Сурвалжлага: Бүх нэр дэвшигч нэг гараанаас сурталчилгаагаа эхэлнэ

0

Нийслэлийн төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хангай хотхоны ойролцоо сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн хоёр самбарыг байршуулжээ. Тус хорооллын зарим оршин суугчийн хэлж буйгаар самбарыг байршуулаад зургаа орчим хонож байгаа аж. Орон сууцны хотхон руу өгсөх гол зам дагуу нэг, орон сууцны хорооллын гадна туслах зам дагуу нэг самбарыг байршуулсан байв. Тус самбарыг харвал төмөр гадаргуутай байх бөгөөд, самбарыг А3-ийн хэмжээтэй 30 хэсэгт хуваан дотор нь 1-10 хүртэл тоог сөөлжлөн бичжээ. Үүнээс харахад нэр дэвшигч бүр өөрсдийн дугаар бүхий талбайд сурталчилгааны хуудсаа наах бололтой.

Самбарын хажуугаар зөрж буй иргэдээс тус самбарын талаар сэтгэгдэлийг нь асуухад, зарим иргэдийн хувьд тодорхой ойлголтгүй байхын зэрэгцээ “Энэ юунд хэрэгтэй юм бэ. Ингэж самбар босгоод их мөнгө зарцуулсанд нь биш төрд гараад ажлаа хийж чадах хүмүүст нь л саналаа өгнө” гэж шулуухан хэлнэ.

Энэ жилээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн самбарыг байршуулсан нь энэ аж. Тодруулбал, тухайн тойрогт хэдэн мандаттай байна, нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл нэгдсэн самбарт байрлах бөгөөд нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох юм.

Сонгогчдын тоонд үндэслэн суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх тооны нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулна. Мажоритар буюу 78 гишүүнийг сонгоход мөн нэгдсэн самбарыг ашиглах ажээ.

“Энд нэр дэвшигчдийн зургийг тавих юм уу, уг нь цэвэрхэн зүгээр юм. Даанч их мөнгө зарцуулж хийсэн байх даа” гэх иргэдийн шүүмжлэл аль хэдийнэ бий болжээ. Өчигдрийн байдлаар тус самбарт нэр дэвшигчдийн сурталчилгааг байршуулаагүй байв.

Өмнөх найман удаагийн сонгуулиар хот, хөдөөгүй нэр дэвшигчдийн самбарт дарагддаг байв. Зарим нь харанхуй шөнөөр нэгнийхээ самбарыг хулгайлж, хуулах явдал ч цөөнгүй гардаг байлаа. Хэн мөнгөтэй олон самбарт нэрээ наадаг асуудал энэ жилээс хумигдаж байгаа бололтой.

СОНГОГЧ НЭГ ДОРООС БҮХ НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ

Нэр дэвшигчдийн нэгдсэн самбарын талаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос тодруулахад, “Нэгдсэн самбарыг байршуулах цэгийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, нийтэд мэдээлнэ. Нэгдсэн самбар байрлуулснаар сонгогч нэг дороос бүх нэр дэвшигчийн мэдээллийг авах боломжтой. Монгол Улсын Их Хурлын 2024 оны нэгдүгээр ээлжийн сонгуулийн сурталчилгаанд 1539 нэгдсэн самбар, 738 зурагт самбар байршуулна” гэв. Энэ жилээс нэр дэвшигчдийн нэгдсэн самбар байршуулах болсон нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлттэй холбоотой гэдгийг СЕХ-ны ажилтан хэлж байлаа. Тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна. Харин намын зүгээс найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулах боломжтой.

Харин арилжааны самбар, дэлгэцийн орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд тусгаж, баталжээ.

Тодруулбал, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байраас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар гаргахгүй юм байна. Сурталчилгааны нэгдсэн самбар байршуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хоригложээ.

НЭГДСЭН САМБАРЫН ТӨСВИЙГ ДҮҮРГҮҮД ӨӨРСДӨӨ ХАРИУЦАНА

Нэгдсэн самбарын төсвийг аймаг, дүүргүүд тус бүр хариуцан зохицуулж байна. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн самбарыг ямар үнээр хийсэн талаар Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Энхболдоос тодрууллаа. Тэрбээр “Нэгдсэн самбарын төсвийг дүүргүүд өөрсдөө хариуцахаар тусгасан. Нэг самбар дунджаар 1.2-1.3 сая төгрөг байна. Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан шинэ хуулийн дагуу бүх нэр дэвшигч нэгдсэн самбартай байна гэж заасан. Үүний дагуу бүх нэр дэвшигчийн сурталчилгааг байршуулах боломжтой нэгдсэн самбарыг байгуулахыг СЕХ-оос бүх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Жишээ нь, Сүхбаатар дүүрэг гэхэд 90 нэр дэвшигчтэй. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа нам, эвслүүд, нэр дэвшигчдийн хуудсыг байршуулаад явна. Үүнийг иргэд маань ч гэсэн зөв ойлгох хэрэгтэй. Бүх нэр дэвшигч нэг гараанаас сурталчилгаагаа эхлэх, иргэд нэр дэвшигчдээ нэг дороос харах боломж бий болж байна. Самбарын хийц, материал “Барилга хөгжлийн төв”-өөр хянагдсан, үүний дагуу төсвийг тогтоож хийсэн” гэв.

Энэ жилийн сонгууль өмнөх жилүүдийнхээс ялгаатай. УИХ-ын 126 гишүүнийг сонгох бөгөөд нэгдүгээрт, УИХ-ын 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор сонгох буюу нэр дэвшигчийг дугуйлах байдлаар, 48 нэр дэвшигчийг нам, эвслийг сонгох байдлаар буюу пропорциональ байдлаар сонгох юм.

Ямартай ч энэ жил Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр дэлхийн жишиг рүү дөхөж байна. Гудамжинд зөрөх хүн бүрт сонгуулийн сурталчилгаа атгуулдаг арга барил хоцрогдож, хаа сайгүй нэр дэвшигчийн зурагт хуудас хог болдог жишиг халагдаж байгаа бололтой. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн самбараас иргэн бүр өөрийн тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн мэдээллийг тэнцвэртэй авах боломж бүрджээ.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *