Монгол Улсын Их Хурлын 2024 оны үйл явцад хийх ажиглалт, мониторингийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ

0

СОНГУУЛИЙН ӨДӨР НИЙСЛЭЛ, 10 АЙМАГТ 300 ГАРУЙ НАМ БУС САЙН ДУРЫН АЖИГЛАГЧ АЖИЛЛАНА

“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа: 

 Шударга сонгуулийн төлөө нийгмийн хяналт сүлжээний гишүүн 3Бодлогод залуусын хяналт3 ТББ нь сонгуулийн өдөр хэсгийн хороод дээр санал хураах, дүнг нэгтгэн хяналтын тооллого хийх үйл явцыг ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ удаагийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2180 хэсэг байгаагаас нийслэлд 509 хэсгийн хороо ажиллана. Үүнээс нийслэл, 10 аймагт нийт 150 хэсгийн хороонд 300 хараат бус сайн дурын ажиглагч ажиллуулах юм. Мөн Солонгос, Япон, АНУ-д санал хураах ажилд хөндлөнгийн хяналт тавих ажлыг сайн дурынхны оролцоотой зохион байгуулахаар төлөвлөж байна. Сайн дурын ажиглагч бэлтгэх сургалтыг 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн 6-р сарын 22-ны өдрийг дуустал тодорхой давтамжтайгаар зохион байгуулна.”

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААНД МҮОНТ БОЛОН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН 4 ТЕЛЕВИЗИД МОНИТОРИНГ ХИЙНЭ

“Глоб Интернэшнл төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Онон: 

“Сүлжээний гишүүн “Глоб Интернэшнл төв” ТББ нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж, Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. Мониторингийн зорилго нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, иргэд, сонгогчдыг сонгуульд үнэн бодит мэдээлэлтэйгээр оролцоход нь хувь нэмэр оруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ-ны баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх,  хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

2024 оны УИХ-ын сонгуулийн үеэрх телевизийн мониторингд  МҮОНТ, ТV9, NTV, Ийгл Ньюс, Mongol HD гэсэн 5 телевизийг хамруулна. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Эм Эм Си Жи /ММCG/ Үндэсний судалгааны компанийн 2023 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон зэрэг шалгуурыг үндэслэв.

Судалгааны үр дүнд телевизүүдийн сонгуулийн тухай мэдээлэлд зарцуулсан цаг, төлбөртэй сурталчилгааны цаг, мэдээллийн агуулга, далд сурталчилгаа нэвтрүүлсэн байдал, сонгогчдын боловсролд зарцуулсан цаг хугацаа, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд оногдсон цаг, мэдээллийн өнгө аяс зэргийг тодорхойлох юм.

Мониторингийг сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлсэн өдрөөс санал хурааж дуусах хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэнэ.”

СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

Бодлогод Залуусын Хяналт ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц. Мандхайхатан:

“Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тэгш гараанаас шударгаар өрсөлдөх боломжтой байх нь  чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим болох бөгөөд энэ зарчмыг хангахад сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал юм.  Сүлжээний гишүүн “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын байгууллага нь сонгуульд оролцож буй нийт 21 нам, эвслийн 1400 гаруй нэр дэвшигчийн сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг хуульд заасны дагуу ил тод тайлагнаж буй эсэх, холбогдох төрийн байгууллагууд хяналт тавьж, ил тод мэдээлж буй эсэхэд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх юм.

Сонгуулийн зардлын явцын тайланг сонгуулийн сурталчилгаа дуусахаас 3 хоногийн өмнө нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр өөрсдийн цахим хуудаст байршуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх бөгөөд эцсийн тайланг санал авах өдрөөс хойш нам, эвсэл 45 хоногт, нэр дэвшигч 30 хоногт багтаан ҮАГ-т хүргүүлэх хуультай. ҮАГ-аас 9-р сарын 26-ны дотор нэр дэвшигчдийн тайланд хийсэн дүгнэлт, 10-р сарын 11-ны дотор нам, эвслийн тайланд хийсэн дүгнэлтээ цахим хуудсандаа байршуулж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. ТББ-ын зүгээс нийт нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайланг хүлээн авах эрхтэй болохыг хуульд шинээр заасан бөгөөд мониторингийн хүрээнд эдгээр анхдагч тайлантай танилцаж, холбогдох дүгнэлтийг хийхээр зорьж байна.”

“1800-2800 СОНГОГЧИЙН ЛАВЛАХ УТАС” АЖИЛЛАЖ БАЙНА

“Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын Хөтөлбөрийн менежер Д.Элбэрэл: 

“Сүлжээний гишүүн “Сонгогчдын Боловсрол Төв” ТББ нь 2024 оны УИХ-ын сонгуулийг угтан иргэд, олон нийтэд цахим талбар болон нийгмийн сүлжээгээр дамжуулан сонгуулийн тогтолцоо, холбогдох хууль, саналын хуудас болон сонгуулийн тойргийн талаар мэдээлэл олгох мөн залуучууд, сонгогчдын сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна.

Сонгуулийн үед сонгогчид  эрхээ хэрэгжүүлэх, түүнийг хангах, хамгаалахад чиглэсэн мэдээллээр хангах “1800-2800 Сонгогчийн Лавлах Утас” ажиллаж эхэлсэн ба энэхүү лавлах утсаар холбогдож сонгогчид сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм. Мөн нийгмийн сүлжээнд “Сонгогчдын Боловсрол Төв”, “Сонгох өдөр” гэсэн Фэйсбүүк хуудасаар дамжуулан иргэд, сонгогчдод мэдээлэл олгож байна.

Үүнээс гадна “Сонгогчдын Боловсрол Төв” ТББ нь 2020 оноос хойш “V-Check” залуусын кампанит ажлыг зохион байгуулсаар ирсэн ба 2024 оны сонгуулиар ч мөн залуу сонгогчдын  боловсрол, сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх болон улс төрийн боловсролын суурь мэдлэг олгох зорилгоор “V-Check” челлэнжийг эхлүүлээд байна. Энэхүү челлэнжид залуучууд, сонгогчид нэгдсэнээр өөрсдийн хариуцлага, оролцоог илэрхийлэхээс гадна бусдыг уриалах, мэдээл түгээх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй юм.  Энэхүү челлэнжийн талаар болон залуучуудад чиглэсэн сонгогчдын боловсролын мэдээллийг манай V-Check Фэйсбүүк хуудаснаас авна уу.” 

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ХЯНАЛТ

“МИДАС” ТББ – ын Захирал С.Энхжаргал:  

(FACTCHECK.MN)

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад санал хураах процесс төвөгтэй, илүү цаг хугацаа шаардахаар байна. Ялангуяа мажоритар тойргууд буюу 78 гишүүнийг сонгох бүсчилсэн тойргууд 10 хүртэлх мандаттай байгаа нь саналын хуудсанд тэмдэглэгээ хийхэд төвөгтэй нөхцөл үүсгэж болзошгүй юм. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтын тухайд нэг хаяг дээр олон тооны сонгогч бүртгэгдсэн, сонгогчдын шилжилт хөдөлгөөн ихээр хийгдсэн зэрэг асуудлууд сөхөгдсөөр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр сонгуулийн автоматжуулсан системийг 2012 оноос нэвтрүүлсэн билээ. Гэвч санал тоолох төхөөрөмж болон сонгогчдын нэрийн жагсаалт талууд эргэлзэх хандлага ажиглагдсаар байна.

Сүлжээний гишүүн МИДАС ТББ нь 2012 оноос сонгуулийн санал төхөөрөмжийн, 2016 оноос сонгогчдын нэрийн жагсаалтад хөндлөнгийн хяналт хийж, зөвлөмж боловсруулан холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалтад иргэн өөрийн мэдээллээс гадна тухайн хаяг дээрээ бүртгэлтэй бусад сонгогчийн мэдээллийг шалгах, гадаадад байгаа сонгогчдын бүртгэлийг цахим болгох, гадаадад санал хураах ажиллагааг 4 өдөр явуулах, нэрийн жагсаалтыг нам эвслүүдэд 2 удаа олгох, сонгогч нэгээс илүү санал өгөхөөс сэргийлж бэхэн тэмдэглэгээг дахин хийх зэрэг өөрчлөлт мониторингийн үр дүнд хуульд тусаад байна.

Энэ удаагийн сонгуульд хяналтын тооллогыг гараар бүх хэсгийн хороодыг хамруулан хийхээр болсон ч сонгуулийн систем өөрчлөгдсөнтэй холбоотой программын хувьд томоохон өөрчлөлтүүд хийгдэх болно. Иймээс санал тоолох төхөөрөмжийг дараах аргачлалаар урьдчилж шалгахаар төлөвлөж байна. Үүнд:

Санал тоолох төхөөрөмжийн мажоритар санал тоолох хэсгийн тест

  • Нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх
  • Мандатын тооноос дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх
  • Мандатын тооноос илүү тэмдэглэсэн нөхцөлд буцааж байгаа эсэх
  • Цагаан хуудас уншиж буй эсэх
  • Цагийн бөмбөг байгаа эсэх
  • Билл хэвлэлтийн ойлгомжтой байдал

Санал тоолох төхөөрөмжийн пропорциональ санал тоолох хэсгийн тест

  • Нам, эвслийн тэмдэглэгээг бүрэн уншиж байгаа эсэх
  • 1-ээс илүү нам, эвсэл тэмдэглэсэн нөхцөлд хэрхэн ажиллаж байгааг
  • Нам, эвслийг сонгоогүй үед хэрхэн уншиж буйд
  • Серверээс дэлгэцнээ гаргах программын тест
  • Тойргуудын дүнг гаргах хэсэг
  • Бие даагчдын дүнг гаргаж байгаа байдал
  • Олон оронтой тоог гаргаж буй байдал
  • Дэлгэцнээ гаргаж буй мэдээллийн ойлгомжтой байдал

Дээрхээс гадна сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зөрчлийн талаар кейс мэдээлэл цуглуулж, хаягаар очин тулгалт хийн нягтлах, сонгуульд оролцож буй нам, эвслийн сонгогчдын нэрийн жагсаалтыг хянах ажиглагч нарт арга зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулна. Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар баримттай үнэн зөв мэдээллийг сонгогчдод хүргэхэд Factcheck.mn хамтран ажиллаж байна.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагууд 2024 оны Монгол Улсын Улсын Их Хурлын  ээлжит сонгуулийн үйл явцад (1) хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн дөрвөн асуудалд анхаарал хандуулж хяналт тавихын зэрэгцээ сонгогчдод мэдээлэл өгөх шууд утас ажиллуулах, сонгогчдын боловсролд хувь нэмэр оруулах бусад ажлыг санаачлан ажиллаж байна.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар 2008 оны 3 дугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ юм. Уг сүлжээний гишүүнээр “Глоб Интернэшнл төв” ТББ, “МИДАС” ТББ, “Сонгогчдын Боловсрол Төв” ТББ, “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд 2008, 2012, 2016, 2020 оны УИХ-ын болон  2009, 2013, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамтран хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийсэн туршлагатай. Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улстөрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийг чанд баримтлан мөрдлөг болгодог. Сонгуульд тавьж буй хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтэд байнга тайлагнах бөгөөд эцсийн тайланг сонгуулийн дараа нийтэд хүргэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *