“The Diplomat”: Аль ч нам ялсан, Монголын өнөөгийн замналд өөрчлөлт гарахгүй

0

“The Diplomat.com”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна

Сар хүрэхгүй хугацааны дараа монголчууд шинэ парламентын гишүүдийг сонгох гэж байна. Олон сонгогчдын хувьд уул уурхайн баялгийг хуваах, газар авсан авлигыг таслан зогсоох амлалтаа биелүүлэхэд хамгийн тохиромжтой гэж үзэж буй нам, хүнийг сонгох боломж нь энэ сонгууль юм.

 Эрх баригч зүүн төвийн үзэл баримтлалтай Монгол Ардын нам найман жил тасралтгүй засгийн эрх барьсан. Энэ жилийн сонгууль өмнөх санал асуулгаас илүү өргөн цар хүрээтэй болно. Учир нь парламент дахь 76 суудлын тоо 126 болж нэмэгдсэн. Жижиг намуудын хувьд энэ нь суудал авах, нэр хүндээ өсгөх боломж нэмэгдэнэ гэсэн үг. Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газар санал хураалт эхлэхээс өмнө тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар нэр хүндээ өсгөсөн. Түүнчлэн удирдагчид хотын түгжрэлээс залхсан сонгогчдод хандан, хотыг дайран өнгөрөх метро барихаар төлөвлөж байна. Хөдөө орон нутагт долоон сая орчим толгой мал хорогдсон хахир өвөл  болсон тул малчдад бага хүүтэй зээл олгох талаар ч яригдаж байна. Өнгөрсөн сард эрх баригчид ирэх гурван жилд малчдыг дэмжихэд 600 гаруй сая ам.доллар зарцуулна гэж амласан.  Эдгээр төлөвлөгөө нь өөрсдийгөө социал демократ гэж нэрлэсэн МАН-ыг санал асуулгад тэргүүлэхэд нөлөөлсөн  бөгөөд тус нам 2016 оноос хойш тасралтгүй удирдаж буй эрх мэдлээ хадгалахыг оролдож байна.  

Улаанбаатарт төвтэй MEC зөвлөх байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгад оролцогчдын 22 хувь нь МАН-ыг дэмжсэн бол 17 хувь нь Монголын хамгийн том сөрөг хүчин болох АН-ыг дэмжсэн байна. ХҮН нам 10 хувь, Үндэсний эвсэл зургаан хувийн дэмжлэг авсан байна.  Гэвч үр дүн нь урьдчилан тааварлашгүй хэвээр байна.  1990 оноос хойш МАН, АН хоёрын хооронд эрх мэдэл эргэлдэж байсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсад эрх мэдлийн урсгал, тайван замаар өөрчлөгдсөн нь автократ засаглалаараа алдартай бүс нутагт ховор тохиолддог үйл явдал юм. Орос, Хятад улсуудаар хүрээлэгдсэн энэ орны сонгуулийг барууны  орнууд тусгаар тогтнол, ардчиллын үнэт зүйлээ хадгалж чадах  нь уу хэмээн анхааралтай ажиглаж байна. 

 1990-ээд онд МАН үндсэндээ хуучин коммунист намын гишүүдээс бүрддэг байсан бол сүүлийн хэдэн арван жилд баруунд боловсрол эзэмшсэн залуу удирдагчдыг “тэврэн” автократ өнгөрсөн үеээ арилгахыг оролдсон.  Бритиш Колумбын их сургуулийн Монголын шинжээч, профессор Жулиан Диеркес “МАН-ын бодлого шинэчлэгдээгүй ч илүү сайн ажилласан” хэмээжээ. Сөрөг хүчний хамгийн том бүлэг болох АН нэгэн үе баруунд боловсрол эзэмшсэн олон залуус, охидыг эгнээндээ элсүүлж, шинэчлэлийн нам гэгдэж байсан. Намын гишүүн Б.Жаргалан “МАН-ын олон жилийн турш хэрэгжүүлсэн гол стратеги нь АН-ыг уусгаж, АН-ын олон нийтийн дэмжлэгийг сулруулах явдал байсан гэж би хувьдаа дүгнэсэн.  Одоо бидний гол сорилт бол МАН-аас ялгарах явдал юм”  хэмээв.  Колумбын их сургуулийг төгссөн Жаргалан “АН-аас явуулж буй эдийн засгийн бодлого илүү либерал байна гэв. АН үндсэн зарчим руугаа буцаж байна, бид эдийн засагт анхаарлаа хандуулж байна. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил манлайлах ёстой” гэв.

Бруклины холбооны прокурорууд Монголын  экс Ерөнхий сайдын худалдаж авсан Манхэттэн дэх хоёр орон сууцыг хураахаар оролдож байна. Нүүрсний экспорт, боловсролын сан, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой дуулиан шуугиантай холбоотой авлигачдыг үндсээр нь устгалаа гэж МАН мэдэгдсэн.  Эдгээр хэргүүдтэй холбоотойгоор ихэвчлэн “Засгийн газар өөрөө шүгэл үлээж байна” гэж МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал хэлж, авлигатай тууштай тэмцэж байна гэлээ. Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр торны цаана суусан нэр дэвшигч бол Үндэсний эвслийн дарга, сайд асан Нямташирын Номтойбаяр. Санал асуулгаар түүнийг тус улсын хамгийн алдартай улстөрчдийн нэг гэж дүгнэжээ. Өмнө нь ял шийтгүүлсэн нь түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхгүй болгож, Нийслэлийн шүүх түүнийг нэр дэвшүүлэх эрхийг нь хязгаарласан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хүчингүй болгоод байгаа юм.

Монгол Улс “Transparency International” байгууллагын авлигын индексээр 180 орноос 121-д жагссан бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын оноо тогтмол буурчээ. 2022 онд өөрчлөлт хийхийг шаардсан оюутнуудын  жагсаал нь засгийн газрын шинэчлэл, тэр дундаа нүүрсний худалдааг ил тод болгоход түлхэц өгсөн. Гэхдээ аль ч нам ялсан бай, Монголын өнөөгийн замналаас эрс өөрчлөлт гарахгүй гэж Диеркес үзэж байна.  Тэрбээр “Орос, Хятад болон “гуравдагч хөрш” гэгддэг орнуудын (АНУ, Япон зэрэг) ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх  хандлага үргэлжлэх болно. Мөн Улаанбаатар гадаадын хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх нь нэн тэргүүний зорилт хэвээр байх болно.  “Бодлого давтагдах болно. Өнгөрсөн сонгуулийн дараа, эрх мэдэл гартаа шилжсэн ч гэсэн нэг их өөрчлөгдөөгүй. Энэ нь хоёр үндсэн намын хооронд бодлогын том ялгаа байхгүйтэй холбоотой” гэв.

Иргэд  сөрөг хүчиндээ итгэхгүй, АН-ыг бужигнуулсан дотоод хэрүүлээс залхсан учраас МАН-д саналаа өгөх бодолтой байгаагаа илэрхийлж байна.  Гэхдээ МАН-ыг иргэнийхээ төлөө нэг их юм хийнэ гэж бодохгүй байна. Татвар нэмэгдэж, төгрөгийн ханш суларч байгаад санаа зовж байна. Түүнчлэн авлига эцэс төгсгөлгүй үргэлжлэх болно гэдэгт санаа зовж байна.  Сонгуулийн дараа авлига тасрахгүй гэж үзэж байна.

https://thediplomat.com/2024/06/corruption-issues-loom-large-as-mongolia-prepares-to-vote

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *