УИХ-д нэр дэвшигчдийн ГОЁЛ
2024 оны УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчид өчигдрөөс /2024.06.10/ үнэмлэхээ гардан авч, албан ёсны сурталчилгаагаа эхлүүлсэн. Зарим нэр дэвшигчийн хувьд өнгө өнгийн торгон дээл, бүрх малгайгаар гоёж, бусдаас ялгарч байлаа. Жишээлбэл, энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Д.Ганбат, О.Алтангэрэл, А.Адъяасүрэн, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Э.Болорчулуун нар нэр дэвшиж, аймгийн иргэдтэй уулзалт хийж буй.
Энэ үеэр нэр дэвшигч А.Адъяасүрэн, С.Ганбаатар нарын шар өнгөтэй торгон дээл олны нүдэнд содон тусч байв. Нэр дэвшигч С.Ганбаатар үг хэлэхдээ “Би өнөөдөр яагаад шар дээлтэй ирсэн бэ гэвэл, монгол хүний хамгийн том хүндэтгэл бол шинэ дээл хийж өмсөх. Тэр дундаа Өндөр гэгээний нутгийг зорин ирэхдээ шар торгон нударгатай дээл хийгээд ирлээ” гэдгийг онцолж байсан юм. Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд ногоон, улаан, шар гээд тод өнгийн дээлээр гоёжээ. Нэр дэвшигч П.Анужин гэхэд улаан өнгийн чамин хийцтэй дээлээр гангарч, ард түмэнтэйгээ сэлфи даруулж явна. Түүнээс дутахааргүй Б.Батцэцэг сайд ногоон өнгийн дээлээр гангарчээ.
Мөн улс төрийн зарим намын нэр дэвшигчид намынхаа лого, өнгөтэй адил ногоон, улбар шар, цэнхэр, улаан дээлээр гоёсон харагдана.
Тодруулбал, Үндэсний эвслийн нэр дэвшигчид ногоон өнгийн костьюм пиджакаар жигдэрсэн бол Шинэ намын нэр дэвшигчид улбар шар зангиа, дээлээр гоёсон байв. Харин ХҮН намынхан ягаан хантаазаар ижилсжээ.
Эх сурвалж: Nnews.mn