Намууд мөрийн хөтөлбөртөө хиймэл оюунтай холбоотой ямар амлалтууд тусгав?

0

Улс төрийн намууд инновац, тэр дундаа их өгөгдөл, хиймэл оюуны потенциалыг дутуу үнэлээгүй нь мөрийн хөтөлбөрөөс нь харагдаж байна

Хиймэл оюун аж үйлдвэрийн шинэ хувьсгалын замыг засаж, энэ чиглэлийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртэгсэд нь эхнээсээ их наядаар хэмжигдэх үнэлгээтэй компани болцгоож байна. Яваандаа эдийн засгийн бүх салбарт хиймэл оюун ашиглагддаг болох энэ их шилжилтийн дунд далайд гарцгүй Монгол Улс логистикийн саадыг давж, эдийн засгаа төрөлжүүлэх боломж оршиж байж ч мэдэхээр байна. 

Зургаадугаар сарын 10-ны өдрөөс буюу энэ даваа гарагаас сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлээд буй улс төрийн намууд инновац, тэр дундаа их өгөгдөл, хиймэл оюуны потенциалыг дутуу үнэлээгүй нь тэдний мөрийн хөтөлбөрөөс харагдаж байна. Ингээд зарим нам, эвсэл хиймэл оюуны чиглэлийн ямар амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө багтаасныг харвал…

Монгол Ардын нам

Эрх баригч намын хувьд хиймэл оюун, их өгөгдөлд суурилан Төрийн бүтээмж, Төр, бизнесийн харилцааг сайжруулахад голлон төвлөрчээ. Тухайлбал: Төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хүний оролцоогүй, хиймэл оюуны тусламжтайгаар хүсэлт шийдвэрлэх чадавх бүхий “ухаалаг E-Mongolia” системийг хөгжүүлэхээс гадна хиймэл оюун, тТөрийн их өгөгдлийн шинжилгээ хийх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.

Мөн аливаа контентын жинхэнэ эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсэхийг тодорхойлох, байгууллагын болон иргэний нэр хүндэд халдах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх систем бүрдүүлэх аж.

Бодит байдал

“McKinsey & Co”-ийн судлаачдын төсөөллөөр хиймэл оюун жил бүр дэлхийн эдийн засагт 4.4 их наяд ам.долларын үр ашиг шингээхээр байгаа аж. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргадаг Хөдөлмөрийн бүтээмжийн индексэд монголчуудын ажилласан нэг цагт ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 13.67 ам.доллар буюу манай улс Намиби, Венесуэл, БНХАУ, Молдав, Палестин зэрэг улстай мөр зэрэгцэж, жагсаалтын дунд хэсэгт бичигдэж байна.

Ардчилсан нам

Харин Ардчилсан нам хиймэл оюуны боломжит хэрэглээг эдийн засгийн салбаруудад илүү нарийвчлан тусгаж, “use case”-үүдийг багтаасан байна. Тухайлбал: багшийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, гэрийн даалгавар болон үнэлгээг бүрэн автоматжуулах, хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих платформуудыг нэвтрүүлэх зэрэг амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулжээ.

Үүнээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг сайжруулах хиймэл оюун ухаанд суурилсан платформ нэвтрүүлэхээр тусгасан байна.

“Facebook” 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар гурван сая монгол хэрэглэгчтэй гэсэн тоо гарсан. Тэгэхээр Монголын гурван сая хүний дата АНУ-ын “Meta” компанид байна гэсэн үг. Тэр гурван сая хүн юу сонирхдог, ямар боловсролтой, ямар ямар ресторанаар үйлчлүүлдэг гэхчлэн бүх мэдээлэл байгаа. Хэнд дата байна, тэр хүн эрхшээх, удирдах боломжтой гэдэг.

Хуурамч мэдээллийн хувьд, хиймэл оюун ашиглаад, том сервер ашиглаад маш олон контентыг нэг доор үүсгэж байгаа. Үүнийг мэдэх боломжтой. Мэдэхийн тулд эргүүлээд хиймэл оюун ашиглана. Жишээ нь программчлалын мэдлэггүй хүн ч ашиглах боломжтой үнэгүй, онлайн үйлчилгээнүүд бий болсон. Мөн олон нийтэд нээлттэй кодууд байгаа. Хүссэн нь тэдгээрийг аваад, монгол аппликейшн хүртэл хийх боломжтой болсон.

ХҮН нам

Цахим үндэстэн болж, тэргүүлэх технологиудыг нэвтрүүлэх бааз суурийг бүтээхээ ХҮН нам амлажээ.

  • Мэдээлэл технологи, судалгаа, инновацын үйл ажиллагаа эрхлэх татваргүй чөлөөт бүсийг бий болгоно.
  • Хиймэл оюун, блокчейн зэрэг шинэлэг технологиудыг эзэмших ур чадварыг хүүхэд залууст олгох хичээлийг мэргэжлийн их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тусгаж, багшлах боловсон хүчийг бэлтгэнэ.

Үндэсний эвсэл

Эцэст нь Монголын ногоон нам, МҮАН-ын хамтарсан Үндэсний эвсэл “Монгол оюун” нэртэй мэдээллийн технологийн экосистем байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

  • “Монгол оюун” төвийг байгуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, инновац болон арилжааны үйл ажиллагааг дэмжих Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгоно.
  • Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, логистик, төв суурин газрын менежментийн зэрэг салбарт робот техник, автоматжуулалтыг нэвтрүүлэхэд шаардлагатай экосистем болох “Робот техник, автоматжуулалтын хөгжлийн үндэсний төв”-ийг байгуулна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *