Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн сонгууль Монгол Улсын хөгжлийг хурдасгах түүхэн сонгууль байх болно
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 6 дугар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Чингис хотод хийж, сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.
УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог буюу зүүн бүсэд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон У.Отгонбаяр, П.Анужин, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат нар нэр дэвшиж байгаа юм.
Монгол Ардын Нам дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлого, “Шинэ хоршоо” зэрэг томоохон хөтөлбөрүүдээ ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, үр дүнд хүргэх, иргэн бүрд баялгийн өгөөжийг хүртээж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, улмаар өрх бүрд хүргэх, хувийн хэвшлээ хөрөнгө оруулалтаар дэмжиж, шударга иргэдийн оролцоонд тулгуурласан цахим засаглалыг бэхжүүлж, шинжлэх ухаан дэвшилтэт технолгид суурилсан бүтээмжийг бий болгох, иргэндээ ээлтэй, алс хэтийг харсан хөгжлийг бий болгох цогц бодлого хэрэгжүүлэх гэж буйгаа Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулаа. Тэрбээр “Монгол Улсын хөгжлийг боомилсон зүйл бол авлига. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгууль Монгол Улсын ирэх дөрвөн жилийн хөгжлийг хурдасгах, системийн авлигын эсрэг эхлүүлсэн тэмцлийг үргэлжлүүлэх түүхэн сонгууль болно. Энэ тэмцлийг үр дүнд хүргэхийн тулд энэ сонгуульд Монгол Ардын Нам заавал ялах ёстой” гэлээ.
УИХ-ын хаврын чуулганаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн баталж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг нэг бүсэд багтаан түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зарласан. Тэгвэл Монгол Ардын Нам энэхүү бодлогыг үргэлжлүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал, зүүн бүсийг түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт тээвэр, логистик, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Түүхэн аялал жуулчлал бол гадаадын жуулчдыг татах, эдийн засгаа тэлэх боломж учраас зүүн бүсэд энэхүү концепцыг амжилттай хэрэгжүүлж чадах хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэдгийг Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон юм.
Монгол Ардын Нам засгийн эрхийг барьж байхдаа 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн биелүүлж, сумдыг холбосон автозам, дэд бүтэц, театр, сургууль, цэцэрлэгийн барилга, чуулга, музей зэрэг томоохон олон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхээс гадна 30 жилийн хугацаанд нийгэмд бугшсан олон асуудалд шүгэл үлээж, манлайлан ажилласан тул энэхүү үйл хэргийг нь үргэлжлүүлэн хийлгэхийн тулд Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ хан хэнтийчүүд илэрхийлж, амжилт хүслээ.