Б.Батчимэг: Саналаа өгөхгүй бол сайхан амьдрах боломжуудаа алдана
Энэ сарын 28-ны өдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болно. Тэгвэл сонгуульд оролцох нь яагаад чухал юм бэ гэх асуудлаар хүний эрх хамгаалагч Б.Батчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.
-УИХ-ын сонгуулийн өмнө сонгогчдын анхаарах гол асуудал юу вэ? Эдгээр тулгамдсан асуудал нь өмнөх сонгуультай харьцуулахад юугаараа ялгаатай вэ?
-Энэ сонгууль зохион байгуулалт талаасаа өмнөх сонгуулиудаас өөр болж байгаа. Нэгдүгээрт, өмнө бид УИХ-д 76 гишүүнийг сонгодог байсан бол энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 126 гишүүн сонгоно. Өөрөөр хэлбэл бид илүү олон сонголттой болж байгаагийн зэрэгцээ биднийг төлөөлөх хүн илүү олон болж байгаа гэсэн үг.
Хоёрдугаарт, сонгуулийн санал авах систем өөр болж байна. Холимог тогтолцоогоор санал авах буюу нийт гишүүдийн 78-ыг нь мажоритар тогтолцоогоор буюу тойргоос нэр дэвшигчдийг сонгоно. Үлдсэн 48 гишүүнийг нам, эвслийн жагсаалтаар буюу пропорцианол тогтолцоогоор сонгох юм. Нэг үгээр бол бид хүнийг нь биш намын нь сонгоно. Иргэдийн саналыг авсан нам өөрөө гишүүнийг сонгоно гэж ойлгож болно.
Монгол Улсыг үндсэндээ долоон хэсэгт хуваагаад бүсчилсэн байдлаар сонгууль зохион байгуулагдаж байгаа нь өмнөх сонгуулиудаас ялгаатай байна.
Түүнчлэн Монгол Улсыг үндсэндээ долоон хэсэгт хуваагаад бүсчилсэн байдлаар сонгууль зохион байгуулагдаж байгаа нь өмнөх сонгуулиудаас ялгаатай байна.
Өмнө нь нэр дэвшигч аймагтаа өөрийгөө таниулан сурталчлах, эсвэл сонгогдох тойрогтоо л ажилладаг байсан. Харин одоо бүсийг, илүү олон хүн амыг төлөөлж сонгогдоно. Жишээлбэл нэг нэр дэвшигч дөрвөн аймаг эсвэл хоёр дүүргээс дамнан нэр дэвших тохиолдолд, тухайн гишүүнд оногдох сурталчилгааны хугацаа маш бага болж байгаа юм.
Хэдийнээ олонд танигдсан, зурагтаар гарч л байдаг эсвэл өмнө УИХ-д гишүүнээр сонгогдож байсан бол өөрийгөө таниулахад хүндрэл үүсэхгүй. Эсрэгээрээ энэ нь залуу нэр дэвшигчдэд хүндрэл болоод байна.
Тиймээс нэр дэвшигч мөнгөгүй байх, ардаа том бүлэггүй байх, анх удаа сонгогдож байгаагаас үл шалтгаалан гарааны тэгш байдлыг хуулиар тогтоож өгөх ёстой.
Гэхдээ үүнийг сайн талаас нь харвал УИХ-ын гишүүн нэг аймгийг биш нийт хүн амаа төлөөлж байгаа шүү гэдэг байдлаар л бүсчлэх гэж оролдсон байх. Улсаа бүсчилсэн байдлаар хөгжүүлье гэдэг урт хугацааны бодлогын хүрээнд зохион байгуулж байгаагаараа өвөрмөц байна.
-Энэ удаагийн сонгуульд залуусын оролцоо ямар байх бол? Саналаа өгөхгүй бол бид юу алдах вэ?
–18-25 хүртэлх насны болон нэг эсвэл хоёр дахь удаагаа саналаа өгөх гэж байгаа хүмүүсийн ирц маш бага байдаг. Гэтэл эдгээр хүмүүс хүн амын дийлэнх хувийг эзэлдэг.
Түүнчлэн яагаад саналаа өгөх ёстой вэ гэдгийг яривал асуултын хариулт илүү тодорхой болно. Нэгдүгээрт, энэ хүмүүс бидний цаашид яаж амьдрах, хэдэн төгрөгийн орлоготой байх, ямар хүнсийг хэдэн төгрөгөөр худалдаж авахыг шийднэ.
Жишээлбэл, би гэртээ хичээлээ хийдэг оюутан байлаа гэж бодоход, цахилгааны мөнгө хэдэн төгрөг болох, байрны түрээсийн мөнгө хэдэн төгрөг болох эсэхийг мөн л энэ хүмүүс шийднэ.
Гадаа гараад суух автобусны тоо хүрэлцээтэй байх, бензин хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэдгийг УИХ-ын гишүүн шийднэ. Сургууль дээрээ очиход боловсрол хүртээмжтэй байх уу, төгслөө гэхэд эзэмшсэн мэргэжил хэрэгцээтэй байх уу гэдгийг ч бас шийднэ.
Тиймээс өөрийн чинь амьдралыг ойлгохгүй, бүр огт эсрэг зүйл ярьдаг хүнээр өөрийгөө төлөөлүүлбэл, гадаа гараад автобусны хүртээмж муу байна гэж гомдол гаргах нь утга учиргүй болно.
Тэгэхээр өөрийн чинь амьдралын маш чухал шийдвэрийг гаргах хүмүүсийг сонгохын тулд заавал саналаа өгөх хэрэгтэй. Хэрэв саналаа өгөхгүй бол амьдралынхаа бүх л боломжуудыг алдана гэсэн үг.
-Энэ сонгуулийн үр дүн, хүлээгдэж улс төрийн өөрчлөлт юу вэ?
–МАН бол хамгийн олон гишүүдтэй институц болчихсон нам. 300 мянган гишүүнтэй байлаа гэхэд тэдгээр хүмүүс өөрсдөө саналаа өгнө. Мөн тэдгээрийг дагаад гэр бүлийн хүмүүс нь ч саналаа өгнө.
Гэсэн хэдий ч бусад нам эвслүүд, МАН-тай адилаар зөв зохион байгуулалттай, сурталчилгаагаа дийлэнх сонгогчид буюу залуучуудад хүргэж чадвал тэдний саналыг авах боломжтой.
Ингэснээр, УИХ-д сонгогдох 126 гишүүнд олон нам, эвслийн төлөөлөлтэй болбол жинхэнэ утгаараа парламент бүрдэнэ. Өөрөөр хэлбэл нэг нь нэгнийгээ хянадаг тогтолцоо өөрөө бүрдэнэ.
Судлаач, хүний эрх хамгаалагч миний хувьд УИХ-ын гишүүнээр залуучуудыг сонгогдоосой гэж бодож байна. Яагаад гэвэл хүний эрхийг эрхэмлэсэн, авилга хахуулиас ангид, нийтийн эрх ашгийг төлөөлсөн шийдвэрүүдийг гаргаасай гэж хүсэж байна.
-Таны бодлоор өнөөгийн улс төрийн тогтолцоо Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалахад хэр үр дүнтэй гэж та үзэж байна вэ? Залуус, өсвөр үеийнхэнд дутагдаж байгаа эсвэл сайжруулах шаардлагатай гэж үзсэн тодорхой бодлого, санаачилга байна уу?
–Шийдвэр гаргагчид залуучуудад зориулсан байшин барьж өгөх, форум зохион байгуулснаа залуучуудын хөгжлийг дэмждэг гэж хараад байна. Гэхдээ тийм биш. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол гэх зэрэг суурь асуудлуудыг нь шийдэх ёстой.
Нэгдүгээрт, боловсролын системд асуудал бий. Маш олон бизнесийн удирдлага, хуульч мэргэжил эзэмшсэн хүмүүс байна. Эдгээр хүмүүсийг та нар хэрэгтэй мэргэжлээр сураагүй байна гэдэг. Тиймээс мэргэжил сонголтод нь нөлөөлдөг байх хэрэгтэй. Мөн их дээд сургуулиуд ажлын байранд гараад шууд ажиллаж чадах мэргэшсэн, боловсон хүчнийг бэлдэж чадахгүй байна.
Арван залуу хүн тутмын найм нь сэтгэл түгших эмгэгтэй гэсэн судалгаа байна.
Хоёрдугаарт, залуучууд өөрсдөө санаачилга гаргаад гарааны бизнес эхлэх сонирхолтой болсон. Хэдэн залуучууд өөрсдөө л сайн сайханд хүрье гэж зорьж байгаагаас биш бодлогын түвшинд тэднийг дэмжихгүй байна. Дэмжиж байна гэсэн нэрийдлээр гарааны бизнес эрхлэгчдийн дунд тэмцээн зохиогоод л орхидог.
Гуравдугаарт, залуучууд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч чадахгүй байна. Эмнэлэг ороод үзүүлье гэхээр залуучуудад маш муухай ханддаг. Жишээлбэл даралтаа үзүүлье гэвэл “чи залуу хүн байж” гэдэг байдлаар үл тоомсорлож харьцдаг.
Нөгөө талаас залуучуудад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар яригдах болжээ. Тиймээс шийдэл тулгамдаад байна. Арван залуу хүн тутмын найм нь сэтгэл түгших эмгэгтэй гэсэн судалгаа байна.
Бүр бие махбодод нь нөлөөлөөд эхэлсэн. Хаа байсан сэтгэцийн эрүүл мэндийн төвд очихоос өөр хандах газар байхгүй. Очсон ч гэсэн үйлчилгээ нь маш үнэтэй байдаг. Тэгвэл энэ олон асуудлыг яаж шийдвэрлэх вэ ? гэвэл залуучуудтай өөрсөдтэй нь зөвлөлдөх ёстой.
-УИХ-ын гишүүнийг сонгохдоо нэр дэвшигчийн юуг нь шалгуур үзүүлэлт болгон харах вэ?
-Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэхдээ улс төрийн намын тодорхойлолт нь өөрчлөгдсөн. Тодруулбал, сонгуульд оролцохдоо бодлогын түвшинд өрсөлдөх эрхтэй гэж заасан. Бодлогоороо өрсөлддөг институц гэж ойлгож болно.
Тэгэхээр нам эвслээс нэр дэвшиж байгаа хүн тухайн нам эвслийнхээ мөрийн хөтөлбөрөөс давсан зүйл ярьж, хийхгүй. Тиймээс нам эвслүүдийн бодлого, мөрийн хөтөлбөрүүдийг судлах хэрэгтэй. Үүний дараа тухайн хүний ажлын туршлага, боловсролыг нь харах хэрэгтэй. Боловсрол гэдэгт нэг өрөөсгөл ойлголт бий. Гадаадад төгсөж ирсэн л бол сонгох ёстой гэсэн “моод” бий болчихсон. Мэдээж тухайн хүн боловсрохын төлөө хичээсэн нь үнэн.
Гэхдээ УИХ-ын гишүүн гэдэг нь иргэдийг төлөөлөх хүн. Түүнээс биш гадаад төгсөж ирсэн хүн бүр шууд УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэсэн үг биш. Магадгүй, дээд боловсролгүй хүн ч гэсэн өөртэйгөө ижил хүмүүсийг төлөөлж, УИХ-д сонгогдох боломжтой.
“Кнопчин” хүн үү гэдгийг нь шүүлтүүрдэх хэрэгтэй.
Мөн өмнө ажиллаж байсан ажлын түүхийг нь судлах хэрэгтэй. Авилга, ашиг сонирхлын зөрчилтэй байсан уу гэдгийг нь судлах хэрэгтэй. Хэрэв өмнө ийм төрлийн гэмт хэрэг зөрчилд нэр холбогдож байсан бол илүү өндөр эрх мэдэл, албан тушаалд очсоныхоо дараа бүр ч илүүг үйлдэх магадлалтай.
Эдгээрээс гадна бусадтай яаж харилцдаг хүн бэ гэдийг харах хэрэгтэй. Иргэний нийгэмтэй зөвшилцөж чаддаг хүн үү эсвэл өөрийнхөөрөө зүтгээд байдаг хүн үү гэдгийг анзаар. Учир нь аливаа асуудлыг өөрөө мэдэхгүй ч гэсэн бусадтай зөвшилцөж чаддаг байх нь маш чухал шалгуур.
Түүнчлэн “кнопчин” хүн үү гэдгийг нь шүүлтүүрдэх хэрэгтэй. “Кнопчин” гэдэг нь өөрийн үзэл бодолгүй, хэн нэгний эрх ашгийн төлөө санал өгдөг хүнийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл олон нийтийг биш хэн нэгнийг төлөөлж байгаа хүнийг хэлнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: gogo.mn