Нэр дэвшигч Н.Батсүмбэрэл ба Чингэлтэй дүүргийн хуудуутай тендерүүд
УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас хэд хэдэн Засаг дарга нэр дэвшжээ. Тэдний нэг нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл. Тэрээр хийсэн ажлынхаа хамгийн эхэнд камержуулалт гэх үгийг хэд хэдэн удаа дурдсан байдаг. Магадгүй ирэх өдрүүдэд ч энэ тухайгаа сайн ярих байх. Дүүрэг энэ ажлаа бахархал болгон өмнөө барьж буй бололтой. Гэвч 2023 онд түүний захирамжаар зохион байгуулсан камержуулалтын тендерүүд нь зөрчилтэй гэх дүгнэлт аудитаас авчээ. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагаатай холбоотой 22 зөрчил илэрсний 8 нь Чингэлтэйд байгаа юм. Хувиар тооцвол нийт зөрчлийн 36 хувь нь. Гэтэл Засаг дарга Н.Батсүмбэрэлд МАН онцсайн дүн өгөөд УИХ-ын сонгуульд сойж.
Яг үнэндээ, 2020 оны сонгуулиар тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, УИХ-ын Ж.Сүхбаатар нар хууль шүүхийн байгууллагын хаалгаар орсон тул энэ удаад түүнд боломж олдсон ч гэж болно. Ямартай ч худалдан авах ажиллагаагаа хуудуугүй зохион байгуулж чадахгүй хүн УИХ-ын танхимд ороод…?!
Яах гэж тендерийн бичиг баримт боловсруулдаг вэ
Нийслэлийн дүүргүүд 2023 онд шинээр нийт 196 тэрбум 95 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 553 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зарласан байна. Үүний 86 хувь нь ажил үйлчилгээ бол 12 хувь нь бараа, хоёр хувь нь зөвлөх үйлчилгээ байна.
Нийслэл дэх Аудитын газраас гүйцэтгэгч нь сонгон шалгарсан 160 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 475 худалдан авах ажиллагааны 315-ыг буюу 66 хувийг түүвэр хамруулан шалгажээ. Энэ нь 147,4 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй байгаа юм.
Есөн дүүргийн хэмжээнд нийт 22 зөрчил илэрсний 8 нь Чингэлтэй дүүргийнх. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн зохион байгуулсан 39 худалдан авах ажиллагааны 8 нь зөрчилтэй. Энэ нь 2.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй. Зөрчлийн тоогоор 9 дүүргээ Чингэлтэй тэргүүлжээ.
Тухайлбал, Чингэлтэйн 2 дугаар хороонд камержуулалтын ажлыг хийхээр “Мон стийл фиксер” ХХК шалгарчээ. 89.9 сая төгрөгийн гэрээний дүнтэй энэ ажлын тендерийн бичиг баримтад шаардсан баримтуудыг тус компани ирүүлээгүй байна. Мөн инженер, техникийн ажилчид нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх гэсэн шаардлагыг зөрчсөн аж.
Гэтэл тус компани зөвхөн 2 дугаар хорооны камержуулалтын ажлыг аваад зогсохгүй, гуравдугаар хороо /гэрээний дүн 89.1 сая төгрөг/, 12,21 дүгээр хороо / Гэрээний дүн 69.7 сая төгрөг/ зэрэг тендерт шалгарчээ. Мөн 2022 онд 31-90 сая төгрөгийн төсөвт өртөгтэй камержуулалтын ажилд тус дүүрэг шалгарч ажил гүйцэтгэж байсныг худалдан авах ажиллагааны цахим сайтаас харж болно.
Tender.gov.mn сайтын мэдээллээр тус компани 2023 онд Баянгол дүүргийн Ногоон бүс камержуулалт гэх 600 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд, 16 дугаар хорооны тохижилт бүтээн байгуулалтын 56.2 сая төгрөгийн ажилд ч шалгарчээ.
Гүйцэтгэл “чанаргүй” байхад тосоод авах уу
Захирамж гаргасан дүүргийн Засаг даргын хараанаас өнгөрсөн баймгүй өөр нэг зөрчил бол 1.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй хорооны барилга худалдан аван тендерт шалгарсан “Галакси БДМ” ХХК. Мөн л тендерийн баримт бичигт шаардсан баримтуудыг дутуу ирүүлсэн. Дээрээс нь, Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны газар нь оролцогч нараас хүсэлт тодруулга гаргаагүй байхад борлуулалтын талаарх мэдээллийн нөхцөл шаардлыг бууруулан Тендерийн бичиг баримтыг өөрчилж, хууль зөрчсөн байгаа юм. Энэ мэт илт зөрчлүүд байгааг Аудитын газраас тайландаа дурджээ.
Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” гэх ОНӨТҮГ-ын хяналт тавьсан 5.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй төсөл арга хэмжээнүүдийг шалгахад илэрсэн зөрчлүүдийг харвал хачирхалтай баримтууд ч олон.
135 сая төгрөгийн гэрээгээр “Лмос Максима “ХХК хүүхдийн тоглоомын талбайн засварын ажил хийсэн гэх боловч, хогийн сав дутуу байрлуулсан, чийрэгжүүлх төхөөрөмж нь эвдэрсэн, сагсан бөмбөгийн талбайн будаг, тоглоомын талбайн зөөлөвч резин зэрэг нь ховхорч муудсан байж. 74.5 сая төгрөгийн гэрээгээр “Ай Эм Ди” ХХК мөн л тоглоомын талбай засч. Гэтэл ногоон байгууламжийн хүрээнд 8 бургас суулгалаа хэмээн тайландаа онцолсон атал тэр нь аль хэдийнэ алга болсон байжээ. Өөрөөр хэлбэл, чанаргүй гүйцэтгэлтэй ажлуудыг “Жаа” гээд тосоод авчихсан байв.