Монгол мал аж ахуйн орон болчихоогүй баймаар юм
Сонгууль ойртоод юм, юм л болж байна. Тэр дундаа улс орон даяар “Шинэ хоршоо” гээчийг л толгойтой болгон ярьдаг болов. Нэг ёсондоо МАН зуд далимдуулаад сонгуулийн сурталчилгаагаа аль эрт эхэлж, төгсгөл дээр нь гаргаж тавьсан зүйл нь энэ хоршоо л доо. Гэхдээ яг ч өөрсдийнх нь бодож олоод, хэдэн малчдынхаа амьдралыг өөд татчихъя гээгүй бололтой. Яахав, эрх барьж байгаа намын хүчийг харуулж, олон тэрбум, их наядаар яригдах зээл олгоод эхэлсэн л болохоос биш Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Одсэр аль хэдэн жилийн өмнөөс л ярьж байсан “Чинээлэг малчин” төслийг хуулчихсан мэт л харагдаад байгаа юм. Малчдад их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгочихвол ирээдүйд бүгдээрээ ямар ч цас зуд, ган гачгийг ажралгүйгээр мал сүргээ түм бумаар өсгөж цэнгэлийн манлайд хүрэх юм гэнэ. Гэтэл залхуу, арчаа муутай нь л дийлэнхдээ хотоо харлуулдаг гэдгийг он цаг хангалттай харуулсан биз дээ. Харин хадлан тэжээлийг гараараа зулгаахаас бусдаар бэлдэж, өвөлжөө саравчаа сайтар зэхсэн нь бараг л өнчин ишигний гарлагагүй даваад гардаг. Угаас цас зуд гээч чинь хэдэн мянганы өмнө учирч л байсан. Цаашдаа ч мянган жилээр тохиолдох л зүйл. “Нэр нэгтийн чих нэг” гэгчээр малчид гээд бичихээр мал дагасан бүхэн өөрсдийг нь мууллаа, доромжиллоо гээд сортосхийж магадгүй. Гэхдээ тийм биш гэдгийг сортоотой, ухаантай хэсэг нь ойлгоно. Мал маллана гэдэг ерөөс ажлаас залхуурсан хойрго нэгэн араас нь дагаад сажилж байхад л болчихдог зүйл биш шүү дээ. Дээрээс нь төр засгаас ингэж малла гээд заагаад өгчихдөг зүйл бүр биш. Малч ухаан гэж нэг зүйл байна. Тийм ч болохоор “Малаа яаж маллахаа Марксизмаар заалгахгүй” хэмээх үг гарсан биз.
Манай сонины Ерөнхий эрхлэгч эртхэндээ “Мал дагавал мал болдог” хэмээн хатуухан бичсэн байдаг. Үнэхээр ч манай улсад мал нь бараг шашин болчихсон гэхэд болно. Үндсэн хуульдаа хүртэл “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заачихсан. Үүнээс үзвэл манайх мал аж ахуйн орон гэмээр. Гэвч тийм биш. Олон малтай болсныгоо мал аж ахуйн орон гэж хэлдэггүй байх. Хэрэв үнэхээр ийм орон мөн юм бол өнөөдөр яагаад бидэнд малын түүхий эд боловсруулах нэг ширхэг ч үйлдвэр байхгүй байгаа билээ. Сонгууль бүрээр амладаг ч барьж байгуулсан нь алга. Тийм болохоор малын түүхий эдүүд нь сохор зоосны ч үнэгүй учраас өнөөдөр жалга, судаг бүрээр өмхийрөөд хэвтэж байна. Халдварт болон гоц халдварт өвчнөө бүрэн эмчилж чаддаггүй, энэ талын мэдээллүүд нь ил тод байдаггүй учраас манайхаас мах авдаг орон ч тэр бүр байхгүй. Иран улс руу хонины мах гаргалаа гээд нэг хэсэг шуугьсан. Харамсалтай нь бид биш, тэд өөрсдөө зохих ёсоор нь нядалж, боловсруулж байж гаргасан байдаг. Гэтэл салбар яам, Засгийн газар нь эрийн сайндаа хэдэн хонь гаргачихсан аятай л аашилсан. Мал аж ахуйн орон болохын тулд мал нь эрүүл, мах нь стандартын дагуу боловсруулагдсан, түүхий эдүүд нь үнэтэй байх ёстой. Тэр ч бүү хэл түүхий эдээ дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг болж байж ярихаас биш одоогийнх шигээ байвал 70 бүү хэл 700 сая малтай байгаад ч мал аж ахуйн орон болох боломжгүй. Зарим мэргэжилтнүүдийн хатуухан хэлж буйгаар мал бидний хөгжлийг хойш татаж байна гэнэ. Учир нь таван малтай л бол өлсөж, цангахын зовлон үзэхгүй. Өлсөхгүй болохоор хөгжил дэвшлийн тухай боддоггүй, шинэ зүйл санаачилдаггүй гэх юм. Магад ч үгүй биз. Үнэхээр ч бид чинь үлгэр домог дээрээ хүртэл адгийн гуйлгачинаа “Таргийн таван ямаатай” хэмээн бичиж ирсэн ард түмэн. Нээрээ ч таван ямаатай хүн чинь яаж ч өлсөх билээ дээ. Өлсөх нь бүү хэл арчаатайхан байвал ганц хоёрхон жилийн дотор өнөөхөө өсгөөд, хавартаа хэдэн саяар тоологдох ноолуурын мөнгө, төр засгаас урамшууллын мөнгө халаасалчихна. Нэг үгээр саятан болно оо гэсэн үг. Ингээд л дутагдах гачигдахын зовлонгүй амар жимэр амьдарч байж үйлдвэр, үйлчилгээ, хамтрал хоршоо гэж явах ямар ч хэрэг байхгүй. Эдгээр нь байхгүй учраас улсын хөгжил ярих боломжгүй.
Магтаж, мандуулах зүйл байхгүй ч социализм монголчуудыг малаас нь бараг салгасан байсан гэдэг юм билээ. Малтай хэсгийн ихэх нь хагас суурин байдлаар маллаж, үйлдэр угсаагаа сайжруулах, өвчин тахалгүй байх тал дээр анхаарч ирсэн байдаг. Гэтэл одоо ардчилсан нийгэмд хэдэн малчдаа банкны зээлээр барьцаалаад таван малтай нь жалга бүрийн аманд хатаах нь. Учир нь хоршоо байгуулж хэчнээн ч тэрбум төгрөгийн зээл авсан түүнийгээ зөв захиран зарцуулах, өсгөн үржүүлж байж өр зээлээ төлнө. Ерөөс эдийн засаг, санхүү нягтлан гэдэг чинь тусгай мэргэжил болохоос бус 10 малчин нийлэхээрээ л болчихдог зүйл биш. Тийм болохоор сонгуулийн шоу дууссаны дараа зээл авсан малчид маань хэдэн малаа банкинд тушаачихаад их хотынхоо гэр хорооллыг тэлж, янданг нь нэмээд “улныхн”-ы тоонд шилжинэ. Үгүй бол өнөөх зээлийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлж, арилжааны банкуудаа угжаад улсын эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тийм ч болохоор “Шинэ хоршоо” гээч нь Монголын хөгжлийг хойш татах гэсэн бодлого биш байгаа гэж бодоход хүрч байна.
Энэ жилийн өвөл, хавар чангахан болсон. Тэр үеэр хөдөө гадаа явж байхад ихэнх малчин эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар ярьцгааж байв. Тиймээс одоо л нэг зөв голдирлоо олох нь гэсэн горьдлого төрж байлаа. Гэтэл эрх баригчид сонгуулийнхаа шоу болгож орхилоо. Аливаа зүйл өөрийн жам ёсоор хөгжиж байж л амжилтад хүрдэг. Түүнээс биш төрөөс бүхнийг зохицуулаад, мөнгөөр далайлгаад тэр бүр бүтэхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гэхэд улсын хэмжээнд 2500 хоршоо шинээр байгуулагдсан гэсэн дүн мэдээ байна. Сум болгонд төрийн албан хаагчид хуваарилагдан ажиллаж, малчин бүрийг гуйж яваа юм чинь арга ч үгүй биз. Ингээд зогсохгүй 157 хоршоонд нийтдээ 16.1 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд арилжааны банкуудад 256 хоршооны зээл судлагдаж байна. Тэгэхээр зээлийн мөнгөн дүн цаашдаа ч өснө. Энэ зээл яваандаа хоёр дахь Хөгжлийн банк, Боловсролын зээлийн болон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болохгүй гэсэн баталгаа байхгүй.