VISUAL: 611 өдөрт 2200 хууль баталж, гурван гишүүнээ явуулж, Хөгжлийн банк тэргүүтэй сонсголуудаа урдаа барьсан УИХ
2020 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн Г.Занданшатар даргатай УИХ өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуультай холбоотойгоор завсарлалаа. Улс төр, эдийн засгийн олон реформ хийгдсэн дөрвөн жил өнгөрсөн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс мэдэгдэж, 2016 онд 1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 7.0 хувьд хүрсэн талаар онцолсон байдаг. Харин нөгөө талдаа энэ удаагийн парламентад төлөөлөл болж сонгогдсон гишүүд нь сонгогчдынхоо чихийг халууцуулсан олон ч сонирхолтой үйл явдал өрнөсөн гэж хэлж болох юм. Тэгвэл “санах ой” болгох үүднээс Г.Занданшатар ангийн даргатай, 76 гишүүнтэй “отгон” парламентад юу болж өнгөрсөн талаар хүргэж байна.
-УИХ ээлжит бусаар дөрвөн удаа хуралджээ-
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан байна. Ингэхдээ ээлжит бус чуулгануудаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх, Үндсэн хуулийн цэцийн тогтоолоос гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсож байсан удаатай.
-611 өдөрт 2200 хууль-
УИХ-ын тухай хуульд зааснаар ээлжит чуулган ажлын 75 хоногоос доошгүй хугацаанд хуралдах ёстой гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд зарлагдсан хуралдаанууд бүгд хуулийн хугацаандаа хуралдаж ирсэн. Харин энэ хаврын чуулган 58 өдөр хуралдлаа. Энэ нь ээлжит сонгуулийг товлон зарласан үед УИХ-ын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно гэж заасныг мөрдлөгө болгосонтой холбоотой аж.
-Орлогоос давсан ЗАРЛАГА-тай төсөв баталсан 4 жил-
УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр хамгийн их маргаан, мэтгэлцээн өрнүүлж, гишүүдийн хувьчилсан “тоглолт” сэдэрдэг үе бол төсөв батлагдах үе байдаг. Өөрийн тойрог, багц дээр төсөв тавиулах тэдний зорилгоор өнгөрсөн дөрвөн жилд 62.1 их наядын тэнцвэржүүлсэн орлогоор төсвөө бодож, түүнээс давсан буюу 70.1 их наяд төгрөгийн зарлагатай төсвийг баталжээ. Үүний задаргааг хүргэвэл:
-2021: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 8.7 их наяд, төсвийн зарлагыг 10.7 их наяд төгрөг
-2022: Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,4 их наяд, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12 их наяд төгрөг
-2023: Төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49.6 тэрбум төгрөг буюу, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг
-2024: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25.9 их наяд төгрөг, зарлагын хэмжээ 27.4 их наяд төгрөг
-Төсвийн алдагдлаа бууруулсан уу-
Харин төсвийн алдагдал тал дээр гишүүдийн санал нэгдсээр ирсэн байр суурь нь алдагдлыг бууруулах явдал. Тэгвэл 2020-2024 оны баталсан төсвүүдэд алдагдлаа хэрхэн тооцсоныг дээрх графикаар харуулж байна.
-Ерөнхий прокуророос нийт 7 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж иржээ-
Цаг хугацааг багахан ухраая. Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Үүний дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүн тус бүр дээр нууц санал хураалт явуулж, олонх гишүүд прокурорын саналыг дэмжсэнгүй, дөрвөн гишүүнээ авч үлдэж байв. Өөрөөр хэлбэл, тэд гишүүнийх нь бүрэн эрхийг заавал түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзсэн юм.
Харин өнгөрөгч онд дэгдсэн нүүрсний гэх тодотголтой хэргийн дуулианаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-ын босго давж хэлэлцэгдсэн.
Өөрөөр хэлбэл, энэ парламентын хугацаанд Ерөнхий прокурорын зүгээс 7 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой саналыг УИХ-аар хэлэлцүүлжээ.
-“Явсан” гурав-
Түдгэлзүүлэхтэй холбоотой прокурорын санал орж ирэх үед нийт 65 гишүүн нууц санал хураалтад оролцсон байдаг. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэж, харин Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг явуулсан юм. Ингэснээр УИХ 73 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон. Харин удалгүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байдаг.
