МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан нэр дэвшигчид Дорнод аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

0

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Сэцэн ханы багийнхан өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд сонгогчидтой уулзав.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Дорнод аймаг дахь сонгуулийн сурталчилгаагаа нээж, иргэд сонгогчдод хандан  үг хэллээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгууль бол монголчууд хуучин 30 жилдээ үлдэх үү, шинэ 30 жилийг эхлүүлэх үү гэдгийг шийдэх чухал сонгууль. Өнгөрсөн хугацаанд Санжаасүрэнгийн Зориг агсны  мөрөөдсөн  ардчилал гажуудсан. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг А.Амар нарын үндэсний дэвшилтэд сэхээтнүүд “Шинэ Эргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан.  МАН-ын эхлүүлсэн энэхүү реформ шиг бид ардчилсан хувьсгалын үзэл санаан дээр эргэн нэгдэх ёстой. Реформ бол нам харгалзахгүй авлигатай тэмцэх эр зориг байх ёстой гээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэнийг дурдав.

Монгол Ардын нам жагсаалтдаа инженер, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, залуу манлайлагчдыг багтаасан. Одоогийн парламентаас 20 гаруй хүнийг л дахин нэр дэвшүүлсэн. Ууган намын даргын хувьд бусдад манлайлал үзүүлэхээр өөрөө тойрогт буюу Сэцэн Хандаа нэр дэвшихээр өөрийн багаа бүрдүүлээд эхлүүлснээ үргэлжлүүлэхээр зорин ирж буйгаа Ерөнхий сайд хэлэв. 

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хуучны Сэцэн хан аймаг эргэн нэгдэж, тус тусдаа биш хамтдаа хөгжлийн бодлогоо тодорхойлж, Түүхэн аялал жуулчлалын бүс болж хөгжих эхлэл тавигдсан. Энэхүү том концепцыг хэрэгжүүлэх, бүлэглэлийг задалж,  системийн авлигачдын эсрэг тэмцэлд ард түмэн ялалт байгуулахын төлөө Монгол Ардын намыг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд чойбалсанчуудад уриаллаа.

УИХ-ын сонгуулийн VI тойрогт МАН-аас Ерөнхий сайд, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байна.

 Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт Өрнө-Дорныг холбох Мянганы замын зүүн хэсэг Сүмбэр боомт-Түмэнцогт чиглэлийн автозамын 418 км-ыг Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгаар дамжуулан барих, Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Дорнод аймагт байгуулах, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжих,  зэрэг ажлууд тусгагдсаныг бодит ажил болгох шийдлийг нэр дэвшигчид ярилаа.

 Чойбалсан хотын залуус  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцөлийг хангасан бүтээн байгуулалтууд хийгдэж байгаад талархалтай байгаа аж. Тэдний төлөөлөл “Залуу Ерөнхий сайдаа багаар нь дэмжинэ” гэлээ. Малчдын хувьд нийгмийн даатгалын 50 хувийн төрөөс даах шийдвэр болон “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үр дүнтэй гэдгийг хэлж байв. Дорнод аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөх ажил үргэлжилж байна.

Дорнод аймаг 85 мянга  орчим хүн амтай,  52 мянга орчим сонгогчтой. Өнгөрсөн дөрвөн жилд Ульхан, Хавиргын боомтуудын авто замын ажлууд, Чойбалсан хотод Дулааны станц, усан бассейн бүхий спорт цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *