МАН ялснаар ард түмэн ялахгүй, АН олонх болсноор алдагдсан гэх найман жилийг засахгүй
Намууд хувьсан хөгжиж, хэрсүүжиж буй сонгогчдынхоо оюун санаанд тоогдоно гэдэг өөрөө улсын чадамжийн асуудал юм. Ард түмнээ хонин сүрэг гэж харвал урд нь явах уу, араас нь гэлдрэх үү, дунд нь орж өөрөө хариулагдах уу гэдгээ улс төрийн нам чадамжаараа бий болгох ёстой.
Гаднын соёлын аливаа үйлчилгээ монголд асар хурдан хоногшиж, амжилттай бизнес болдог. Энэ бол “Соёлгүй юм чинь яах вэ” гэж хэрэглэгчдээ голох биш, “Ийм гоё тав тухыг хэрэглэцгээе” гэж урд нь гарч, санал болговоос араас нь хэрэглэгчид шуурдгийг харуулж буй кейс л юм.
Алс баруун хязгаарын Алтай Таванбогд орчимд хачин сайхан соёлын үйлчилгээ нээгдвэл тэр бизнес лав ашигтай ажиллана. Ийм үйлчилгээг санал болгож, бүтээж өгөхгүй байгаад л манай асуудал оршиж байгаа юм.
Манай улс төрийн намууд яг энэ Алтай Таванбогдод соёлын, хэрэглээний тухтай үйлчилгээ нэвтэрч, аялагчдыг баярлуулахгүй байгаатай нэгэн адил, явж буй зам дээрээ нам гацсаныг сонгуулийн уриа үгнүүд нь харуулав.
МАН дангаар ялвал ард түмэн ялах биш ялагдах эрсдэл
Жишээ нь, Засгийн эрхийг найман жил барьж буй МАН “Ард түмэн ялна” гэсэн түлхүүр үгэнд мөрийн хөтөлбөрийн агуулгаа хураажээ.
Хүн төвт социал демократ чиг баримжааг барьж, зүүний үзэл хэрэгжүүлнэ гэж үзэл санаагаа зарласан нам бол МАН. Капиталист нийгмээ эмчилж байгаа нэрээр томчууд нь таалагдахгүй байгаа ААН-үүдээ намнадаг байдал энэ жилүүдэд газар авсан. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байгаа 1 сая орчим хүн ам нь ААН-үүдийн засаг төрөөс улбаатай дарамтын жинд ямар нэгэн байдлаар өртсөөр ирлээ. Ядаж л ийм нөхцөл байдлыг харахад МАН-тай хамт авсан ард түмэнд ялаад байсан юм алга.
Цаашдаа ч тэр нэг нам засаг төрөө удаан барихад үүсдэг дотоодын айдас ихэссээр байна. Олон улсын индексүүд шил дараалан унаж, МАН ичихдээ л өнгөн дээрээ хүний эрх ярьсан юм. МАН-ын үе солигдох процесс үзэл санааны хувьд харин дэвшил гаргасан уу гэвэл гаргасан. Гэхдээ үе солигдох процессоо тэд улсын дотоод асуудал болготол томруулж, хөлдөө хүн ардаа чирсээр яваа.
Цаашдаа нийгмийн шилжилтийн шинэ үеийг бий болгож чадахгүй л бол МАН-тай яваа ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалдаа хөтлөгдөн унасан Венесуэлийн араас орж ч мэдэх.
Манайд инститүц хоорондын эрх мэдлийн төлөөх дайн далд хэлбэрээс хэзээ мөдгүй дотоодын үймээний хэмжээнд тэсэрч мэдэхүйц байгаа.
Ийм нөхцөлд “Ард түмэн ялна” гэдэг нэгдлийн даргын уриа шиг хэтийдсэн болхи, хуучин, үл сэтгэсэн хэрэглэгдэхүүн болж байна. МАН дангаар ялбал, ялангуяа наймаачин бийлэг эрхмүүд нь олноор гарвал ард түмэн ялах биш харин ч ялагдах юм. Парламентын мэтгэлцээн ирэх дөрвөн жилд эрс өөр түвшинд гарахгүй бол манайх ер нь засаглалын хувьд яг хаашаа явах уу гэдэг нь айдас төрүүлсэн асуудал болчхоод байна.
Алдагдсан найман жилд АН-ынхан өөрсдөө алдаагаар дүүрэн байв
“Алдагдсан найман жилийн алдааг засна” гэж АН-аас түлхүүр үгээ зоожээ. АН эл найман жилээс өмнө засаглахдаа гаднаас баахан бонд босгож ирсэн. Түүнийгээ эдийн засаг руугаа зөв оруулчихсан бол яг болчих байлаа. Гэвчиг тэд өсөхийн өлөнгөөр өвдөцгөөж, дээр дооргүй бондын мөнгөөр гараа угааж, авлигын сүлжээ цэцэглүүлэх суурийг гүн бат тавьсан юм.
АН-ын “алдагдсан” гэж тодорхойлсон найман жилд тэд төр бариагүй. Засгийн эрх бариагүй учраас л тэд гомдсон хүүхдийн сэтгэхүйгээр өөрсдийнхөө талаас “алдагдсан” гэдэг үгийг оруулсан шиг санагдана. Энэ алдагдсан найман жилд АН-аас үзэл санаа ярьсан, нийгмээ өмгөөлсөн, үндсэн үнэт зүйлээ өмгөөлсөн хүмүүс гарч ирээгүй.
Тэд өөр зуураа тасралтгүй тамга тэмдгээ булаацалдаж, монгол орны 21 аймаг, 9 дүүрэг, сум, хороодод үүрийн нэгжтэй, системийн монголын хоёр дахь том нам гэдэг шинж чанараа гээсэн. МАН тэднийг эхэндээ үймүүлж, дотроос нь самарч тоглож байв. Харин дараа нь эвлүүлж, нийлүүлж тавихгүй бол өөрсдийнх нь засаглал нийгмийн тэсрэлт үүсгэхээр байгааг олж харсан юм.
Нэг ёсондоо АН ингэж МАН-ын хүслээр нийлж, салж байдаг баримлын шавран хэв болтлоо уруудсан. Тэдний хувьд харин намын амин шинж чанараа ингэж алдсан нь алдагдсан найман жилийнх нь алдаа байв. АН-ын Рио-Тинто гэх ҮДК-тай үгсэж, Оюутолгой төслөөс авлига авсан нь үндсэндээ тодорхой болсон С.Баярцогтод тэргүүн дэд даргаа өгснөөс харахад л тэд амин чанараасаа асар холдсон гэдэг нь батлагдахаар.
УИХ дээрх сөрөг хүчин нь огт сөрөх хүчин биш байлаа. Б.Пүрэвдорж гишүүн сонгогчдодоо хавирга мөлжүүлэнгээ дуулаад, тайлангаа тавьчихдаг. З.Нарантуяа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын утсан хүүхэлдэй болчихсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Цогтгэрэл нь “Тесо” группийн бизнесээс өөрийг боддоггүй. А.Адъяасүрэн гишүүн нь 100 мянган ам.долларын авлига өгч байгаад баригдсан. Аливаа улс төрийн тоглолт бүр дээр МАН-даа байнга найрагдсан, дуугарах, сөрөх дуугүй хүмүүс л байв.
Тийн атлаа энэ алдагдсан найман жилийг ирээдүйд засна гэж томьёолжээ.
Гишүүдийнх нь төлөвшил, аливааг туулсан байдал, аминч үзэл, эрх оронч санаачилгыг авч үзэхэд л АН алдагдсан найман жилийн алдааг засаж чадахааргүй. Тийм потенциал, хүний нөөц, тэвчээр ийм их үймрэлтийн дараа үүстлээ ч удах юм.