“Хүчингийн гэмт хэрэгт холбогдуулж байгаа нь арчаагүй үйлдэл. Тийм зүйл болоогүй

0

Улсын Их Хурал (УИХ)-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд нийт 22 улс төрийн нам, эвслээс 1,336 нэр дэвшигч, 126 мандатын төлөө өрсөлдөж буй билээ. Гэвч Ардчилсан Нам (АН)-ын зүгээс сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлээд тус намыг харлуулах бодлого эрчимтэй явж байгаа талаар өнөөдөр тус намын сонгуулийн төв штабт мэдээлэл хийлээ.

Энэ талаар “Шударгаар өрсөлдөж – Бодлогоор өрсөлдье” уриалгыг гаргаж АН-ын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ)-ны гишүүн Ц.Баатархүү байр сууриа илэрхийлж, тойрог болгонд нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнд урьж байгаагаа зарласан юм.

Түүний дараа өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр Ховд аймагт сонгуулийн саналын хуудсыг хуурамчаар хэвлэж, иргэд сонгогчдоор бөглүүлсэн асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан аж. Энэ талаар АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг анхааралдаа авч, ажиглахыг уриалав.

Тэрбээр “Эрх баригч нам өнгөрсөн найман жилийн хугацаанд яаж ажилласан тэр зарчмаараа сонгуульд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол нам бус, улсын аюулгүй байдлын тэргүүн гэдэг утгаараа сонгогчдын саналыг худалдаж авч буй энэ увайгүй үйлдлийг таслан зогсоох ёстой” гэж онцолсон юм. 

УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт Монгол Ардын Нам (МАН)-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар оюутан тус бүрд 100,000 төгрөг тараасан талаар холбогдох албан байгууллагад гомдол гаргасан ч хэрэгсэхгүй болгож буй талаар тус намын дэд дарга И.Мөнхжаргал мэдээлэв. 

Сүхбаатар аймгийн АН-ын сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос очсон зургаан охиныг тус намын сонгуулийн штабт ажиллаж байсан хоёр менежер нь хүчирхийлсэн талаар мэдээлэл өчигдөр цахимаар тархсан. Энэ талаар сэтгүүлчид тодруулахад Ч.Өнөрбаяр “Шүүхээр ямар нэг асуудлыг эцэслэн тогтоогоогүй байхад гүтгэнэ гэдэг бол эрээ цээргүй зүйл. Шударгаар өрсөлдье гэж зарлачхаад цахимаар өрсөлдөгч намаа гүтгэдэг, тэр ч бүү хэл хүчингийн гэмт хэрэгт холбогдуулж байгаа нь арчаагүй үйлдэл. Энэ талаар бид холбогдох хүмүүсээс тодруулга авсан. Тийм зүйл болоогүй.

Эрх барьж буй нам ямар их мөнгөтэй юм бэ, энэ мөнгөөрөө өнгөрсөн найман жилд бүтээн байгуулалт хийхгүй яасан юм бэ. Сонгууль болохоор л мөнгө тарааж, баярхаж байна. Үүнийг хариуг ард түмэн сонгуулиар өгнө гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Монголын ард түмэн хэрсүүжсэн. Найман жил хууртагдсан хүмүүс та нарын башир аргыг мэддэг болсон. Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Энэ асуудал дээр гүтгэсэн гээд гомдол гаргаад хуулийн байгууллагаар явна. Харин энэ үед эрх баригчдын гар хөл болоод буй хуулийн байгууллага нь шударгаар ажиллах эсэхийг ажиглаж байна” гэж ярилаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *