БАЙР СУУРЬ: Тогтолцооны өөрчлөлтийг хийж, авлига, хулгайг жигшсэн ДӨРВӨН жил болж өндөрлөв

0

Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаж, отгон чуулганаа өндөрлүүлэв. Тэд энэ хавар 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Сүүлийн 76 гишүүнтэй парламент өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажилласан талаарх УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.

ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ ТОМ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЖ ЧАДСАН ДӨРВӨН ЖИЛ ӨНГӨРЧ БАЙНА

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд: Энэ парламентаар Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гээд чухал хуулиудыг баталлаа. Миний хувьд 30 орчим хуулийн төсөл санаачилсан байдаг. Хамгийн анхны ажилласан хуулийн төсөл маань банкны салбарт реформ хийхийн тулд Банкны хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл байлаа. Эдийн засгийн чиглэлийн олон хуулийн төслүүдэд мөн ажилласан байна.

Хамгийн гол ажил бол төрд нүүрлэсэн авлига, хулгайн хэргүүдийг олон нийтийн хяналтад оруулж, шударга тогтолцоог хүссэн нээлттэй сонсголыг хийх ажил байж чадлаа. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны хулгай гээд төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд, төрийн албанд ужгирсан авлига, хулгайн асуудлыг нээлттэйгээр мэдээлж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад сонсголуудаас гарсан зөвлөмж, баримт матеиалуудыг хүргүүлж ажиллалаа. Парламент ээлжээ солилоо гээд энэ асуудал зогсож болохгүй. Дараагийн бүрдэх парламентад сөрөг хүчин нь энэ зүйлсийг сануулаад, дахин сонсгол хийж эцсийн үр дүнг нь заавал гаргах ёстой гэсэн байр суурьтай байна.

Түүнчлэн засаглалын хувьд 76 гишүүний 20 нь давхар дээлтэй буюу сайд хийлээ. Давхар дээлтэй болгосон хүн нь би л дээ. Үүнийг хийж байж Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдсэн юм. Парламентын засаглалтай улс орнуудад давхар дээлийн асуудал байдаг л зүйл. Гэхдээ 126 гишүүнтэй парламент бүрдэхэд 10-15 яамтай байхад парламент нь гүйцэтгэх засаглалаа хянаад, хариуцлага тооцох бүрэн боломжтой болно. ХҮН намын хувьд Засгийн газар байгуулахдаа 9 яамтай байна гэж тооцоолсон. Ингэж байж хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хяналт тэнцлийг хангана гэж үзэж байгаа.

-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖИЖ, САЛБАР БҮРИЙН УЯЛДААГ ХАНГАСАН 109 ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛУУЛЛАА-

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал: Өнгөрсөн дөрвөн жил миний хувьд нэлээд завгүй он жилүүд болж өнгөрч байна. Хувь хүнийхээ тухайд өвдөж, олон саад бэрхшээлийг мөн туулсан. Бараг л долоон сарын хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж чадаагүй. Энэ цаг хугацааг нөхөх гэж их зүтгэсэн. Биеэ бүрэн эмчилж чадаагүй ч гэсэн ажилдаа ороод цахим хөгжлийн багц таван хууль болох Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиудын ажлын хэсгийг ахалж батлуулсан байгаа. Ингээд 2023 оны төгсгөлд парламентад хамгийн их идэвхтэй ажилласан УИХ-ын гишүүн хэмээн үзэж урам зориг өгсөн. ЦХХХ-ны сайдаар томилогдсоны дараа хуулиудыг амилуулах 67 журам гаргах ёстой байснаас одоогоор 64 журмыг батлуулчхаад байна.

Дүрэм, журмын түгжрэлийг арилгах буюу иргэний үнэмлэх “E-Mongolia”-д байсаар байтал цаасаар нэхээд байна гэдэг гомдол шүүмжлэл нийгмээс тасраагүй. Энэ нь хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой байсан. Тухайлбал, Архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд цахим, цаасан баримт бичиг зөрвөл цаасаар хэвлэснийг нь албажуулна гэж заачихсан байсан учраас цахимаар явуулсан бичгийг ч гэсэн хуулбарлаж хэвлээд хадгалдаг байдлыг халж чадсан. Мөн журам гарахаас өмнө и-мэйлээр явуулсан бичиг баримтыг албан ёсных гэж тооцдоггүй байсан. Эрүүл мэндийн салбар нэгжүүд хоорондоо мэдээллээ солилцож чаддаггүй байсан.

Тиймээс миний бие ЦХХХ-ны сайдаар томилогдсоноосоо хойш салбар бүрийн нийт 109 хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж чуулганаар батлуулсан байна. Хамгийн сүүлд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг хуулийн УИХ дахь ажлын хэсгийг ахалж батлууллаа. Цаашид цахим хөгжлийн реформоор дамжуулж төрийн үйлчилгээ улам иргэдэд ойртож, мэдээлэл ил тод шилэн болох учиртай. Авлигаас ангид, цомхон төр болох үе шатын суурийг цахим хөгжлөөр дамжуулан хийж эхэллээ гэж хэлж болно. Тиймээс 2020-2024 оны парламент цахим шилжилтийг хийж чадсан нь онцлог байлаа гэж хэлмээр байна.

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД, ТЭДНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХУУЛЬ БУС ЭРХИЙГ ХУУЛИАР ТАСЛАН ЗОГСООЖ ЧАДСАН

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 2020-2024 оны парламент их шилжилтийн үеийн он жилүүдийг туулсан онцлогтой боллоо гэж хэлмээр байна. Учир нь эхний хоёр жилдээ ковид цар тахал, Орос-Украины дайн, түүнийг дагасан геополитикийн асуудлууд гээд хүндхэн жилүүдийг өнгөрүүлсэн. Түүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлт болон, сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болсон гэж хэлмээр байна. Мөн нийгмээс шаардсан төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын авлига, хулгайн хэргийг илчлэх ажлын хүрээнд УИХ-аас Хянан шалгах түр хорооны тухай тогтоол баталж, энэ хүрээнд Хөгжлийн банкны, нүүрсний, эмийн, ногоон автобусны, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой нийт 5 удаагийн сонсголыг зохион байгуулж олны анхааралд оруулсан. Миний хувьд сүүлд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаарх Хянан шалгах түр хорооны гишүүнээр ажиллалаа.

Нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг санаачилж батлуулсан. Уг хуулиар төрийн өндөр, дээд албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан зээл авахыг хориглосон. Мөн улс төрийн нөлөө бүхий хүмүүс, тэдний хамаарал бүхий хүмүүс тендер авахыг хориглосон бөгөөд мөн хамаарал бүхий хүмүүс төрийн өмчийн компаниудын гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалд, УИХ-аас сонгогддог болон томилогддог албан тушаалд, түүнчлэн яамдын ТНБД, агентлагийн дарга зэрэгт томилогдохыг энэ хуулиар хориглосон байгаа. Энэ хууль маань 2023 оны аравдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжээд явж байна.

-УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ НЭХСЭН ДӨРВӨН ЖИЛ БАЙЛАА-

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр: Энэ удаагийн парламент 2000 гаруй хуулийг засаж, сайжруулах чиглэлд эрх зүйн шинэчлэлийг хийсэн байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд нийт 85 хуулийн ажлын хэсэгт орж ажиллахаас гадна зарим гол хуулиудыг ахалж УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулсан байна. Хамгийн эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг санаачилж байлаа. Үүний дүнд ЭЗХЯ байгуулагдаад ажиллаж байна. Дараа нь Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж шинэчлэл хийсэн. Монгол Улсын нийт мөнгөний эргэлтийн 85 хувийг гурван банк барьдаг байсан. Эдгээр банкуудын дүрмийн сан 487 тэрбум төгрөгөөр нэмэгдээд явж байна. Сүүлд Баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж батлууллаа. Баялгийн сангийн хуультай болсноор 10 мянган айлын орон сууцны эх үүсвэрийг босгож, Хуримтлалын сангаар дамжуулж олгох болсонд баяртай байгаа. Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг шинэчилж батлууллаа. Монгол Улс ДНБ-ийхээ 0.1 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг байсан бол 2 хувь болгож 20 дахин нэмэгдүүлж чадлаа.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд УИХ-ын гишүүдийн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог ахалж ажиллалаа. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг батлуулсан гэх зэрэг гишүүдийн ёс зүйтэй холбоотой чухал хуулийн төслүүдийг батлууллаа. Ерөөсөө өнгөрсөн 30 жилийн хугацаанд мартагдсан зүйл бол ёс зүй шүү дээ. Харин энэ удаагийн парламентын хугацаанд УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанаас хоцрох, чөлөө авах, цөөн хэд нь олон цагаар таслахтай холбоотой зөрчлүүд бол гарсан. Тиймээс дараагийн парламент босгоо өндөрсгөж, ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг онцгойлон анхаарах байх гэж итгэж байна.

-ЭРХ БАРИГЧИД АВЛИГАЧ, ХУЛГАЙЧДААСАА САЛЖ ЧАДСАНГҮЙ-

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ парламент өмнөх парламентаасаа илүү цаг баримтлах, товлосон хугацаандаа чуулах, байнгын хороодын хуралдаан товын дагуу хуралдах гэж харьцангуй идэвхтэй байлаа гэж харж байна. Гэтэл сонгуультай жил учраас сүүлийн 2, 3 сар гишүүд тойрогтоо ажиллаад завгүй байсан тул тэр хооронд парламентын байнгын ажиллагаа тасалдах тохиолдол гарсан.

Мөн Засгийн газар нь парламентынхаа дээр гарчихсан. Төсөв батлагдахад хамгийн их үр ашиггүй зардлыг гаргасан.

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль батлах. Энэ хүрээнд парламент өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлыг дүгнээд намайг хамгийн олон хуулийн төсөл өргөн барьж батлуулсан гэдэг утгаар “САНААЧИЛГАТАЙ ТӨРИЙН ТҮШЭЭ” гэдэг шагналыг хүрлээ.

Харин эрх баригчдын хувьд парламентын гишүүн байх ёс зүйг уландаа гишгэлсэн он жилүүд байлаа. Учир нь ихэнх гишүүд нь нүүрсний хулгай, төмөр замын хулгай, хөгжлийн банк, БЗС, ногоон автобусны худалдан авах ажиллагаатай холбогдсон хулгай гээд хулгайчдаар дүүрчихсэн, МАН тухайн хүмүүстээ хариуцлага тооцож чадсангүй. Тодруулбал, энэ парламент 5 удаагийн Түр хорооны сонсгол хийсэн.

Хамгийн эхэнд Хөгжлийн банкны сонсгол болоход зээлдэгч нарын 90 гаруй хувь нь МАН-ынхан байхад АН гэж тохоод л дарагдуулсан. Дараа нь нүүрсний сонсгол гэж нүсэр юм болчхоод яг хариуцлага, шийтгэл ногдуулах болтол хууль, шүүхийн байгууллага дээр очоод түгжчихэж байна. Хулгайч хулгайчаа хамгаалж, хоорондоо хэргээ наймаалцаж, нэгэндээ хариуцлага тооцож чадахаа байсан байна. Товчхондоо, өнгөрсөн удаад явуулсан сонсголууд үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг л болж өнгөрлөө.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *