Монполимет группийн ажилчид Нийслэлийн прокурорын газарт шаардлага хүргүүллээ
Монполимет группийн 1300 гаруй ажилтан Нийслэлийн прокурорын газарт шаардлага хүргүүллээ.Тавдугаар сарын 28-ны өдөр Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлаар хэрэг үүсгэн яллагдагчаар татсан билээ. Ингэхдээ түүнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай хойшлуулшгүйгээр баривчилж, дараа нь буюу тавдугаар сарын 30-нд прокурорын саналаар сулласан.Мөн Нийслэлийн прокурорын газраас Монполимет группэд хамаардаг зургаан компанийн харилцах дансыг хааж, Төв аймгийн Заамар суманд байрлах Тосон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг зогсоосон байна. Үүнтэй холбоотойгоор тус группийн ажилтан, албан хаагчид өнөөдөр групп компаниудынх нь харилцах дансыг нээж, Тосон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсэж, 1300 гаруй ажилтны гарын үсэгтэй шаардлагыг Нийслэлийн прокурорын газарт өглөө.Мөн тус компанийн өмгөөлөгчийн зүгээс төлөгдөж дууссан зориулалтаар нь ашигласан Хөгжлийн банкны зээлийн асуудлаар хэрэг үүсгэн, Ц.Гарамжавыг яллагдагчаар татсан үндэслэлийг үгүйсгэж, прокурорт гомдол гаргаж байгааг мэдэгдэв.Одоогоор Монполимет группийн Тосон үйлдвэрийн 300 гаруй ажилтан сул зогсож, үйлдвэрийн үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон байна. Бусад компаниудын хувьд харилцах данснууд хаагдсанаас болж ажилчдын цалин тасалдах, зээл төлөлтүүд нь хойшлох, хугацаа хэтрэх зэрэг ахуй амьдралд нь хүндрэлтэй асуудлууд гарч байгааг учирлав. Мөн харилцагч 300 гаруй байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллахад бэрхшээл үүсч, төлөвлөсөн ажлууд хойшилж байгааг мэдэгдлээ.