П.Батжаргал: Бид итгэл даахуйц, баталгаатай хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бий болгож чадсан

0

“Ашид Капитал ББСБ” ХХК-ийн захирал П.Батжаргалтай ярилцав. Тус компанийн Simple рэйтингтэй бондын III транчийн урьдчилсан захиалга эхэлжээ. Бондын анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 7-нд нээнэ.

-Юуны өмнө та уншигчдад “Ашид капитал”-ын талаар товч мэдээлэл өгөөч.
-“Ашид капитал” нь 2020 онд байгуулагдсан, финтек компани. Бид уламжлалт буюу бизнесийн болон дижитал зээл олгодог. Манай улсын таван том ББСБ хосолмол зээлийн үйлчилгээ үзүүлж байна.

Бид өнөөдрийн байдлаар 33.8 мянган идэвхтэй зээлдэгчтэй. Simple аппликэйшнд бүртгүүлсэн хүний тоо 460 мянга хүрсэн. Үүнээс гэрээт харилцагчийн тоо 110 мянга байна.  Манай нийт зээлийн багцын 50 хувийг иргэдийн авсан хэрэглээний зээл, үлдсэн 50 хувийг бизнесийн зээл эзэлдэг.           

Бид дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, зах зээлийн хүртээмжийг нэмэх зорилгоор дижитал зээлийн үйл ажиллагаа явуулж, Simple аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлсэн.

skip-share

Бид өнөөдрийн байдлаар 33.8 мянган идэвхтэй зээлдэгчтэй.

-Дэвшилтэт технологид суурилсан гэдгийг та тодруулж хэлж өгөөч.
-Үүнд  хиймэл оюун ухаан багтана. Автоматжуулах боломжтой олон процесс байдаг. Бид БНСУ, Нидерланд, Энэтхэгт олон хамтрагчтай тул тэд ямар технологи ашиглан, яаж ажилладгийг байнга судалдаг, тэднээс туршлага судалдаг.   

-Яагаад Simple бондыг авах хэрэгтэй вэ?
-Бид нийт 55 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж, эхний хоёр транчаа амжилттай гаргасан. Одоо гурав дахь транчийн 20 тэрбум төгрөгийн бондоо гаргах гэж байна. Би БНСУ-ын хоёр дахь том банк болох Шинхан банканд долоон жил ажилласан. Олон улсын зах зээлүүдэд нийт бондын 80 хувийг зээлжих зэрэглэлтэй бонд эзэлдэг. Монголд ийм бүтээгдэхүүн байгаагүй.

Зээлжих зэрэглэлтэй бонд нь хүнээс барьцаа, баталгаа нэхэхгүй. Мэргэжлийн хүмүүс тухайн компанийг үнэлж, тэр үнэлгээнд тулгуурлан бонд гаргах эрхийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгдөг схем юм.

Манай улсад хууль, эрх зүйн хувьд боломжтой байсан тул бид үнэт цаасны компаниудтай ярьж байгаад хэрэгжүүлсэн. Монголд хамгийн анхны зээлжих зэрэглэлтэй бонд гаргасан. Үүнд оролцогч талууд их чухал. Мэргэжлийн, туршлагатай оролцогч талууд байх ёстой. Бид Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээ өгөх анхны компани болох “МИРА”-тай хамтран ажилласан. Хуулийн компани нь 20-иод жилийн түүхтэй “Батбаяр энд партнэрс”.

Харин үндсэн андеррайтераар  “Голомт капитал”, туслах андеррайтераар “Мандал капитал” тус тус ажиллаж байна. Санхүү бүртгэл талаас нь “Мэжик”  гээд дотоодын аудитын компани ажилласан. Эдгээр таван компани оролцон ажиллалаа.
    
-Рэйтингтэй бондын онцлог, давуу тал юу вэ?
-Манай компани болон бондын зээлжих зэрэглэл буюу рейтингийг тус тусад нь тогтоодог. Үнэлгээг улирал тутам хийнэ. Ингэхэд компанийн эсвэл бондын үнэлгээ хөдөлж болно. Зээлжих зэрэглэлийг хянаад явдаг гэсэн үг юм. Нэг удаа олгоод дуусах процесс биш. Бондын хугацаа дуустал үнэлгээг хийх ёстой. “МИРА” манай бондын зэрэглэлийг ВВВ+ гэж тогтоосон. Энэхүү үсгээр тэмдэглэсэн зэрэглэлүүд нь таны тухайн бондод оруулсан хөрөнгө оруулалт тохирсон хугацаандаа, амласан өгөөжтэйгөө хамт эргүүлэн төлөгдөх үү гэдгийг илтгэж байгаа юм л даа.

skip-share

Бид Монголд хамгийн анхны зээлжих зэрэглэлтэй бондыг гаргасан.

Олон улсад ВВВ зэрэглэлтэй бол дунд зэргийн эрсдэлтэй, хөрөнгө оруулахад тохиромжтой гэж үздэг. ВВ бол хөрөнгө оруулахад харьцангуй эрсдэлтэйд тооцогддог юм. ААА хамгийн өндөр зэрэглэл. Засгийн газрын  бондууд ААА зэрэглэлтэй. Хэдий эрсдэлтэй ч Засгийн газар тогтвортой ажиллан, хүүгээ цаг тухайд нь төлнө гэж үздэг баталгаа юм.

-Энэ баасан гарагт цан цохиж, эхлүүлэх бондын нөхцөлүүдийн тухайд?
-Нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг, жилийн хүү 18 хувь, хугацаа нь 18 сар байна. Нийт тоо ширхэг нь 200 мянга, хүүг улирал тутам төлнө. Бид нийт 20 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ. Үндсэн төлөлтийг хугацааны эцэст буюу 18 сарын дараа хийнэ. Мөн бондын татвар 5 хувь байдгийг хэлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагч хүсвэл хугацаанаас өмнө бондоо Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах боломжтой. Өөрөөр хэлбэл хөрвөх чадвартай бонд юм.

-Хөрөнгө оруулагч худалдах захиалга өгөөд биелээгүй тохиолдлууд өмнөх бондуудад гарч байсан.
-Манай өмнөх бондуудыг худалдах захиалга ирээгүй. Учир нь жилийн 18 хувийн хүү нь хадгаламжтай харьцуулбал 19 хувийн хүүтэй тэнцэнэ. Хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар төлдөг. 19 хувиас 1.9 хувийг хасахаар хадгаламж 17.1 хувийн өгөөжтэй. Харин бондын хүүгийн орлогын татвар 5 хувь тул 18 хувиас тооцохоор 0.9 хувийн татвар төлнө. Өндөр хүүтэй тул авсан хүмүүс худалдах нь бага байсан.

Мөн манай бондыг аваад сурчихсан 200 орчим хөрөнгө оруулагч бий.   Бид анх хаалттай зах зээлд 50 тэрбум төгрөгийн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хоёр жилийн өмнө гаргасан юм. Цаг цагт нь төлж хөрөнгө оруулагчдадаа амласан амлалтаа биелүүлсэн тул тэдэнд ч хүлээлт үүссэн. Одоо бид дандаа нээлттэй зах зээлд бонд гаргаж байна. Дараагийн транчуудаа ч бэлдэж байна.     
  

-Өмнөх хоёр транч амжилттай болсон уу?
-Зах зээл эдгээр хоёр транчийг эергээр хүлээн авсан. Хоёр транч тус бүр 2-3 цагийн дотор борлогдон, 2023 онд  хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг таван жилдээ нэг тодруулдаг “Grand Bull Awards”-аас “Онцлох шинэ бүтээл” шагналыг хүртсэн. Бидний энэхүү хийсэн ажил улсдаа анхных байснаар Монголын хөрөнгийн зах зээлийн салбарт нэгэн цоо шинэ түүхийн хуудсыг бичсэн үйл явдал болсон.

Гол ач холбогдол нь бид олон нийтэд илүү итгэл даахуйц, баталгаатай хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бий болгож чадсанд л оршиж байгаа юм.

skip-share

Цаашид бизнесийн зээлийг заавал салбарт ирэхийг шаардахгүйгээр, зайнаас олгодог болно.

-Та бүхэн татан төвлөрүүлэх 20 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг юунд зарцуулах вэ?
-Энэ оны бидний гол  зорилго зээлийн багцаа нэмэх. Өмнө татсан эх үүсвэрийнхээ эргэн төлөлтөд тодорхой хувийг зарцуулна. Дийлэнхийг нь зээлийн багцад зарцуулна.  Хэрэглэгчдийн маань тоо өдөр ирэх тусам нэмэгдэхийн хэрээр зээлийн эрэлт ч ихсэж байна.

Бид Simple аппликэйшнээ төгс гэж хэлэхгүй. Сайжруулаад явж байна.  Манай аппликэйшн нэр шигээ ойлгомжтой байх ёстой. Хэрэглэгчид аль болох цөөн алхам хийж, үйлчилгээ авахад анхаарч байна. Бусад аппликэйшнд арван алхам хийдэг бол манайд 8 байх, маш ойлгомжтой байх зарчмаар ажилладаг. Мөн амласан бол амласнаа биелүүлэх нь чухал. Хэрэглэгчид санал болгосон зээлийн дүнд хүрсэн хэмжээний зээлийг, амласан хугацаандаа буюу 72 цагийн дотор олгох ёстой.
   
ББСБ-уудын дундаж хүү 3 хувь байна. Манай зээлийн дундаж хүү 2.5 хувь буюу өрсөлдөхүйц байдаг. Тухайн хүний орлогод тулгуурлаж зээл олгож байна.  Манай компанийн үүсгэн байгуулагдсан цагаасаа эрхэмлэж ирсэн бизнесийн зорилго бол хэрэглэгчдийнхээ цаг, мөнгө, энергийг хэмнэхэд зориулагдсан хэрэгсэл байхад оршдог.  Тиймдээ ч сая дурдсан бүхий л ажлуудаа энэхүү зарчмын дагуу хэрэгжүүлэхийг хичээж ажилладаг.

-“Ашид капитал” компанийн цаашдын зорилго юу вэ?
-Бид цаашдаа ч зээлжих зэрэглэлтэй бонд гаргана. Одоо бид старт-аппын түвшинд байна. Иргэдийн хэрэглээний зээлийг дижитал болгочихлоо. Цаашид бизнесийн зээлийг заавал салбарт ирэхийг шаардахгүйгээр, зайнаас олгодог болох зорилттой. Мөн ирэх гурван жилд хөрөнгө барьцаалсан зээл буюу машин, байр барьцаалсан зээл болон ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийг цахимжуулж, 100 хувь аппликэйшнээр олгодог болно. Үүний  эрсдэлийг технологийн шийдлээр шийднэ.   

-Танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Эх сурвалж: gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *