Д.Мөнхбат: Янгирын сүрэгт 6 жил тэжээл тавьж өгсөн. Тэд 300 гаруй болтлоо өсөж, зарим нь өдөр бүр ишигнүүдтэйгээ ирдэг болсон
Энд л харж хамгаалах айл бий гэдгийг мэдсэн янгир ямаа өглөө ишгээ айлын гадаа орхиод оройн нь ирж авдаг болж, яг л цэцэрлэгт хүүхдээ өгөөд авч буй ээж шиг” уг түүхийг сонсоод бид энэ удаа Богд уулын янгир ямааг хамгаалж, тэжээх болсон нэгэн айлыг зорьсон юм. Тус айлд очиход тооноор нь тэжээл тавьж өгдөг гэх янгир сүрэг хаданд наадаж буйн харагдах бөгөөд гаднах талбай нь ч малчин айл шиг янгирын хэвтэр, өтөг бууц болжээ.
ВИДЕО:
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F337780955826163%2F&show_text=false&width=476&t=0
“Янгирт хужир, тэжээл тавьж өгөхөөр байгаль хамгаалагчид болон мэргэжлийн хүмүүс тийм ч таатай хүлээж авдаггүй. Гэвч хаашаа ч гарах гарцгүй болж, нийслэл хотоор хашигдсан Богд уулын янгир сүргийг ингээд хаячхаж бас болохгүй шүү дээ. Ялангуяа зэрлэг амьтанд хужир гэдэг маш чухал” хэмээн ярих энэ залууг Д.Мөнхбат гэдэг. Энэ айл Богд уулын Нүхтийн аманд суурьшаад өдгөө зургаан жил болж буй. Энэ гэр бүл өнгөрсөн зургаан жил Богд уулын янгир сүрэгт өдөр бүр хужир, тэжээл тавьж өгчээ. Ингэхдээ төр, захиргааны байгууллагаас ямар ч тусламж хүсэлгүй амьтан хайрлах сэтгэлээр их хотод хашигдсан зэрлэг амьтадыг онд оруулж, өсөхөд нь туслахаар эл ажлыг хийдэг болжээ. Анх тэдний тэжээл тавьж байсан 100 гаруй янгир сүрэг өнөөдөр 400 орчим болтлоо өсөн үржсэн байна.
Түүнчлэн олон жил янгир хооллосон Д.Мөнхбат мэргэжлийн хүмүүстэй уулзаж, янгирын өсөн үржих орчин, үржлийн талаар судалж, Богд уулын янгир сүрэг бэлчээр нутгаа тэлээгүйн улмаас үржлээ зогсоож, устах аюулд ороод байгааг олж мэдсэн байна. Иймд өнгөрсөн жилээс янгир сүргийг амьдрах боломжтой өөр бүс рүү шилжүүлэн нутагшуулах ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд Архангай аймгийн үе үеийн төгсөгчидтэй хамтран Булган ууланд янгир нутагшуулах ажлыг ажилттай зохион байгуулсан юм.
Ингэхдээ БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас арван янгир барьж, Булган ууланд шилжүүлэн нутагшуулах ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард хийсэн. Үүний дараа тус оны аравдугаар сард хоёр тооны тэх дахин нутагшуулсан. Тус Янгир сүрэг энэ өвлийн амжилттай давсан бөгөөд сайн идээшиж, таван ишгээр бүл нэмээд байгаа билээ.
Түүнчлэн Булган уул янгиртай болсонтой холбоотойгоор УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы сүүлийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг Дархан цаазат болгож, газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. Эл баярт явдлыг тохиолдуулан өчигдөр /2024.06.09/ Дархан цаазат Булган ууланд дахин 16 янгир нутагшууллаа. Иймд бид Д.Мөнхбаттай Богд уулын янгир сүрэг болон Булган ууланд нутагшуулаад буй янгир сүргийн талаар ярилцсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Айлын гадаа ишгээ үлдээгээд оройн нь авдаг янгир ямааны бичлэг сошиалд тавигдаж, хүмүүс ч маш эергээр хүлээж авсан. Тэгэхээр ярилцлагаа энэ үйлд явдлаас эхлүүлье?
-Энэ жил манай Богдхан уулын янгир ямааны дийлэнх нь төллөж, нэлээдгүй ихэрлэсэн. Тэдгээр янгирууд төлийн хамт өглөө болгон манай гадаа хужир долоохоор ирдэг. Тэгсэн саяхан нэг ишиг сүргээсээ үлдчихсэн байсан. Бусад сүрэг нь бэлчээртэй явчихна. Тэр ишиг л ганцаараа үлдээд гэрийн гадаа майлаад зогсоод байсан. Эхний өдөр нь бид төөрчихсөн юм байна гэж бодоод мод усалдаг системээрээ ус цацаж өгсөн. Тэгсэн эхийнхээ сүүг ууж байх ёстой нөгөө ишиг маань хөөрхөн норсон чулуу долоогоод байсан. Иймд байдлаар услаад нэг өдөр өнгөрсөн. Оройн нь бид санаа зовоод чоно, нохойд бариулчих вий гээд харж байсан чинь нар жаргах үеэр эх нь ганцаараа гүйж ирээд ишгээ аваад явсан. Бид ч “за ашгүй явчихлаа. Эх нь байгаа л юм байна” гээд өнжсөн. Гэтэл маргааш нь дахиад нөгөө ишгээ дагуулж ирээд гадаа үлдээчихсэн. Нөгөөх маань ч устай чулуу долоогоод тогоон дээр ч нэг гараад энэ хавиар дүрсгүйтээд л яваад байсан.
Орой болоход дахиад л нар жаргах үеэр эх янгир нь ирээд дагуулаад явчихсан. Тэгээд би тэр бичлэгийг хийсэн юм. “Энэ одоо цэцэрлэгт хүүхдээ үлдээчхээд явж байгаа юм шиг өглөө хүргэж өгөөд, орой аваад явах юм” гээд. Одоо бол тэр ишиг маань байхгүй ээ. Хоёр өдөр л тэгж ирсэн.
-Танайх энд хэзээ нүүж ирсэн бэ. Хэзээнээс янгир сүрэгт тэжээл тавьж өгөх болов?
-Манайх энд нүүж ирээд 6 жил болж байна. Манайхыг анх ирэхэд янгир тэр дээр байх хадан дээгүүр л явдаг. Доошоо бэл рүүгээ бууж ирдэггүй, хүнтэй ойртдоггүй байсан. Гэхдээ байгалиасаа хужир байхгүй бэлчээрлэх орчин нь хязгаарлагдмал ийм байгальд зэрлэг амьтан ногоонд цадаад ирэхээр гууртаж эхэлдэг. Тиймээс тэр гуурыг нь байхгүй болгохын тулд давс, хужир тавьж өгье гэж бодсон. Давс, хужиртай байвал зэрлэг амьтан таргалдаг, онд сайн ордог. Тэгээд анх давс, хужир тавьсан. Тэгсэн 21 хонгийн дараагаас байгалийн үнэрээрээ юм уу зөнгөөрөө нэг хоёроороо бууж ирж, хужир долоодог болсон. Сүүлдээ өдөр бүр бөөнөөрөө бууж ирж давс хужраа долоогоод дээш гардаг болж, бидний хооронд нэг тийм харилцаа үүсэж эхэлсэн.
-Янгир сүргээ юугаар хооллодог вэ. Зөвхөн давс, хужраараа дагнаж байна уу?
-Эхлээд зөвхөн давс, хужир тавьж өгч байсан боловч сүүлийн гурван жил зудтай, нэлээд хүнд өвөл байсан болохоор өвс боодлоор нь тавьж өгсөн. Гэвч цаг хэчнээн хэцүү байсан ч өвс бол иддэггүй юм байна лээ. Тэгэхээр нь хорголжин тэжээл өгч үзэхээр болоод давсаа хувинтай усанд уусгаж байгаад тэрэндээ хорголжин тэжээлээ зуураад хужиртай хамт хөлдөөх маягаар тавьж өгч үзсэн. Янгирууд маань ч сайн идэж байсан. Тэр цагаас хойш хорголжин тэжээл, хужир хамтад нь тавьж өгч, янгир сүрэг ч өдөр бүр бууж ирж идсээр байгаад нэг мэдэхэд манай гэр бүл болон янгируудын хооронд нэг тийм харилцаа үүссэн.
-Өдөр бүр тэжээл өгдөг гэсэн шүү дээ. Хэдий хэмжээгээр өгч байна.
-Өвөлдөө бол өглөө бүр 50 кг шуудайтай хорголжин тэжээл гаргаж тавьдаг. Тэрийг бол өдөрт нь л идчихдэг. Харин дулаан орохоор зөвхөн давс, хужир тавьдаг. Моносын тэр хавиар байдаг тэжээл зардаг хүмүүс янгирын тэжээл авдаг гээд намайг бүр анддаггүй
-Янгирын тэжээлээ хэн нь тавьж өгдөг вэ?
-Манай хүүхдүүд өглөө хичээлдээ явахдаа тэжээлийн тавьж өгдөг. Амжихгүй гарчихвал би гаргаад тавьчихдаг. Энэ мэтчилэн гэр бүлээрээ л энэ хэдэн амьтадыг харж ханддаг даа.
-Сонирхож асуухад, янгир сүрэгтээ нэр өгдөг болов уу?
-Янгир хэдийгээр адилхан зүстэй ч гэсэн эврээсээ болоод зарим нь жаахан өөр төрхтэй. Тэгээд бид гэртээ тэдний сүрэг ирж байна, тэрний сүрэг ирлээ гээд нэрлэж, ярилцдаг болчихсон. Заримд нь бүр хүний нэр ч өгчихсөн байгаа. Гарч хараад “өө тэр ирчхэж, энэ ирчхэж” гэж ярьдаг. Бүгдийн биш юм аа гэхэд тодорхой нэг баримжаалаад таниад байдаг болсон. Монгол хүн малаа зүсэлдэг шиг л гэртэй тэр, энэ гэж ярилцаад суудаг болсон.
-Зэрлэг амьтан учир хамаагүй ойртож болдоггүй байх. Хэр зайнаас харилцаж байна.
Гэвч бид энэ амьтадад хүрч болохгүй шүү дээ. Хэт ойртвол зэрлэг амьтны шинжээ алдчихна. Гэхдээ нэг тодорхой зайд буюу 20, 30 метрийн зайд бол ойртоод өвс тэжээл тавихад үргэдэггүй. Гол нь энд амар тайван байж болоод байна гэж мэдэрсэн учир энэ амьтад зөнгөөрөө ирдэг байх гэж хардаг. Бид ямар нэг байдлаар үргээхгүй, айлгаж цочоохгүй, буруу зөрүү үйлдэл хийхгүй байгаа болохоор л өглөө болгон бууж ирдэг.
-Бууж ирдэг янгир сүргийг тоолж үзсэн үү?
-Миний өөрийн багцаагаар 330 гаруй янгир тоологдож байгаа. Энэ нь төлтэйгөө нийлээд 400 гарч байна гэж харж байгаа. Гэхдээ Богдхан уулын захиргаа болон мэргэжлийн байгууллагууд эцсийн нарийн тооллого хийх байх.
-Танай гадаа хэдэн янгир ирдэг вэ. Олноороо хамт ирэх тохиолдол байдаг уу?
-Байлгүй яах вэ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн Пүрэв гарагт 150-аад янгир багтсан маш том сүргүүд нэг дор бууж ирсэн. Хоёр жилийн өмнө бас Богдхан уулын бүх том харлаг тэхүүд манай гадаа байх энгэрт ирээд нарлаад унтаж байхад араас нь ишгээ дагуулсан эм янгирууд орж ирээд хужир дээр өнжих жишээний ийм байдлаар ер нь нэлээд олноороо ирдэг болсон. Бид харж хандаад байна гэдгийг мэдээд ирж хэвтээд байх шиг байдаг. Бид ганц тэжээл тавихаас гадна нохой устгалыг ч Богдын захиргаатай ярьж байнга зохион байгуулдаг. Энэ янгируудын тоо толгойг аль болох хорогдолгүй авч үлдэхийг бодож харж ханддаг даа.
-Янгирт тэжээл тавьж өгч буй үйлдлийг нь бусад хүмүүс хэрхэн хэрхэн хүлээж авдаг вэ?
-Янз бүрээр л хэлүүлдэг дээ. Нэгийг нь иш татаад яривал, Богдхан уул руу Өлзийт хорооллын адуу мал маш их орж ирдэг. Тэгээд яг давс, хужир юм уу өвс тэжээл тавиад өгөхөөр адуугаа зориудаар оруулж ирээд шөнө нь идчихдэг. Тэр нь маш хэцүү санагддаг байсан. Нөгөө зэрлэг амьтнаа тэжээмээр байдаг. Гэтэл айлын адуу хооллож байгаа үйл явц болчхоод байсан. Тэгээд адууны эзэнтэй ам зөрсөн л дөө. Тэгэхэд тэр хүн надад “чи наад хэдэн янгираа алж идэх гэж байгаа биш юунд нь тэжээгээд байдаг юм. Бараг миний хэдэн адууг идсэн нь зол биш үү” гэж байсан.
-Мэргэжлийн хүмүүсийн зүгээс юу гэж зөвлөдөг вэ?
-Нэг талдаа байгалийн зэрлэг амьтанд өвс, тэжээл тавьж биотехникийн арга хэрэглэх нь зөв. Гэхдээ нөгөө талдаа мэргэжлийн хүмүүс энэ нь зэрлэг амьтныг хүнтэй хэт их ойртуулж байна гэдэг асуудлыг ярьж, шүүмжлэлтэй ханддаг. Гэтэл Богдхан уул маань өөрөө Улаанбаатар хотоор бүслэгдчихсэн. Энэ зэрлэг амьтад хаашаа ч гарах гарцгүй болчихсон хашигдмал орчинд байгаа. Тоо толгойн өсөөд бэлчээрээ тэлэх гэсэн ч хаашаа ч гарч чаддаггүй. Тэгэхээр энэ амьтадад ямар нэгэн зохицуулалтаар биотехникийн арга хэмжээ авч, анхаарахаас өөр арга байхгүй шүү дээ.
-Богдхан уулнаас Архангай аймгийн Булган ууланд янгир нутагшуулах ажлыг төгсөгчидтэйгөө хамтран зохион байгуулсан байсан. Энэ нь Богд уулын янгир бэлчээргүй болж байгаатай холбоотой юу?
-Зэрлэг амьтдыг судалж мэргэжлийн хүмүүстэй уулзаж үзэхэд зэрлэг амьтад тоо толгой нь хэт их өсөхөөр ихэнх нь хөгшрөөд үржилд орохоо больж, бага залуу амьтад нь цөөрч өөрсдийгөө устгаж эхэлдэг гэдгийг олж мэдсэн. Энэ нь өөрөө байгалийн нэг төрлийн зохилдлогоо юм байна лээ. Тиймээс энэхүү үйл явцад бид ямар нэгэн байдлаар зохицуулалт хийх хэрэгтэй. Энэ ч үүднээс байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэд Богдхан уулнаас эхний янгируудыг гаргах санал тавьсан. Энэ ажлыг сайд их сайн дэмжсэн. Иймд Архангайн үе үеийн төгсөгчид нийлж Богдхан уулнаас анхны 13 янгирыг өнгөрсөн оны зургаадугаар сард Архангай аймгийн Булган ууланд тавьсан. Одоо тэр 13 янгир төллөөд 18 болж өссөн. Хамгийн сайхан зүйл нь тэнд очсон янгирууд энд байгаа янгируудаас хамаагүй өнгө зүс сайтай онд орсон байна лээ. Тиймээс Богдхан ууланд байгаа янгирууд ер нь л өвс тэжээлийн хомсдолд орсон байна гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн бид Булган ууланд дахин 20 янгир нутагшуулахаар бэлдэж байгаа. Эндээс маргааш аваад явна.
Бас нэг сайхан зүйл дуулгахад, өнгөрсөн оны наймдугаар сард Манзуширын хийдийн ойролцоо байгаль орчны яамныхан ажлаар явж байхтай таарсан юм. Тэр үед сайд өөрөө одоо Булган уул нэгэнт янгиртай болсон учраас Дархан цаазат уул болгох асуудлыг оруулж ирэх нь зөв байх гэсэн асуудлыг ярьж байсан. Тухайн үед холбогдох албан байгууллагын ажилтнууд хамт явж байсан учраас Булган уулыг Дархан цаазат уул болгох асуудлыг боловсруулж, Засгийн газарт өргөн барихыг даалгасан. Үүний дагуу өнөөдөр буюу яг есөн сарын дараа УИХ-ын отгон чуулганаар Булган уулыг Монгол Улсын 16 дахь Дархан цаазат газар болгон баталсан. Энэ бол манай Архангайнхны хувьд үнэхээр сайхан баяртай үйл явдал болж байгаа. Учир нь Булган уул Архангайн анхны дархан цаазат газар болж байгаа юм. Ингэснээр гарах үр дагавар, хамгаалалт зэрэг нь их өөр болно. Мөн Булган уулыг тойрсон 1840 га газар хамтдаа дархлагдаж байгаа юм. Тэгэхээр тэр орчны эко системийг хамгаалж, янгир сүрэг өсөхөд томоохон хувь нэмэр оруулна гэсэн үг.
Мөн бид Булган ууланд нутагшуулсан янгир сүргийн манлай Харлаг тэхэд “Сүлд” гэх нэрийг өгсөн. Сая хавар гарсан Сүлдийнхээ анхны төлд “Дархан” гэдэг нэр хайрласан.
-Янгир нутагшуулах болон янгирт биотехникийн арга хэмжээ авах ажилд холбогдох байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг үү. Баггүй зардал шаардагдах ажил шүү дээ.
-Санхүүжилт мөнгөн дэмжлэг бол байдаггүй. Ер нь янгир нутагшуулах үйл ажиллагаа тэднийг асран хамгаалах ажилд төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнийг янгир нутагшуулах үйл ажиллагааг зохион байгуулж байхдаа илүү их мэдэрлээ. Яагаад гэвэл энэ чиглэлийн судлаач, мэргэжлийн залууст монгол талаас ямар ч санхүүжилт байдаггүй. Дандаа гаднын санхүүжилтэй. Тиймээс ганц нэг хүзүүвч зүүх, зэрлэг амьтдыг байгальд тавих ажилд гаднын судлаачид л ирж ажилладаг. Энэ ажилд монгол судлаачид туслах үүргээр оролцдог. Энэ нь зөвхөн санхүүжилттэй л холбоотой. Дээрээс нь зэрлэг амьтдыг хамгаалж авч үлдэх нь байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой болоод байгаа учир тэднийг хамгаалах, сэргээн нутагшуулахад улсын төсөвт тодорхой мөнгө байршуулж байх хэрэгтэй. Ялангуяа янгир нутагшуулж буй энэ үйл явц цэвэр олон нийтийн бөгөөд хувь хүний өөрөөс гаргаж буй хандив санхүүжилтээр хийгдэж буй ажил. Цаашдаа улс орон маань энэ талын судлаачдаа дэмжиж, зэрлэг амьтаддаа тодорхой төсөв тавьдаг болох байх гэж найдаж байна.
Эх сурвалж: isee.mn