“Уул уурхайн компаниудын тэсэлгээний улмаас Цагаан дэлийн агуй үгүй болох нь”

0

“Төрд хүргэх малчдын дуу хоолой” сэдвээр говийн бүсийн малчид  өнөөдөр (2024.06.07) мэдээлэл хийв. Тэд уул уурхайн компаниудын үйл ажиллагааны улмаас бэлчээр, нутаг сүйдэж малчдын амьдралд хүнд тусаж байгааг хэллээ.

Дорноговь аймгийн Айраг сумын малчин н.Бямбаахүү “Манай суманд Монголын хамгийн том, хамгийн урт Цагаан дэлийн агуй байдаг. Энэ агуй орчимд бидний шүтдэг, тахидаг уул, хайрхан бий. Гэтэл агуйг тойроод лицензтэй олон уул уурхайн компани байрлаж, тэсэрч, дэлбэрэх үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс болоод Цагаан дэлийн агуй эрсдэлтэй нөхцөлд байна. Энэ агуй бол байгалийн дахин давтагдашгүй тогтоц.

Агуй дотор зуны улиралд мөс байдаг, гүний цэнгэг устай. Бүрэн судлагдаагүй, хэчнээн ч километр үргэлжилж магадгүйг мэдэхгүй хэр нь тойруулаад лиценз олгоод, агуйг аюултай нөхцөлд орууллаа. Агуйн байгалийн тогтцыг алдагдуулбал Айраг сумын иргэд агуйгаа нэхнэ. Агуйг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй байна” гэлээ.

Цагаан дэлийн агуй нь Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс баруун тийш 24 км зайд байрладаг. Монгол орны хамгийн урт агуйгаар тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүй гэж үздэг. Агуйн ам орчмоос сайн чанарын жонш гардаг аж.

Агуй судлаач, доктор Э.Авирмэд 2008 онд хэвлүүлсэн “Монгол орны агуй” номд бичсэнээр 1968 онд хайлуур жонш авч байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор агуйн ам нээгдсэн гэж үздэг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *