СУРВАЛЖИЛГА: “Буянт Ухаа” Спорт Цогцолборын автомашины зогсоолын зориулалттай талбайд зочид буудал барьж эхэлжээ

0

Буянт-Ухаа спорт цогцолбор анх 2010 онд БНХАУ-ын санхүүжилтээр ашиглалтад орохдоо гадна 1000 гаруй автомашины зогсоолтой байхаар шийдсэн. Гэтэл одоогийн байдлаар урд хэсгийн зогсоолын талбай буюу 350 метр квадрат газарт орон сууц баригдаж байна. Угтаа төрийн өмчит газрыг хувьчилж, газар олгохыг хориглодог. Түүнчлэн албан бус эх сурвалж “МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий этгээдийн хятад компани тус барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд цахилгаан, дулааны зөвшөөрлийн авахдаа спорт цогцолборын захирлуудад байр өгсөн” гэж мэдээлсэн юм. Иймд бид энэ тухай сурвалжлахаар Хуучин нисэхийг зорилоо.

“БУЯНТ-УХАА СПОРТ ЦОГЦОЛБОРООС ЦАХИЛААН, ДУЛААНЫ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН НЬ ҮНЭН”

Биднийг Буянт-Ухаа спорт цогцолборт очиход ширүүн салхитай, бороо орж байв. Спорт цогцолборын урд хэсэгт 100 метр хүрэхгүй ойр зайд тулган барилга барьж байгаа нь харагдана. Тухайн барилгын ажил эхлээд удаагүй бололтой. Доод хөрсийг ухаж, суурийг нь цутгаж амжаагүй байв. Улмаар бид барилгыг ахлан ажиллах инженер М.Балдангомбоос мэдээлэл авахаар уулзлаа. Тэрбээр, “Спортын барилга байгууламж хөгжлийн нэгдсэн төв байгууллага барьж байна. Спортын тамирчдын байрлах буудлын зориулалтаар барьж байна. 13 давхар барилга юм. Буянт-Ухаа спорт цогцолбороос цахилаан, дулааны зөвшөөрөл авсан нь үнэн” гэж учирлалаа.

Түүнчлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборын захирал болон хариуцах ажилтнуудтай утсаар холбогдон уулзаж чадсан юм. Б.Дэлгэрсайхан нь Буянт-Ухаа спорт цогцолборын Ерөнхий менежерээр ажиллаад нэг жил болжээ.

“БАРИЛГЫН АЖИЛ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙГАА ТУЛ ДУЛААН БОЛОН ЦАХИЛГААНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ МАНАЙХААС АВАХ БОЛОМЖГҮЙ”

Тэрбээр, “Энэ барилга хоёр сарын өмнөөс барилгын ажил эхэлсэн. Спорт цогцолбор нийт 4га талбайтай бөгөөд 350 метр квадрат газарт тус барилга баригдаж байна. Энэ хүмүүс танилцуулахдаа арав гаруй жилийн өмнө тус газрын зөвшөөрөл гарсан гэж хэлсэн. Одоо энэ барилгын ажил дөнгөж эхэлж байгаа тул дулаан болон цахилгааны зөвшөөрлийг манайхаас авах боломжгүй. Түр тог гэдэг юм авчихсан байна. Өмнө гурав дөрвөн захирал байсан. Яг аль захирлын үед энэ зөвшөөрөл олгосон эсэхийг мэдэхгүй юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамааралтай эсэхийг мэдэхгүй байна. Буянт-Ухаагийн захирлуудаас дулаан, цахилгааны зөвшөөрөл авах гэж байр өгсөн гэдэг мэдээллийг мэдэхгүй юм” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *