“Зальжин” Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтад эцэслэн багтжээ
“Шарк” тодотголтой Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтад багтсан. Гэвч гурав хоногийн өмнө “Эрх баригч намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна” хэмээн нүүр хуудастаа бичив. Улмаар түүнийг кандидат болохоос татгалзав уу гэж олон нийт ойлгосон бас дэмжсэн.
Өнөөдрийн байдлаар түүний эл постод 3.3 мянган хүн хариу үйлдэл (Reaction) үзүүлжээ.
Харин өнөөдөр 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаат хугацаа албан ёсоор эхэлж байна. Үүнтэй зэрэгцэн, СЕХ-ноос нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэлээ. Үүгээр Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтын есдүгээрт бичээстэй хэвээр байна.
Угаас ч нэр дэвшигчдээ тодруулах МАН-ын Бага хурал бараг сарын өмнө болсон. Түүнээс өмнө жагсаалтад хэн багтах талаарх яриа хэлэлцээ удаан хугацаанд өрнөсөн. Д.Энхтүвшинг ор мэдээгүй, эсвэл зөвшөөрөөгүй байхад нь хүчээр жагсаалтад биччихнэ гэж баймгүй. Товчхондоо, тэр мэдэж л байсан. Харин нэгэнт нэрс СЕХ-нд очиж, нэр дэвших гарцаагүй болсон хойно “Ёс зүйгүй санагдаж байна” хэмээн бөөрөнхий байр суурь илэрхийлсэн нь ердөө хоёр нүүр гэлтэй.
Өөрөө нэр дэвших хүсэлтэй, сонирхолтой, саналыг нэгэнт хүлээн авсан, нэр нь бичигдсэн хойно олон нийтэд таалагдахыг оролдсон гэж хармаар.
МАН-ыг олонх сонговол ийм нэг зальжин УИХ-ын гишүүнтэй болох нь.