Туулын авто замыг нисэхийн хурдны авто замтай холбох “Наадамчдын гүүр” 2026 онд ашиглалтад орно
Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар хийж буй Туулын авто замыг нисэхийн хурдны авто замтай холбох “Наадамчдын гүүр”-ний зураг төслийн ажил дуусах шатандаа оржээ. Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 метр бөгөөд Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болж буйгаараа онцлогтой. Уг гүүр нь хоёр урсгал, 4-6 эгнээ, хоёр талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байгаа юм. Дүүжин гүүрийн зураг төслийг энэ сард бүрэн дуусгах аж. Харин барилгын ажлыг 2024 онд эхлүүлж, 2026 онд ашиглалтад оруулахаар тооцоолж байгааг албаныхан хэллээ. Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 метр байх бол татлагат хэсгийн урт 270 метр байна. Энэхүү гүүрийг барьснаар Яармаг-Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжирна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдэв.