргийг илүү тодорхой тусгах
  • Сонгуульд хөндлөнгийн хяналт тавих ТББ-уудыг бүртгэж авсан тогтоол шийдвэрийг аймаг, дүүргийн сонгуулийн хороодод мэдээлэх
  • Нэр дэвшигчийн халдашгүй байдалтай холбоотой тусгайлсан хууль тогтоомжийн зохицуулалтыг шүүх хэрэглэх эсэх асуудлыг нэг мөр ойлгомжтой болгож хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахад барьцааны дүнг хэрхэн тогтоох, түүнийг гүйцэтгэх хугацаа ямар байх нь ойлгомжгүй, үндэслэл нь тодорхойгүй байгааг анхаарч зохицуулах;
  • Цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо сонгуультай холбоотой маргааныг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх тусгайлсан процессыг тодорхой хуульчлах
  • Тролл, бот хаягуудаас зохион байгуулалттай сурталчилгаа явуулж буй байдалд хяналт тавих
  • Мөн сонгуулийн сурталчилгаа явуулахад нам, эвсэл, нэр дэвшигчдээс гадна намын дэргэдэх холбоод гэх мэт гуравдагч этгээд идэвхтэй оролцож байгаа явдалд анхаарал хандуулж цаашид гуравдагч этгээдийн зүгээс сурталчилгаа явуулахтай холбоотой харилцааг журмаар зохицуулах-
  • Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаанд төрийн байгууллагуудад хадгалагдаж буй иргэдийн хувийн өгөгдөл, мэдээллийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх, хориглох

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *