Д.Сүнжид: Н.Номтойбаярыг нэр дэвших эсэхийг Улсын дээд шүүх тайлбар гаргаж, эцэслэх ёстой
Сонгуулийн Ерөнхий хорооноос “Үндэсний эсвэл”-ээс нэр дэвшигч Н.Номтойбаярыг авлига албан тушаалын гэмт хэргээр шийтгэгдсэн гэх шалтгаанаар нэр дэвших жагсаалтаас хассан. Н.Номтойбаяр уг асуудлаар гурван өдрийн өмнө Улсын дээд шүүхэд хандсан.
Тэрбээр “УИХ-ын тухай хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлэх явцад Цагдаагийн Ерөнхий газраас намайг авлига, албан тушаалын хэргээр ял авч байсан мэтээр ойлгогдохуйц бичгийг СЕХ-нд хүргүүлсэн. Тэр бичиг дээр нь үндэслэж УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс хасах шийдвэр гаргасан. Миний бие авлигын хэргээр ял авч байгаагүй” гэдгийг онцолж байв.
Тэгвэл өнөөдөр /2024.06.06/ ХЭҮК-оос мэдээлэл хийх үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Нэр дэвшигч Н.Номтойбаярын асуудал дээр хуулийг тайлбарлах тухай асуудал үүсээд байгаа.
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Дээд шүүх л хууль тайлбарлах эрхтэй. Тиймээс шүүх үүнд тайлбар хийх шаардлагатай .
Үүнийг нягталж үзэх ёстой асуудал уу гэвэл мөн. Хэрэв авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол гарсан бол нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд заасан” гэв.