Тухайн үед тэрбээр энэ талаараа “Нэгдүгээрт, настай ээж минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Хоёрдугаарт, концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтээр олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг маш их явууллаа. Эдгээр асуудалтай холбоотойгоор намайг хуулийн байгууллагаас шалгах шаардлагатай бол УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээр илэрхийлж байна” хэмээн мэдэгдэж байв.
-Парламентын баг “ХЯНАН ШАЛГАНА” –
Парламентын түүхэнд нэг дэвшил авч ирсэн зүйл энэ удаагийн парламентаар баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн үр дүнд бий болов. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний гэх олон нийтийн анхаарал татсан таван хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулжээ. Үргэлжлүүлэн энэ хаврын чуулганы хугацаанд ногоон автобус, эмийн үнэ, чанар, ашигт малтмал зэрэг сонсголууд хүлээлгээс гарсан байдаг.
Эдгээр таван сонсголын хоёрыг нь буюу нүүрс, Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой нотлох баримтууд дээр үндэслэж хийсэн сонсголыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж явуулсан байдаг.
-100 мянган иргэний санал ХУУЛЬ болгож батлагдав-
УИХ-аас нэвтрүүлсэн “D-parliament”, “D-Өргөдөл” цахим системүүд чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний дүнд 100 мянган иргэний санал хууль болж батлагдах орчин бүрдсэн гэж хэлж болно. Харин үүний эхлэл нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах санал байв. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулиас эл заалтыг хасах хуулийн төслийг өргөн барьж, УИХ эцэслэн баталсан. Ингэснээр анх удаа 100 мянган иргэний санал ХУУЛЬ БОЛЖ БАТЛАГДСАН БАЙДАГ.
-Парламентад “ГАЛ” гаргасан ХУУЛИУД-
УИХ-аар хамгийн асуудал дагуулж, маргаан мэтгэлцээн өрнүүлсэн голлох хэд хэдэн хууль байлаа. Үүнд, дээр дурдсанчлан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Засгийн газраас өргөн барьсан Баялгийн сангийн тухай хууль, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох өөрчлөлт бүхий Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтүүд багтана.
Үүнээс гадна ач холбогдлын хувьд дээгүүрт тооцогдох хуулийг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар нэрлэж болно. Учир нь эл хуулийн үр дүнд өнгөрсөн хугацаанд олон нийтийн хараанд орсон Хөгжлийн банк, нүүрс зэрэг олон хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг бид чихээр сонсож чадсан явдал билээ.
Мөн олон нийтийн дунд төдийгүй улстөрчдийн хувьд том эрх ашиг яригдсан хууль бол англи хэлийг үндсэн гадаад хэл болгох, гуравдугаар ангиас нь зааж эхлэх өөрчлөлтийг багтаасан Боловсролын багц хууль байсан юм. Хэдийгээр томоохон “лобби”-той тулгарч байсан ч эцэслэн батлуулж чадсан талаараа УИХ-ын гишүүн Г.Дамдинням онцолдог.
-Ирц нь “муу” төлөвтэй гишүүдийг Ц.Анандбазар, Сү.Батболд нар тэргүүлэв-
Ирцийн мэдээллээс харвал УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Сү.Батболд нар 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд чуулганы хуралдаанд хамгийн “муу” ирцтэй оролцсон гишүүдээр тодорч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 36 удаа тасалж, 36 удаа хоцорч, 7 удаа чөлөө авч, 4 удаа эмнэлгийн чөлөөтэй байв. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболд энэ 4 жилийн хугацаанд 15 удаа тасалж, 74 удаа хоцорч, 9 удаа чөлөө авч, 25 удаа эмнэлгийн чөлөөтэй байсан байна.
-“Ангийн дарга”-ын ИРЦ-
Харин ангийн даргын ирц ямар байв гэдэгт дүн шинжилгээ хийцгээе. Хамгийн сүүлд буюу УИХ-ын чуулганы анх байгуулагдсан цагаас өнгөрөгч гуравдугаар сар хүртэлх ирцийн мэдээллээс харахад, МАН-ын гишүүдээс хамгийн идэвхтэй чуулганы хуралдаанд суусан нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэрбээр энэ дөрвөн жилийн хугацаанд парламентыг удирдахдаа 4 удаа чөлөө авч байсан байх бөгөөд тасалсан, хоцорсон, эмнэлгийн чөлөө авч байсан бүртгэлгүй байна.
Эх сурвалж: Ubn.mn