Популист шийдвэрийн гор эдийн засгаа сүйрүүлэх үү
Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй гарчээ. Инфляц 6.4 хувьд хүрч Монголбанкны зорилтот түвшинд хүрч буураад байна. Монгол руу орох валютын урсгал нэмэгдсээр нөөц анх удаа 5 тэрбум ам.доллар давж, ам.долларын ханш сулрав. Эдийн засгийн эерэг үзүүлэлтийг харвал сонгуулийн амлалт шиг л байна. Өнгөц харвал, төгрөг чангарч, ам.долларын ханш суларсан, эрх баригчдын шийдвэрээр ногдол ашиг тарааж, цалин тэтгэвэр, халамж нэмэгдэж, малчдад хүүгүй зээл олгосноор өрхийн амьдрал өөдөлжээ.
Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, наадмын дараа намар болно. Эргээд л утаа түгжрэл, үнийн өсөлт ар араасаа асуудлууд хөвөрнө. Эдийн засгийн өнгө ямар байхаас шалтгаалж та бидний халаасан дахь хэдэн бор төгрөг хэмжигдэнэ.
-ХАЛАМЖИЙГ ЦАРЦААХ УХААЛАГ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА-
Одоогийн эрх баригчид эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувь, нүүрсний экспортыг 2024 онд 78 саяд хүргэнэ гэх төсөөлөлтэй байна. 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд ийнхүү тусгасныг хэт өөдрөгөөр төсөөлж байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс сануулсаар байгаа юм. Алт, зэс, нүүрс гэх тодотголтой цөөн нэр төрлийн түүхий эдийн үнэ ханшаас эдийн засаг нь савладаг манай улсын хувьд мөчлөг сөрсөн бодлогогүй, төсвийн хэт тэлэлт ирэх намар эдийн засагт том сорилт болох нь.
Энэ талаар Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлэхдээ “2024 оны эдийн засгийг Монгол Улсын холбогдох төрийн байгууллагууд нэлээд өндөр таамаглаж байна. Миний хувьд эдийн засаг 5-6 хувьтай өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Сонгуулийн дараа төсвийн хэт тэлэлт эдийн засагт том сорилт болно. Учир нь бид хүсэн хүлээгээд буй мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Уул уурхайн салбарын орлого нэмэгдэхээр төсвийн зарлагаа тэлдэг. Орлого буурсан үед эдийн засагт валютын ханшаа төсөвт дарамт ирж, төсөв дагасан өр өсдөг” гэсэн юм. Түүний зүгээс хавтгайрсан халамжийн бодлогыг одооноос царцааж, төсвийн зарлагыг одоогийн 27 их наядаас хэтрүүлэхгүйгээр барьж, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж чадвал эдийн засагт учирч болзошгүй хүндрэл аль болох бага байхыг зөвлөсөн.
Даан ч цалин, тэтгэвэр, халамжийн нэмэгдэл, малчдад олгосон 5 их наядын хүүгүй зээл, ногдол ашиг өнөөдөр иргэдээ баярлуулсан бол маргааш нь хорлох бололтой.
-ТӨГРӨГ СУЛАРЧ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 10 ХУВИАР ЧАНГАРАХ ЭРСДЭЛ ОТОЖ БАЙНА-
Төгрөг “цаас” болж цалин, тэтгэвэр, халамжийн нэмэгдэл үнийн өсөлтөд шингэж, өнөөдрийн 20.000 төгрөг маргааш 10.000 төгрөгтэй тэнцэх нь. Төгрөгийн ханш суларч, тогтвортой байсан ам.долларын ханш чангарах байдлаар эдийн засагт шок мэдрэгдэхийг эдийн засагч Б.Лакшми хэлсэн юм. Тэрбээр “Сонгуулийн дараа төгрөгийн ханшийн сулрал, валютын ханшийн чангарлыг авч үзвэл 8-10 хувь чангардаг үзэгдэл байдаг.
Энэ жилийн хувьд наад зах нь 10 хувь чангарахаар харагдаж байна. Эхний шок наймдугаар сарын сүүл, ес, аравдугаар сараас эдийн засагт мэдрэгдэнэ. Үүнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмсэн нь нөлөөлөхөөр байна.
Мөн энэ жилийн хувьд хоёр удаа ногдол ашиг тараасан, хоршоодод их хэмжээний зээл олгосон зэрэг энэ бүх асуудал нь эргээд намраас эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ гэж харж байна. Тэгэхээр төсөвт тодотгол хийх шаардлага үүснэ” гэсэн юм.
-ҮНИЙН ӨСӨЛТ ИНФЛЯЦИЙН ДАРАМТ-
Монгол Улсын хувьд эдийн засаг нь экспорт, импортын бүрэн хамааралтай. Хоол хүнс, хувцас зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дийлэнхийг нь урд хөршөөс худалдан авдаг манай улсын хувьд үнийн өсөлт, бууралт инфляцаар илэрдэг. Үүний дохио нь Тяньжин боомтод 5400 орчим чингэлэг ачаа гацаж, үнэ өсөх эрсдэл үүсэв. Нөгөөтэйгүүр, гадуур өнөөдөр нэг таваг хоолны үнэ дунджаар 15000 төгрөг байсан бол алгуур нэмэгдсээр намар 18.000-20.000 төгрөг болохыг үгүйсгэхгүй. Шалтгаан нь, мах, ногооны үнийн өсөлт, амтлагч, ургамлын тос, шатахууны үнэ зэрэг олон хүчин зүйлийн үнэ хамааралтай.
Тэр дундаа мах, ногоо зэрэг цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь инфляц буюу эдийн засаг дахь ерөнхий үнийн түвшний өсөлтөд жин дардаг тул хүчтэй нөлөө үзүүлдэг. Дэлгүүрт ч мөн адил.
Жишээлбэл, өндөгний үнэ нэмэгдсээр өнөөдөр 700 төгрөг болсон бол 1000-1500 төгрөг болоход ойрхон байна. Учир нь, өндөгний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дотоодын эрэлт хэрэгцээг импортоор нөхөж байгаатай холбоотой. Мэдээж үндэсний үйлдвэрлэлүүд байгаа ч өнөөдөр эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь үнэн. Хэдийгээр өнөөдөр инфляц улсын хэмжээнд 6.4 хувьтай байгаа ч намраас өсөлт ажиглагдана гэж эдийн засагчид таамаглаж байна. Мөн бодит байдал дээр ч өнөөдөр инфляц буураагүй болохыг зарим эдийн засагчид хэлэх болжээ.
-ТААЗАНДАА ТУЛСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДАЛ БА ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ-
Эрчим хүчний алдагдлыг нөхөх үнийн нэмэгдэл ирэх намраас айл өрх, албан байгууллага бүрт мэдрэгдэж болзошгүйг эдийн засагчид таамаглаж эхлэв. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлчүүд хоногийн талд шахам эрчим хүчээ хязгаарлуулах хүртэл гамшгийн хэмжээний нөхцөл үүсэхэд бэлэн байна гэсэн үг. Харамсалтай нь үүнийг тоож байгаа ч хүн алга” гэж хатуухан хэлсэн удаатай.
Харин эдийн засагч Ч.Хашчулуун хүний наад захын амьдрах хэрэгцээ болох эрчим хүч, халаалтыг гайхах зүйлгүйгээр шийдэх ёстойг сануулж амжсан. Тэрбээр “Хүний амьдралд чухал хэрэгтэй гурван зүйл байгаа. Нэгдүгээрт, эрчим хүч. Эрчим хүч байхгүй бол юу ч урагшлахгүй. Аж үйлдвэр ч явахгүй, дэд бүтэц ч хөгжихгүй. Тэгвэл манайд эрчим хүчний том төсөл юу байна вэ. Намар Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орно. Дараа нь дулааны, халаалтын станцуудыг хурдан шийдэх хэрэгтэй. Үүнд цаг алдаад, гайхаад байх зүйл үгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Ubn.mn